Мачо: Би дуугаараа энхтайван, эв нэгдэлтэй байхыг уриалахыг зорьдог

Энэ удаагийн зочноор уран бүтээлч Н.Мөнгөнтулга (Мачо)-г урьсан юм.

- Урлагийнхан таныг Мачо гэдэг нэрээр чинь илүү мэддэг юм билээ. Яагаад энэ нэрийг сонгох болов?

-Намайг Н.Мөнгөнтулга гэдэг. Харин Мачо бол миний хоч. Би багадаа буржгар үстэй хүүхэд байсан. Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амарч байхад нэг удаа усанд ороод гарч ирэхэд манай найз миний үсийг хараад “Чи яг мачо” шиг харагдаж байна гэж хэлсэн. Дараа нь хотод ирээд энэ үгний утгыг хайн сонирхож үзсэн. Эр хүн гэсэн утгыг илэрхийлсэн үг юм байна. Мөн би жинхэнэ эр хүн шиг болохыг мөрөөддөг байсан учраас энэ нэрийг өөртөө өгсөн юм.

-Анхны уран бүтээлээ ямар дуугаар эхэлж байв?

-Ганцаараа бие дааж гаргасан анхны дуу гэвэл 2015 онд зохиосон  “Замд” гэдэг дуу бий. Харин хип хоп чиглэлээр дуулдаг байхдаа дандаа хамтарсан уран бүтээл гаргаж байссан. Тиймээс   анхны соло дуугаа гаргасан. Нас ахисан хойноо хүүхдүүдээ сонсгохыг хүссэн энэ дуугаа бичихэд эмэгтэй хүн нөлөөлсөн. Их хөөрхөн гоё дуу болсон гэж боддог юм.

-Та reggae төрлөөр дуулдаг уран бүтээлч. Энэ төрлийн дууг анх хэзээ сонсч байв?

-Анх 10 настайдаа хип хоп райм бичиж байсан гэж бодохоор 13-14 настайдаа reggae дуу сонсч эхэлсэн юм байна.Харин анхны реггае дуугаа 2015 онд “Содон аялгуу” студид бичүүлж байсан. Ер нь reggae дотроо 12-13 төрөлтэй, 1960 оны эхээр энэ урсгал үүсч бий болсон гэж үздэг.

- Reggae партид олон удаа оролцож байсан байх. Энэ партины талаар сонирхуулбал?

-Reggae партыг зохион байгуулагч хүмүүсийн нэг нь би өөрөө. Жилд нэг удаа хийдэг энэ партиг 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулж ирлээ. Өөрийнхөө партиг зохион байгуулахаас гадна бусад парти тоглолтонд дуулдаг.

- Энэ жил партигаа хийх үү?

-Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн долдугаар сард Солонгостой хамтарсан reggae хөгжмийн парти хийсэн. Тэрнээс хойш дахиж парти болоогүй юм байна. Харин энэ жил коронавирусын улмаас парти хийхгүй.

-Энэ урсгалын дуугаар дагнаж гаргасан  цомог байдаг уу?

-Байлгүй яахав. Миний  “Модон” гэдэг нэртэй цомог бэлэн болчихсон. Яг цомог болгон бичүүлээгүй байгаа ч нэг нэгээр нь дүрсжүүлэн цахимаар хүмүүст хүргэж байна. Мөн хоёр дахь цомгоо гаргахаар ажиллаж байна. Гэхдээ цомог гаргах гэж яарахгүй байгаа.

-Дуу урлагаас гадна өөр юу сонирхож цуглуулдаг вэ?

-Пянз цуглуулах дуртай.  Саяхнаас цуглуулж эхэлсэн болохоор одоогоор 20 гаруй шинэ, хуучин нийлсэн пянз байна.  Хүмүүс анзаарч мэдэхгүй дээр үеийн алт шиг цомогнууд байдаг. Шанхайгаас Дэмиан Марлигийн 150 юаниар авсан пянз байдаг. Харин яагаад пянз сонирхож цуглуулах болсон вэ гэвэл reggae DJ нар пянзаар тоглодог. Тиймээс би яагаад ингэж тоглож болохгүй билээ гэж бодсон учраас цуглуулж эхэлсэн. Өөр хобби гэвэл сагсан бөмбөг сонирхдог.NBA-гийн тоглолт болон сагсан бөмбөгтэй холбоотой мэдээ үздэг. Мөн бүжиг, урлагт дуртай. Бүжгийн хамтлагтай байсан. Энэ хоббигоо сүүлдээ ажлаа болгосон.

-Хайр дурлалын талаар таны бодол?

-Хайр бол өгөхийн ухаан, дурлал бол авах ухаан, шохоорхол гэдэг түр зуурын ухаан гэж боддог. Тиймээс хүн болгон дотроо өгөх дуртай. Хүнийг баярлуулснаар хүн өөрөө жаргалтай байдаг гэж боддог. Гэхдээ үүнийгээ мартчихдаг юм шиг байгаа юм. Миний дуулдаг сэдэв ерөнхийдөө хайрын тухай. Энхтайвныг бол хүчээр ч бий болгох тал байдаг. Тиймээс хайр бол хамгийн гол сэдэв.

-Харин найз нөхдийн хувьд?

-Найз нөхдийг үнэнч байгаасай гэж боддог. Анд нөхөр бүх хүнд байдаг юм шиг мөртлөө үнэн байх нь ховор байдаг.Энэ нь хөгжиж бий болдог. Эцэг эх, амраг сэтгэлийн харилцаанаас илүү хөгжиж, хаана ч хүрч болдог зүйл гэж боддог. Олон найзтай байх чухал биш чанартай найзуудтай байх нь чухал.

-Хүндэлдэг хамтлаг дуучин байгаа юу?

-Мэдээж байгаа. Монголоос, хип хопоос бол Кафу гэдэг залууг хүндэлж, дууг нь сонсдог.

-Та анхны Voice шоунд оролцож олны талархлыг хүлээж байсан. Тэр дурсамжаа хуваалцаач?

- “Voice” шоунд  2017 оны зун бүртгүүлсэн. Эхлээд би өөрийгөө голсон ч оролдоод үзье, reggae хөгжмийг хүмүүст танилцуулж, мэдрүүлэх боломж гэж бодож оролцсон. Тэрнээс биш түрүүлье гэж бодоогүй. Тухайн үедээ энэ шоуг  зохион байгуулалт сайтай, үр дүнтэй, хүртээмжтэй, олон улсын шоуны стандарт нь ямар гайхалтай юм бэ гэж бодож байсан. Түүнээс гадна оролцогчид нь мундаг, их авьяастай юм билээ. Үүнээс гадна өөр дөрвөн тэмцээнд орж байсан юм байна. Тухайлбал, “UBS” телевизийн “Universe best songs” тэмцээнд орж байсан. Харин “Voice” шоу их өрсөлдөөнтэй болсон ч олон сайн найзтай болсон.

-Хүнд уран бүтээлээ бичиж туурвих цаг үе, онгод гэж байдаг. Уран бүтээлч Мачо ямар үед дууны шүлгээ бичдэг вэ?

-Би ихэвчлэн нэг газар сууж бичдэггүй. Байгаа газраа сольж бичдэг. Тухайлбал, гадуур явах үеэр бичвэл илүү дээр байдаг. Ихэвчлэн  машиндаа түгжрэлийг ашиглаж чөлөөтэй бичдэг. Миний дууг ойлгоход амархан. Гэхдээ хүмүүс анзаарсан бол дандаа хоёр мөрт байдаг. Харин одоо “Монголын reggae хөгжмийн нэгдэл”  болон “UB dab”клубт ажиллаж байна.

-Шантарсан үедээ өөрийгөө яаж зоригжуулж, хурцалдаг вэ?

-Өөрийгөө зоригжуулах үүднээс орчноо сольдог. Шаналсан үед шалтгааныг нь олдог. Мөн  юунаас болсныг эрдэг.

-Хүмүүст юу гэж хэлэхийг хүсдэг вэ?

-Миний хувьд хөгжмийг чухалчилдаг. Учир нь уран бүтээлээрээ хүмүүст нөлөөлж энхтайван, эв нэгдэл чухал гэдгийг ойлгуулахыг хүсч мөрөөддөг. Энэ бол миний хүсч эрмэлзэж явдаг нэн тэргүүний мөрөөдөл юм. Мөрөөдлөө биелүүлэхийн тулд уран бүтээлч болох буюу урлагийн салбарыг сонгосон. Ингэснээр хүсэл мөрөөдлөө биелүүлэх гарцыг олсон гэж боддог. Миний хийж чадах зүйл бол reggae хөгжмийн урсгалаар залуусыг уриалан дуудах юм. Ер нь хүмүүс яагаад үнэнч шударга байж болдоггүй юм бэ. Аль болох үнэнч, найрсаг, тайван байцгаая гэж хэлмээр байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus