Бид маш цөөхүүлээ шүү, гадаадад гацсан иргэддээ гараа сунгаж туслаач
Юуны өмнө энэхүү цар тахлын голомтод цаг наргүй ажиллаж байгаа эрүүл мэнд, эмнэлэг, мэргэжлийн хяналт, цагдаа, тагнуул, агаарын тээвэр гээд бүх салбарынхандаа баярласан талархсанаа илэрхийлье.

БНХАУ-ын Хубэй мужийн Вухан хотод үл мэдэгдэх уушгины хатгалгаа гарсан нь ДЭМБ-ын Хятад улс дахь оффисд 2019 оны 12-р сарын 31-нд анх мэдээллэгджээ. 2020 оны 1-р сарын 30-нд Олон Улсын Эрүүл Мэндийн Яаралтай Тусламжийн Байгууллагаас өвчний дэгдэлтийг зарласан ба өнөөдрийг хүртэл албан ёсоор 5,123,215 тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн ба нийт 331,221 хүн нас барсан байна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 3-р сарын 11-ээс уг халдварт өвчнийг цар тахал хэмээн зарласан үеэс эхлэн дэлхийн улс орнууд өөрийн орны иргэдээ гадаадад богино хугацааны аялал, сургалт, бизнес, эрүүл мэндийн чиглэлээр зорчсон иргэдийнхээ татан авалтуудыг яаралтай зохион байгуулсаар ирсэн бөгөөд дэлхий дээр иргэдээ татан аваагүй, иргэддээ хаалттай цор ганц улсаар Монгол улс тунаж үлдээд байна.

2020 оны 5-р сарын 19-ий өдрийн байдлаар Монгол улсын 10761 иргэн 46 улсаас ирэх хүсэлтэй байгаад бөгөөд эдгээр иргэдээс дараах шалтгаантай иргэд 2020 оны 3-р сарын 10-аас хойш өнөөдрийг хүртэл 72 хоног гацаж байна.
2020 оны 5-р сарын 19-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга хурандаа Б.Ууганбаярын өгсөн мэдээллээр дараах бэрхшээлтэй иргэд байгааг мэдээлэв.
 
Бага насны хүүхэдтэй 1611
Эрүүл мэндийн шалтгаантай 449
Өндөр настан 869
Жирэмсэн 152
Богино хугацааны визтэй 337
Байрлах байргүй болсон 158
Оюутан 2858
Санхүүгийн хүндрэлтэй 1002
Хүүхэд 358
Бусад шалтгаантай 3300

Уг иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт улам хүндрэх бөгөөд эдгээр гадаадад гацсан иргэдээ маш яаралтай татан авах боломжийг бүрдүүлж ажиллана уу хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Цаашид Гадаадад гацсан Монголчуудын нөхцөл байдал улам хүндрэх болно. Үүнд:
  1. Орон байр
2020 оны 5-р сарын 19-ны өдрийн байдлаар 158 иргэн байрлах байргүй гэсэн судалгааг гаргасан бөгөөд уг байрлах байргүй иргэд гудамж, метро зэргээр байрлаж байгаа бөгөөд уг тоо цаашид нэмэгдэнэ. Мөн орон байргүй болсон иргэд бөөнөөрөө байр түрээслэх, хуарагнах байдлаар байрлах бөгөөд нь энэ халдвар авсан тохиолдолд халдвар голомтолж олон хүнд тараах нөхцлийг бүрдүүлэх юм.

2.Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал

Эдгээр иргэдийн мэдээллээс харахад 1002 иргэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон гэсэн байгаа бөгөөд зочид буудал, хоол хүнс гэх мэтэд 1 иргэн өдөрт дундажаар 150.000 төгрөг зарцуулан 72 хоног гацсан гэвэл 10.8 тэрбум төгрөгийг зарцуулсан байгаа бөгөөд гадны улсуудад байгаа иргэд сайн дурын хандивын аян өрнүүлж хоол, хүнсгүй болсон иргэддээ хүнсний тусламжийн аян өрнүүлж байгаа болно. Цаашид мөнгөгүй болсон иргэд ямар ч хамаагүй ажил хайж байна, юу ч хамаагүй хийнэ гэх мэтээр фэйсбүүк хуудсанд групп нээсэн бөгөөд энэ нь халдвартай бүс нутгуудад халдвар авах өндөр эрсдлийг нэмэгдүүлэх юм.

3.Эрүүл мэнд, Эрүүл мэндийн даатгал

Богино хугацааны визээр зорчсон иргэдийн визийн хугацаан дахь эрүүл мэндийн даатгалын хугацаа нэгэнт дуусгавар болж, гадны улсуудад зорчиж байхдаа өөр бусад төрлийн байдлаар өвдөх, мэс засалд орох гэх мэт эмнэлгийн бусад төрлийн үйлчилгээ авах нь нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь халдвар өндөртэй бүс нутгуудад эмнэлгийн байгууллагаас халдвар авах, эрүүл мэндийн үйлчилгээг өндөр үнэ төлбөртэй авах зэргээр иргэд үлэмж хэмжээгээр хохирч байна. Мөн өндөр үнэтэй мэс засал болон эмнэлгийн сувилгаа, үйлчилгээ авсан иргэд эмчилгээ, үйлчилгээний үнэ чанар зэргээс шалтгаалж цаашид эрүүл мэндээрээ хохирох явдал газар авна.

4.Эндэгдэл

Өндөр настай, дархлаа султай иргэд уг өвчнөөр өвдөх, тохиолдол өндөр байгааг тоо баримт, судалгаа харуулж байгаа бөгөөд болзошгүй эрсдлүүд цаашид бий болохыг мэргэжлийн байгууллагууд сануулсаар байна.
 
ОДОО БИДЭНД ЯМАР БОЛОМЖ БАЙНА ВЭ?

1.Хил, гааль
Монгол улсад бүртгэгдсэн анхны тохиолдолтой зэрэгцэн хилээ бид өөрийн болон өрөөлийн иргэддээ хаасан бөгөөд 10761 иргэнээ өндөр зохион байгуулалттайгаар, богино хугацаанд тээвэрлэн авах.

2.Нислэг, тээвэр

Бидэнд үндэсний агаарын тээвэр МИАТ гэж компани байна. Дэлхий даяараа агаарын тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байхад МИАТ компани гадаадад гацаад санхүүгийн хүнд байдалд орсон иргэдийнхээ халаасыг суллахаа болимоор байна. Нислэгийн зөрүү төлбөрийг Засгийн газраас шийдвэрлэх боломжгүй гэж үү? Эдгээр иргэдийг тээвэрлэн ирэх зардал 30 орчим тэрбум төгрөг болно гэж албан бус мэдээлэл байсан. Мөн халдварын дэгдэлт ихтэй байгаа улс орнуудад байгаа иргэдийг тус тусад нь тээвэрлэх боломжтойг эрхэм та бүхэн юу эс андах билээ.

3.Тусгаарлах байр, хүрэлцээ

Тусгаарлах байрыг хэрхэн нэмэгдүүлж болох талаар ikon.mn дээр Ерөнхийлөгчид хандсан хүсэлт байсан. Уг хүсэлтэд иргэдийн боломжоор тусгаарлах байрыг сонголтот болговол тусгаарлах байрны хүрэлцээ маш сайн нэмэгдэнэ. Мөн эдгээр бүх иргэдийг авчирч тусгаарлах нийт зардал  11,148,690,000 төгрөг болно. Уг мөнгийг төлөхгүй бол явахгүй, хөдлөхгүй гээд ОХУ-аас ирсэн иргэдийг дарамтлаад галт тэргээ зогсоогоод байсан гэж тэдгээр иргэдийн төлөөлөл өөрсдийн facebook хуудсаар лайв, мэдээлэл өгч байсан. Хүний нутагт, ядарч, зовсон, өвчин эмгэг авчихвий гэсэн иргэдээ битгий дарамтал, битгий зовоо!
 
4.Санхүүгийн тусламж, дэмжлэг

Удаан хугацаагаар гадаадад гацсан Монголчууддаа санхүүгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн сангийн сайд Ч.Хүрэлбаатар сүржин мэдэгдээд даржин чимээгүй болсон. Уг асуудлаа нэг чигт нь болгож эдгээр зовж, зүдэрсэн иргэддээ бодит дэмжлэг үзүүлнэ үү.
 
БИД МАШ ЦӨӨХҮҮЛЭЭ ШҮҮ. Нэг ч гэсэн Монгол хүн туурга тусгаар, тусгаар тогтносон Монгол улсдаа эрүүл энх, нэвтрэх эрхтэй.
 
Эцэст нь хэлэхэд гадаадад гацсан иргэддээ бодит туслалцаа үзүүлнэ үү хэмээн эрхэм Ерөнхий сайд, Ухнаагийн Хүрэлсүх таниас хичээнгүйлэн хүсье.
 
ХҮСЭЛТ ГАРГАЖ, ХҮНДЭТГЭН ЁСОЛСОН,
 
ГАДААДАД ГАЦСАН, МОНГОЛ УЛСЫН 10,900 ОРЧИМ ИРГЭН БОЛОН ТЭДНИЙ АР ГЭР БОЛСОН МЯНГА МЯНГАН МОНГОЛЧУУДЫН ТӨЛӨӨЛӨЛ
Бусдад түгээх
  • gplus