Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дэлхийн 216 орны нутаг дэвсгэрт бүртгэгдэж 5 сая 668 мянган хүн өвчилж, 336 мянган хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 74 мянган хүн шинээр өвчилж, 2000 гаруй хүн нас баржээ. Гэхдээ өвчлөл өмнөх өдрийнхөөс 14 мянгаар буурсан таатай мэдээ байгаа аж. Харин манай хойд хөрш ОХУ-д 24 цагийн дотор 8946 өвчлөл шинээр нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчтэй тархаж байна гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

Харин манай улсад нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 193 хүнд шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-ээс дөрвөн оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжлээ. Нийт 42-43 хоногийн эмчилгээ хийгдээд гарлаа. Одоогоор 104 хүн эмчлэгдэж байна. Эдгээрээс хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн эмчлэгдэж байна. Өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн сэжигтэй гэж үзсэн зургаан хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан” гэлээ.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus