Танилц: Дундговь, Говьсүмбэрт нэр дэвшигчид
УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа ирэх сарын 2-оос албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн сонгуульд Дундговь, Говьсүмбэр аймгуудад намуудаас нэр дэвшигчдийг танилцуулъя.

АН: Дарга дарга асан Л.Одсэр

Жилийн өмнөөс АН-д малчдад “хайртай” нэг хүн гарч ирсэн нь Чинээлэг малчин бойжуулах төв ТББ-ын тэргүүн Л.Одсэр юм. АН-ыг эр барьж байх үед Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн. Тухайн үедээ аймгуудын Засаг дарга нараас бэл бэнчингээрээ тэргүүн эгнээнд бичигдэж дуулианы эзэн болж байв. Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2013-2014 онд Төсвийн тухай хууль, Сангийн сайдын тушаал, Орон нутаг хөгжүүлэх сангийн зааврыг  ноцтойгоор зөрчиж байсан тухай эх сурвалжууд мэдээлдэг.

Тодруулбал, Л.Одсэр нь аймгийн Орон нутаг хөгжүүлэх сангаас тендер зарлалгүйгээр  “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж аймгийн ИТХ-ын даргад “Toyota land 200” автомашиныг 115.6 сая төгрөгөөр, “Оргилмөнх трейд” ХХК-иас 2008 онд үйлдвэрлэсэн “Toyota land 200” автомашиныг 69.7 сая төгрөгөөр худалдан авч аймгийн Цагдаагийн хэлтсийн даргад, мөн 2014 онд  “Таван богд групп” ХХК-тай шууд гэрээ хийж “Toyota land 200” автомашиныг 145 сая төгрөгөөр өөрийн хэрэгцээнд зориулж тус тус худалдан авсан байдаг. Мөн аймгийн Засаг даргын тамгын газрын конторыг засварлахдаа тендер зарлахгүйгээр 97.8 сая төгрөгийг зарцуулсан ба нийт Орон нутгийн хөгжлийн сангаас 428.1 сая төгрөгийг хууль бусаар зарцуулж хууль зөрчсөн учир нь түүнийг шалгуулахаар нутгийн иргэд АТГ-д хандаж байсан юм. Энэ бол дөрвөн жилийн өмнөх үйл явц. Харин одоо тэрбээр С.Эрдэнэ даргадаа 100 сая төгрөг атгуулан нэр дэвших эрхээ олж аваад байна.  

 
АН: Дөрвөн жил таслалтаараа тэргүүлсэн Б.Наранхүү


Сонгогдсон тойрогтоо гурил будаахан тарааснаас өөрөөр нэр нь дурсагддаггүй нэгэн бол УИХ-ын гишүүн Б.Наранхүү. Өнгөрсөн дөрвөн жилийн турш тоотой хэдэн удаа байнгын хороо чуулганы хуралдаандаа суусан нэгэн.

Үүнээс үүдэн сонгогчид нь Б. Наранхүү гишүүний утас руу “Бид таныг сонгосон, биднийг төлөөлж байгаа бол хуралдаа суу, асуудлыг шийд” гэсэн шаардлага тавьж, мессэж бичихэд урдаас нь “гөлөг” хэмээн бичиж хэгжүүрхсэн нэгэн. Ард түмнийг ийн дорд үзэж, өөрийгөө тэнгэрийн амьтан мэтээр төсөөлдөг түүнд энэ удаад Дундговь, Говьсүмбэрийнхэн дахин итгэл хүлээлгэх нь юу бол.

МАН: Сүхбаатарт дүүрэгт “гологдсон” Сү.Батболдод Дундговь, Говьсүмбэр оногдов

МАН-ын тойргоо сольсон гишүүдийн нэг нь Сү.Батболд. Өнгөрсөн дөрвөн жилийн турш сонгогдсон тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажилгүй, тойрогтоо нэр муутай гишүүдийн тоонд багтсан түүнд энэ удаад Дундговь, Говьсүмбэр тойрог оногджээ. Гурван удаа дарааллан сонгогдсон тойргоосоо  “хөөгдсөн” түүнийг нэр дэвшсэн тойргийнхон хэрхэн хүлээн авахыг тааварлашгүй. Дөрвөн жилийн турш байнгын хороо, чуулганы хуралдаанд тоотой үзэгдсэн түүнийг улс төрөөс “time out”авах цаг болсон гэдгийг хэлэх хүн олон байгааг нь сануулах нь илүүц биз.

МАН: Г.Мөнхцэцэг дахин нэр дэвшинэ

УИХ-ын 2016 оны сонгуулиар тус тойргоос УИХ-д сонгогдсон нэгэн бол Г.Мөнхцэцэг. Парламентад бол байсан ч байгаагүй ч ялгаагүй. Байнгын хороо чуулганы хуралдаандаа идэвх муутай оролцдог түүнийг намын дарга нь дахин нэр дэвших эрх  олгосонд гайхан хүлээж авах хүн олон байв.

"Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нэр дэвшинэ

Төрийн ордон эргэн тойрны газар тэсрэх бөмбөг тавьсан хэргээр ял эдэлж байсан “Онги гол” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр өршөөлөөр суллагдсан. Тэгвэл тэрбээр энэ удаагийн сонгуульд “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлжээ. Жирийн малчнаас тэмцэгч болсон түүний хувьд агротехникч мэргэжилтэй. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат.  Сумынхаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймгийн ИТХ-д сонгогдон ажиллаж байгаад тэмцэгч болон түүхтэй нэгэн.

 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus