Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна

Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө.

Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”-т заасны дагуу Нийслэл хотыг Аялал, жуулчлалын төв хот болгох зорилтыг дэвшүүлсэн.Дээрх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зүгээс соёлын өв болсон барилга байгууламжуудыг тохижуулах, дурсгалт барилгад учирч буй эрсдэлийг бууруулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь Чойжин ламын сүм музейн тохижилтын төсөл юм.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын  Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Монгол Улсын Засгийн газрын 2001 оны тогтоолоор Чойжин ламын сүм музейн 2,1 га газар хамгаалалтын горимд шилжсэн. Одоогийн нөхцөлд Чойжин ламын сүм музей нь баруун, хойд хэсгээр автомашины зогсоол шахсан,  явган хүн болон жуулчид зорчих замгүй. Өнгөрсөн онд БСШУЯ болон Чойжин ламын сүм музейн удирдлагууд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хамгаалалтын бүсэд байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалалтын бүсээс гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, цаашид музейг тохижуулах хүсэлт тавьсны дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж тохижилтын ажлын зураг батлагдсан байгаа. Чойжин ламын сүм музейн тохижилтын дагуу нийт 6000 м/кв талбайн 60 хувьд нь ногоон байгууламж, 20 хувьд нь 40 автомашины зогсоол, үлдсэн 20 хувьд нь явган хүний зам баригдана. Мөн музейн баруун зүүн талд явган хүний зам хийж автомашины замаас тусгаарлана” хэмээн мэдээллээ.

Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “2017 оноос Австралийн иргэний тусламжтайгаар  Чойжин ламын сүм музейн  дурсгалт барилгад эрсдэл учруулж болох нөлөөллийн судалгааг хийж тайлан гаргасан. Хамгийн түрүүнд орчны нөлөөллийн судалгаанаас гарсан зөвлөмжийн дагуу төсөл бичихэд  "MCS" групп нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжиж одоогоор гадна орчны тохижилтын ажлууд хийгдэж эхлээд байна” гэв. Энэ үеэр “Чойжин ламын сүм музейн тохижилтын төслийг соёлын өвийг хамгаалах чиглэлээр төр хувийн хэвшлийн хамтарсан “Өв Эрдэнэ” анхны төсөл хэрэгжиж байна” хэмээн  Монголын урлагийн зөвлөлийн Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх онцолж хэлсэн юм.

Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн “Чойжин ламын сүм музейн  дурсгалт барилгад эрсдэл учруулж болох 9 төрлийн судалгааг хийж зөвлөмжийг гаргасан. Энэ хүрээнд нийслэлийн Хот тохижилтын газарт хандаж зураг төслийг батлуулж, музейн  гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам талбайг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ онд музейн урд хэсгийн тохижилтыг үргэлжлүүлэн хийж байна. Музейн эргэн тойронд хувь хүмүүсийн автомашинаа тавьдаг зогсоол бий. Гэтэл манайх үйлчилгээний байгууллага атал жуулчдын автомашины зогсоолгүй. Үйлчилгээний байгууллага нь дэлхийн жишгээр автомашины зогсоолтой байх ёстой. Мөн явган хүний замгүй, том оврын жуулчдын автобус зогсоход түгжрэл үүсдэг. Жуулчдад ая тухгүй, хүнд байдаг тул маш их хүсэл, санал ирүүлдэг байсан. Одоогийн зогсоол хийж буй газар хууль бус тоосгон байшин 10 гаруй жил байсан. Хотын Захирагч С.Амарсайхан хууль бус газрын асуудлыг цэгцэлж, хөрөнгийг шийдвэрлэж энэхүү байшинг нураалгах үүргийг холбогдох албаныханд өгснөөр бид тохижилтын ажлуудыг эхлүүлээд явж байна. Сүүлийн үед цахим мэдээллийн хэрэгслээр өөр газрын зогсоол болчихлоо гэх мэт худал ташаа мэдээлэл явж байна. Буулгасан хоёр давхар тоосгон байшингийн буурин дээр баригдсан авто машины зогсоол нь албан ёсоор музейн эзэмшлийн болж байгааг хэлье”хэмээлээ.

Чойжин ламын сүм музейд авто зогсоол баригдаж байгаа бөгөөд дараагаар ньь ногоон байгууламж хийгдэж, явган хүний зам баригдах юм байна.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus