И.Туйл: Сагсан бөмбөг бол миний хамгийн сайн найз
Хүний их эмч мэргэжлээр суралцдаг, Этүгэн Ирвэсүүд багийн довтлогч дэд мастер И.Туйлтай ярилцлаа. Тэрээр мэргэжлээ сонирхолтойгоо хослуулан суралцаж чаддаг чадварлаг бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

-Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу? Намайг Ичинхорлоогийн Туйл гэдэг. Айлын том хүүхэд, гурван дүүтэй. Ховд аймгийн Жаргалант сумын зургадугаар ахлах сургуулийг төгссөн. Одоо Этүгэн Их Сургуулийн Уламжлалт анагаах ухааны гуравдугаар дамжаанд суралцдаг.

-Өөр олон спорт байгаа. Яагаад заавал сагсан бөмбөгийг сонирхох болов?

- Телевизээр дамжуулж маш олон сагсан бөмбөгийн тэмцээн үздэг байлаа. Нэг удаа нутгийн ах болох Хасын хүлэгүүд багийн гишүүн Билгүүнийг үзсэн. Тэр цагаас хойш сагсан бөмбөгт дурлаж, амьдралынхаа нэгэн хэсэг болгосон. Сагсан бөмбөг бол миний хамгийн сайн найз.

-Анх сагсан бөмбөгийг хэддүгээр ангиасаа тоглож эхэлсэн бэ?

-Анх наймдугаар ангиасаа эхлэн сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн. Нийт долоон жил хичээллэж байна. Надад анх бөмбөг яаж залахыг заасан хүн бол Биеийн тамирын багш Б.Уранчимэг гэдэг хүн. Багш минь их шулуун, шударга, шавь нартайгаа үргэлж тулж ажилладаг. Дээрээс нь шаргуу хөдөлмөрч эмэгтэй  юм.

-Сагсан бөмбөгийн спортоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

-Мэдээж эрүүл байна. Хөдөлгөөний дутагдалд орохгүй. Багаар ажиллах чадвартай болно. Мөн IQ болон  EQ сайжирч богино хугацаанд оновчтой шийдвэр гаргаж сурна гэх мэт маш олон давуу талтай.
 
-Сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлснээсээ хойш гаргаж байсан амжилтуудаасаа дурьдаач?

-Арван жилд байхад Сурагчдын лигээс гурван алт, Ховд аймгийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль болон шилдэг тоглогч авч байсан. Харин оюутан болоод 2018 оны оюутны лигээс хүрэл медаль, 2019 оны лигээс алтан медаль, Оюутаны  УАШТ-ээс мөнгө, Эмэгтэйчүүдийн сонирхогчдын лигээс мөнгө, Эмэгтэйчүүдийн УАШТ-ээс мөнгөн медаль зэргийг хүртэж байлаа. Мөн дэд мастер цол оо 2019 онд авч байсан.

-Этүгэн ирвэсүүд багт тоглоод хэдэн жил болов. Энэ хугацаанд хамгийн их  сэтгэлд  үлдсэн тэмцээн юу байв?

-Этүгэн ирвэсүүд багийн тамирчин болоод гурван жил болж байна. Довтлогч, хамгаалагчийн үүрэг гүйцэтгэн тоглодог. Хамгийн их сэтгэлд үлдсэн тэмцээн бол 2019 оны Оюутаны Лиг байсан. Яагаад гэвэл тэр тэмцээнээр манай сургуулийн эрэгтэй, эмэгтэй баг алтан медаль авсан юм.

- Этүгэн ирвэсүүд багт орсноор ямар ямар чадвар эзэмшсэн бэ?

-Оюутан болоод Баярцогт багш дээрээ ирээд илүү их сайжирсан гэж боддог. Дунд ангид байхдаа юу ч бодолгүй тоглодог байсан бол одоо хавь илүү оновчтой шийдвэр гаргаж багаар ажиллах чадвар сайжирсан. Мөн солгой гартай  учраас сайн цацаж тоглож чаддаггүй байлаа. Тэр үед багш маань “Чиний хамгийн том өрсөлдөгч чи өөрөө шүү олон дахин давт тэгж байж л чи амжилтад хүрэх болно” гэж хэлсэн нь надад маш том урам зориг болсон.

-Бэлтгэлээ хэдэн цаг хийдэг вэ?

-Бэлтгэлээ өдөр бүр хийдэг. Заалны бэлтгэлээ 2-6 цагийн хооронд , үргэлжлүүлээд хоёр цаг фитнесс хийдэг. Дараа нь нэг цаг довтолгоо болон хамгаалалтын талаар багаараа сууж ярилцдаг байгаа.

-Тэмцээний дундуур гэмтэж байсан тохиолдол бий юу?

- Байгаа. 2018 оны Оюутны УАШТ-ээр Моналтиус багтай тоглож байгаад гараа хугалж байсан. Тэр үед гараа шохойдуулахаас өөр аргагүй болсон юм. Тэгээд яах ч аргагүй алтын төлөө тоглолттой байсан учир долоо хоноод шохойгоо аваад тоглолтондоо буцаж орж байлаа.

-Ирээдүйд ямар байхыг хичээдэг вэ? Одоогоор өөрт тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүртэл хичээж чадав?

- Миний ээж энэ дэлхийн хамгийн эерэг хүн нь гэж би боддог. Тиймээс аль болох эерэг байхыг хичээдэг. Гэхдээ хүний их эмч мэргэжлээр сурдаг болохоор ч тэр үү аливаа зүйлийн эрсдэлтэй талыг харчихсан сууж байдаг. Би ирээдүйд эзэмшсэн мэргэжлээрээ гаршсан сайн эмч бас мундаг сагсчин болохыг зорьдог. Одоогоор зорилгынхоо 30 хувьд нь хүртэл хичээсэн байна.
 
 
Б.СУВДАА
Бусдад түгээх
  • gplus