Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хууль зөрчив үү?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаярын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 33 дугаар тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн нэг оронд тоод сонгон шалгаруулалт зарлажээ.

Уг шалгаруулалтад 3-16 жил ажилласан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн долоон шүүгч, орон нутгийн гурван шүүгч нэрээ дэвшүүлж өрсөлдсөн байна. Эдгээр 10 шүүгчийн долоо нь 60-аас дээш оноотойгоор тэнцжээ.

Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс долоон шүүгчийн хамгийн бага оноо авсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэлийн нэрийг Ерөнхийлөгчид мэдүүлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулсан байгаа юм.

А.Сарангэрэлийн хувьд ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан. 2014 онд шүүгч болж, 2015 онд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдсон. Шүүхэд ажиллаад зургаан жил болж байгаа. Анх шүүгч болоход нь УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Р.Бурмаагийн нөмөр нөөлөг ихээхэн байсныг шүүхийнхэн ярьдаг. Учир нь түүний Н.Ариунболд нь УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн зөвлөх, сайд болсных нь дараа ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Хамгийн гол нь Р.Бурмааг шүүгчийн цалин хангамжтай холбоотой асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхад нь А.Сарангэрэл шүүгч болсон байдаг.Энэ нь хэдийгээр амьдралд тохиолдож болох санамсаргүй давхцал байж болох ч дээрх байдлаар харддаг хүн олон байдаг ажээ.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нь А.Сарангэрэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр шалгаруулсныхаа дараа 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр 57 дугаар тушаалаараа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хоёр “сул” орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Үүнийгээ яаралтай горимоор томилох арга хэмжээ авсан байна.

Нэг шүүхийн ижил зиндааны шүүгчийн сонгон шалгаруулалтыг нэгмөр зарлалгүйгээр цувуулж байгаа нь хэний захиалгаар хэнд зориулсан “шалгаруулалт” вэ хэмээн шүүгч нар жиг жуг хийгээд эхэллээ.

Журмаараа шүүгчийн сул орон тоонд нэр дэвшүүлэх ажиллагааг 14 хоногт явуулах ёстой. Гэтэл ердөө хоёр хоногт багтааж, өнгөрсөн долоо хоногт Мэргэшлийн хороо нь шалгалт авч, асуудлыг түргэвчилсэн байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг сонгуулийн бужигнаан дундуур шүүх байгууллагад иймэрхүү явдал гарч байгааг холбогдох газар нь анхаарах хэрэгтэй юм.

Хуулийн дагуу бол түүнийг нь нийт шүүгчдэд хэлж, олон нийтэд тайлбарлаад хууль бус бол таслан зогсоох ёстой.

Үүний зэрэгцээ 2020 оны тавдугаар сарын 25 буюу өчигдрийн 12:00 цагаас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр Шүүхийн ерөнхий зөвлөл 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах учиртай. Гэтэл тавдугаар сарын 25-ны 15:00 цагт хуучин гурван хүнийхээ бүрэлдэхүүнээр хуралдаж, томилгоо хийсэн нь Үндсэн хуулийн зөрчил болчихож байгаа аж.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дамдин

 

Бусдад түгээх
  • gplus