Д.Цэнд-Аюуш: Улс төрийн санхүүжилт ил тод байх ёстой

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах ажилтан Д.Цэнд-Аюушийг урьж, ярилцлаа.

-Авлигын асуудал төрд итгэх итгэлийг сулруулж байна

- Иргэд улс төрийн хүрээн дэх авлига гэхээр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор тараадаг будаа, гурил, сав суулга зэрэг эд материал, эсвэл бэлэн мөнгө, хөнгөлөлт урамшуулал зэрэг зүйлсийг нэн тэргүүнд ойлгох хандлага түгээмэл ажиглагддаг.

Гэтэл энэ нь улс төрд эргэлдэж буй мөнгөний эх үүсвэр, зарцуулалт, тэдгээрийн ил тод байдлыг хамарсан өргөн ойлголт.  Улс төрийн нам үйл ажиллагаагаа явуулах, сонгогч, дэмжигчидтэй харилцахад санхүүжилт шаардагдах нь ойлгомжтой.  Гэвч санхүүжилтын үйл ажиллагаанд зохих хяналт, зохицуулалтыг тодорхойлж, ил тод байдлыг хангуулахгүй тохиолдолд авлига, төрийн албаны тогтворгүй байдал, томоохон хандивлагч, санхүүжүүлэгчийн зүгээс төрийн бодлого, шийдвэрт нөлөөлөх, тендер, гэрээт ажил олж авах, элдэв хөнгөлөлт эдлэх зэрэг хууль бус давуу байдал үүсэх эрсдлийг нэмэгдүүлэхээс гадна ардчиллын болон сонгуулийн зарчмуудыг алдагдуулах, олон нийтийн зүгээс төрд итгэх итгэлийг сулруулах тал бий.

Улс орны өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, нийтийн өмч, хөрөнгийг үр дүнтэй төлөвлөх, зарцуулах эрх мэдлийн төлөө өрсөлдөж байгаа этгээдүүдийн үйл ажиллагаа, санхүүжилтад авлигаас ангид байх, ил тод байдлыг хэрхэн хангаж байгаа нь улс орны хөгжил, дэвшилтэй шууд холбогдож байдаг. Ийм учраас нэг нэр дэвшигч, аль нэг нам эвслийн гэхээсээ илүү хор уршиг нь нийт иргэд, улсын хөгжил, дэвшилд үзүүлэх нөлөө их байдаг.

Улс төр, мөнгөний хэт хамаарлыг бууруулах, тэдгээрийг тусгаарлах, улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал, хяналтын эрх зүйн орчинг сайжруулах, авлигаас урьдчилан сэргийлэх асуудалд улс орнууд анхаарал хандуулах нь улам нэмэгдэж байна.

Дэлхийн 180 гаруй улс орнуудад улс төрийн санхүүжилтийн эрх зүйн орчинг бус нутгаар нь харьцуулан судлахад зүүн болон төв, дорнод Европын орнуудад улс төрийн санхүүжилтийн харилцааг илүү нарийвчилсан, хүчтэй зохицуулалт хийдэг бол Ази тивийн улс орнууд уг харилцааг зохицуулж буй хууль тогтоомж хамгийн сул гэж үзсэн байдаг.

Нэн ялангуяа, Азийн улс орнуудад улс төрийн нам нь нийтийн эрх ашигийг нэгтгэн илэрхийлэх, улс төрийн хөтөлбөр боловсруулах, иргэдийг улс төрд татан оролцуулах, нийгмийн бүхий л бүлэг, давхаргын үнэт зүйл, үзэл бодлыг төлөөлөх манайлагчдыг сонгон шалгаруулж нэр дэвшүүлж өрсөлдүүлэх зэрэг үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлдэг. Харин ч эсрэгээрээ нэр дэвшигч, дэмжигчдээ зориулж мөнгө, ажлын байр, элдэв хөнгөлөлт, тендер, зээл гээд хууль бус давуу эрх олгох, зүй бус дэмжлэг нөлөөлөлд автдаг, нөгөө талаас сонгогчдын саналыг бэлэг сэлт, бусад аргаар худалдаж авдаг клиентест тогтолцоо бүрэлдэх хандлага нийтлэг ажиглагдаж байгааг судлаачид тэмдэглэсэн байдаг.

Монголын улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн санхүүжилтийн цаана өндөр түвшний авлигын эсрдэл, их хэмжээний далд санхүүжилт, хяналтгүй эргэлдэж байгаа гэх хандлага, мөн судалгааны олон бүтээлд дурдсан байдаг. Нөгөө талаар улс төрийн санхүүжилтийн үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын эрх зүйн орчин, түүний хэрэгжилт сул байгааг дотоодын болон гадаадын судлаачид дүгнэж, боловсронгуй болгохыг зөвлөсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын авлигын эсрэг эрх зүйн орчинд өнгөрсөн жил (2019) үнэлгээ хийсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-аас манай улсад өгсөн зөвлөмждөө улс төрийн намын санхүүжилтыг бүрэн ил тод болгох, хандив, хандивлагчийн мэдээлэл, мөн намын тайлагнасан зардлыг тусгасан жилийн санхүүгийн тайланг гаргуулжб байх, уг тайланг нэгдсэн стандартад орцуулж, цахимаар олон нийтэд мэдээлдэг болох, тайланд хяналт тавих, үнэлгээ хийх эрх зүйн орчин болон тогтолцоог сайжруулах, энэ хүрээнд төрийн аудит, татварын зэрэг байгууллагуудын уялдааг сайжруулах зэрэг асуудлыг тусгасан байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай

-Улс төрийн намын санхүүжилт, түүний тайланг олон нийтэд ил тод, нээлттэй болгох чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан зохицуулах замаар улс төрийн намын санхүүжилтийн үйл ажиллагаанд хяналт тавих хяналтын тогтолцоог сайжруулах, хуульд байгаа зохицуулалтыг үр нөлөөтэй хэрэгжүүлэх талаар зорилтууд тодорхой тусгагдсан. Энэ зорилтын агуулгын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд болон УИХ-ын сонгуулийн тухай хуульд зарим зохицуулалт орсон. Нэн ялангуяа, сонгуулийн үеийн санхүүжилтийн ил тод байдлыг хангуулах талаар тодорхой зохицуулалтыг сонгуулийн хуульд тусгасан нь ач холбогдолтой боловч, сонгуулийн бус үеийн санхүүжилтийн ил тод байдлыг сайжруулах асуудал хүлээгдсээр байна.

Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт Улс төрийн намын санхүүжилтийг хуульчлан “Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ” гэж заасан. Энэ бүлэгт 2005 оны хоёрдугаар сарын 17-ны өдрөөс хойш нэмэлт, өөрчлөлт ороогүй, хэрэгжилт нь хангалтгүй, зохицуулалт нь хэт ерөнхий, аудит, хяналт шалгалт хийх тогтолцоо тодорхойгүй, олон улсын стандартаас хол зөрүүтэй хэвээр байгаа нь учир дутагдалтай байгаа юм.Сонгуулийн үйл ажиллагааг шударга, ил тод явуулах, авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор СЕХ, улс төрийн нам эсвэл, нэр дэвшигч нарт хандсан зөвлөмжийг тус тус боловсруулж Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн.

Тухайлбал, СЕХ-нд хүргүүлсэн зөвлөмж нь сонгуулийг зохион байгуулан ажиллаж байгаа албан тушаалтнуудыг авлига, сонирхлын зөрчилөөс урьчдилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авах, ёс зүйн дүрэм болон авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид хууль бус давуу байдал олгохгүй байх, элдэв шан харамж, бэлэгт сэлтээс татгалзах, хууль бус нөлөөлөл, үйлдлийн талаар нэн даруй мэдэгдэх, иргэний нийгмийн зүгээс хяналт тавих нөхцөл боломжийг бүрдүүлэх асуудлаар, харин нам эвсэлд хүргүүлсэн зөвлөмж нь нэр дэвшүүлэх журам, шалгуурыг ил тод байлгах, сонгуулийн сурталгаа хийх, санхүүгийн тайланг нээлттэй ил тод, үнэн бодитой гаргах зэрэг асуудалд төвлөрч зөвлөмж өгсөн.

Харин нэр дэвшигч нь Авлигын эсрэг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах этгээд тул уг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, авлига ашиг сонирхлын шинжтэй аливаа үйл ажиллагаанаас ангид байх, хууль бус хандив хүлээн авахаас татгалзах, холбогдох шаардлага журмыг хангаж, ил тод тайлагнах, мөн хөрөнгө орлогоо үнэн зөв мэдүүлэх талаар асуудлаар холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн юм.

Өрсөлдөх боломжийг хөрөнгөөр хязгаарлаж болохгүй

-Намууд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулахдаа баримталсан шалгуур, журам нь ил тод биш, тодорхойгүйгээс нилээд маргаантай байдал ажиглагдаж байна. Улс төрийн нам, эвсэлд хүргүүлсэн зөвлөмжид намууд нэр дэвшүүлэхдээ баримтлах журам, шалгуураа ил тод нээлттэй байлгах, тэгш шударгаар өрсөлдөх боломж нөхцлөөр хангах асуудлыг тусгасан. “Улс төрийн намын дотоод ардчиллын индекс” судалгааны тайлангаас харвал манай улсын намуудын дотоод ардчиллын индекс тааруу гарсан, түүнчлэн мөрдөж буй дүрэм журам, санхүүжилтийн мэдээлэл нь нийтэд нээлттэй биш байгааг харж болно.

Сонгуулийн компанит ажлын зардал сонгуулиас сонгуулийн хооронд улам өсч байгаа нь санаа зовоосон нэг асуудал мөн. Сүүлийн жилүүдэд томоохон бизнесүүдийн улс төрд үзүүлэх нөлөөллийг бууруулахыг улс орнууд онцолж байгааг анхаарах, улс төр, бизнесийн салбарыг тусгаарлах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зохих зохицуулалтыг сайжруулах хэрэгтэй.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүлээн авч олон нийтэд мэдээлэх зохицуулалт тусгасан нь санал хураалт болохоос өмнө уг мэдээлэлтэй танилцах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой болсон. Ингэснээр улс төрийн өндөр албан тушаалд сонгогдож байгаа хүмүүсийн хөрөнгө, орлого хэрхэн өөрчилөгдөж байгаад болон үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа эсэхэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг бүрдүүлж байгаа юм.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт улс төрийн намын удирдлагад ажиллаж байгаа хүмүүс хөрөнгө, орлогоо мэдүүлэх, олон нийтэд зохих мэдээллийг ил тод болгох тогтолцоо бүрдүүлэх зорилтыг туссан юм.

Санал худалдан авах аливаа орлогыг иргэд зохих байгууллагад мэдээлж хэвших хэрэгтэй

-1992 оны Сонгуулийн тухай хуульд сонгогчдын саналыг татах зорилгоор үйл ажиллагаа, арга хэмжээ явуулахыг хориглосон зохицуулалт тусгагдаагүй бөгөөд энэ хуулиар бид 1992-2004 оны нийт 4 удаагийн сонгуулийг зохион байгуулсан байдаг. Хуулийн зохицуулалт байхгүйгээс сонгогчдын саналыг татах зорилгоор урлаг соёл, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, мөнгө, эд материал тараах асуудал хавтгайрсан, иргэд ч үүнд дасал болсон гэж судлаачид үздэг. Хэдийгээр сонгуулийн хуульд 2005 оноос сонгуулийн сурталчилгааны хугацаанд, харин 2011 оноос ээлжит сонгуулийн жил эхэлснээс санал хурааж дуусах хүртэл хугацаанд сонгогчдын саналыг татах зорилгоор тодорхой үйл ажиллагаа, мөнгө, эд хөрөнгө тараахыг хориглож, Эрүүгийн болон зөрчлийн хуулиар хүлээлгэх хариуцлагыг хуульчилж өгсөн боловч сонгуулийн жил эхлэхээс өмнө сонгогчдын саналыг татах зорилготой олон арга хэмжээг зохион байгуулж, бэлэг сэлт, мөнгө тараах явдал гарсаар байгаа нь хууль тогтоомжийг улам сайжруулахыг шаардаж байна.

Түүнчлэн, амьжиргааны түвшин дунджаас доогуур амьдралтай иргэд, өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхчүүд, анх удаа саналаа өгөх гэж буй залуу сонгогчид, ахмад настнууд зэрэг нийгмийн халамж, анхаарал шаардлагатай хэсэг, мөн улс төрийн тогтсон үзэл баримтлалгүй “хөвөгч” сонгогчдын саналыг худалдан авах оролдлогыг түлхүү хийдэг, мөн хот, хөдөөгийн иргэдийн саналыг татах арга хэлбэр, хэмжээ нь өөр өөр онцлогтой байдаг талаар судалгаануудад дурдсан байдаг. Эндээс харвал эрх зүйн орчинг сайжруулахын зэрэгцээ, сонгогчдын боловсрлыг дээшлүүлэх, иргэдийн уламжлалт хандлага, сэтгэлгээг өөрчлөх асуудал нь түүнээс дутахгүй ач холбогдолтой юм.

Хариуцлагатай сонголт гэхээсээ, сонгуульд хариуцлагатай оролцохыг уриалах нь чухал байна

-Залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцохгүй байна гэх шүүмжлэл их яригддаг. Мөн үнэхээр итгэл үнэмшлээрээ оролцож байна уу эсвэл хэлбэр төдий байгаад байна уу гэдэг нь бас чухал юм. Нөгөө талаас, судалгааны тайланд сонгогчид бодитой, бүрэн дүүрэн мэдээлэл авч чадаагүйгээс тараасан бэлэг, амж дамжсан яриагаар тухайн нэр дэвшигчийг дүгнэх тохиолдлууд байдаг талаар дурдсан нь бий.

Бидний зүгээс төрийн бус байгууллагуудтай хамтран сонгогчдын боловсролыг дээшлүүлэх, санал худалдан авах ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байх, харин ч хууль бус зүйлийг тухай бүр нь холбогдох байгууллагад нь мэдээлж байхыг уриалсан нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Хэрвээ, иргэд сонгуульд оролцохгүй байна гэдэг өөрийнхөө амьдралыг хэн нэгэнд найдаад орхичихож байгаатай адилхан хэрэг шүү дээ, сонгуульд оролцоно гэдэг зүгээр очоод сэтгэл хөдлөлөөр санал дугуйлахыг хэлэхгүй, ирээдүйгээ ямар байхыг хүсч байна, түүнийг тань төлөөлж чадах эсэхийг мэдэхийн тулд бодитой мэдээлэл авч сонголтоо хийхийг, товчхондоо хариуцлагатай оролцохыг хэлж байгаа юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

 

Бусдад түгээх
  • gplus