Үүргэвчинд багтдаг дугуй бүтээжээ

Хот дотор нийтийн тээврээр олон хүн зорчихын оронд дугуй, цахилгаан скутер ашиглахыг хүсдэг. Тиймээс сүүлийн үед энэ хоёр хэрэгслийг олон оронд хэрэглэх болсон. Мөн тав тухтай байдлыг бий болгодог ч скутер, дугуй унадаг хүмүүст тулгардаг нэг асуудал нь гэр, ажил руугаа авч явах, гудамжинд зогсоолд тавихыг хүсдэггүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд Токиогийн их сургуулийн зарим эрдэмтэн Поймо хэмээх хийлдэг цахилгаан дугуйг бүтээжээ. Жижиг хийлэгчээр минут хүрэхгүй хугацаанд хийлснээр унаж хэрэглэх, хийг нь гаргаснаар үүргэвчиндээ хадгалах боломжтой аж. Дугуйг хийлсний дараа бусад эд анги дугуй, хөдөлгүүр, зай болон жолоотой нь холбогддог байна. Зохион бүтээгчдийн танилцуулснаар дугуйн жин 7.8 кг бөгөөд зөвхөн хийлдэг хэсэг нь 2.3 кг аж. Гэхдээ энэ нь эхний загвар учраас хамгийн сүүлд гаргах хувилбарын жинг дахин багасгаж болно гэв. Мөн туршилтын загвар учраас хурд, онцлог зүйл, шинжийн талаар тодорхой мэдээлэл алга байгаа аж. Хийлдэг цахилгаан дугуйны харагдах байдал болхи байгааг зохион бүтээгчид нь хүлээн зөвшөөрсөн ч олон зүйлийг нь сайжруулахыг зорьж байгаа гэв. Тухайлбал, сайжруулах зүйлийн тоонд дизайн загвар нь орж байгаа аж. Зохион бүтээгчид энэ дугуйг найдвартай, унахад зугаатай болохыг харуулах зорилгоор туршиж байгаа гэнэ. Түүнээс гадна түрээслэхэд их боломжтой тээврийн хэрэгсэл гэж үзэж байна.

Нөгөө талаар явган зорчигчтой мөргөлдөж осол гаргасан ч магадгүй учруулах үр дагавар нь жирийн скутер, дугуйтай мөргөлдөхөөс ноцтой биш байх болно. Учир нь хөнгөн цагаан, бусад хатуу материалаар биш зөөлөн материалаар хийсэн учраас үзүүлэх нөлөө нь хүчтэй биш гэнэ.Хуванцар уян материал ашиглаж эх биеийг нь бүтээсэн дугуйг зохион бүтээгчид нь хэрэглэгч нар хүссэн хэлбэрээрээ ашиглаж болно. Мөн нэг удаа хийлсэн бол хэрэглэгчийн биеийн жинг даахад хангалттай ачаалал даах чадвартай болох аж. Гэхдээ шинэ тээврийн хэрэгслийг зах зээлд ямар үнээр гаргах нь тодорхойгүй байна. Харин монгол залуус үүнтэй төстэй эвхэгддэг цахилгаан скутерийг унах нь ихэссэн билээ. Тиймээс скутер унаж замын хөдөлгөөнд оролцох талаар заасан дүрэм журам байдаг аж. Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Далайцэрэн “Манай залуус замын хөдөлгөөнд унадаг дугуй, цахилгаан скутер унаж оролцохдоо явган зорчигчтой адил үүрэг хүлээдэг. Явган хүний гарцаар гарахдаа скутер, унадаг дугуйгаа түрээд замын хөдөлгөөнд оролцох ёстой гэсэн заалт байдаг. Түүнээс тусдаа яг тийм зохицуулсан дүрэм журам гэж байдаггүй. Манай оронд байдаггүй ч унадаг дугуйны зам гэж байдаг. Гэхдээ зам нь баригдаагүй ч дүрэмдээ унадаг дугуйны замаар хөдөлгөөнд оролцож болно гэж заасан байдаг” гэв.

Манай хүүхэд, залуус сүүлийн үед унах болсон “Joyor” загварын скутерыг үнэ, хүчин чадал, цагт туулах замаасаа хамаарч 900-1.450 сая төгрөгөөр худалдаж байгаа аж. Харин цахим орчинд хэрэглэж байсан хуучин скутерыг 350 мянга, 600, 950 мянгаар зарж байгаа бол шинийг нь  1.455 сая төгрөгөөр худалддаг юм байна.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд

 

Бусдад түгээх
  • gplus