Б.Баяраа: Бид энэ бусармаг  үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй
Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Сүүлийн жилүүдэд төмөр замд ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрхийн зөрчил өсөж, төмөр замчдын бүтээсэн баялгийг шударга бус хувиарлалт, албан тушаал, эрх мэдлийн гэмт хэрэг гаарч байгаа талаар гишүүдийн гомдол, санал ихээр гарах болсон байна. Иймээс  МТЗ-чдын ҮЭ холбогдох этгээдүүдэд удаа дараа анхааруулга, сануулга, шаардлага хүргүүлж, хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх, олон нийтэд зөв мэдээлэл түгээх зэргээр нийгмийн зохист  харилцаа, хамтын түншлэлийн боломжит бүхий л арга, хэлбэрүүдийг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Гэвч ажил олгогчдын зүгээс үйл ажиллагааг нь  мушгин гуйвуулах, сөрөг мэдээлэл цацах, хөндлөнгөөс оролцох, эв нэгдлийг сарьнуулах, ҮЭ-ийн сонгуульт ажилтныг хилс хэрэгт холбогдуулах, байцаан шалгуулах, нууцаар бичлэг хийж цацах, тагнан чагнах, дарамт шахалт үзүүлэх, нэр төр гутаах зэргээр зохион байгуулалттайгаар хийж ирсэн гэж МТЗ-чдын ҮЭ мэдээллээ.

МТЗ-чдын ҮЭ-ийн Холбоо нь энэ бусармаг үйлдлийн эсрэг хуулиар олгогдсон эрхийн дагуу ажил хаялт зохион байгуулах аваас, төмөр замын бүтээн байгуулалтууд зогсож, өдөр тутмын ачаа тээврийн тасалдал үүсэж, коронавирустай холбогдуулан авч хэрэгжүүлж буй ажилд ч эрсдэл үүсэх магадлалтай.

Энэ талаар МТЗ-чдын ҮЭ-ийн дарга Б.Баяраас тодруулахад: “Бид энэ талаар тухай бүрт нь  Монгол Улсын Төрийн гурван өндөрлөг, ЗГ, Яамны холбогдох албан тушаалтнуудад болон УБТЗ-ын хувь нийлүүлэгч болох ОХУ-ын холбогдох эрх бүхий албан тушаалтнуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч одоогийн байдлаар нэг ч хариу ирүүлээгүй байна.Тиймээс бид энэ бусармаг  үйл ажиллагаатай хэзээ ч эвлэрэхгүй  бөгөөд нийгэмд ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг бий болгох, хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, ажлын байрны дарамт арилгахын төлөө тууштай тэмцэнэ” гэлээ.
 
Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus