Б.Сүхбаатар: Дэлхийн морин хуурын төвийг монголдоо бий болгоно

Энэ удаагийн “Өөр зочин” булангийн зочноор Монголын анхны морин хуурын музейг үүсгэн байгуулагч, “Морин хуур” төвийн захирал, морин хуур урлаач, морин хуурч, ая зохиогч Б.Сүхбаатарыг урьж ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Морин хуур хөгжимтэй амьдралаа холбосон анхны түүхээсээ хуваалцаач?

-Намайг Б.Сүхбаатар гэдэг. Би Увс аймгийн Түргэн сумын хүн. Миний хувьд морин хуур хөгжимтэй амьдрал ахуйгаа холбоод 21 жил болж байна. Би ухаан орохдоо л морин хууртай холбогдсон хүн. Бүүр түүрхэн л санадаг нэг түүх бий. Таван настай байсан юм уу даа. Аав, ээжтэйгээ саахалт айлындаа очиход гэрийн эзэн морин хуур урлаж байсан. Хуур урлах тэр бүх үйл явц миний сэтгэлд их гүн гүнзгий мэдрэмж төрүүлсэн юм шиг байгаа юм. Тэр цагаас хойш миний амьдрал морин хууртай салшгүй холбогдсон. Хүнд үлдсэн анхны сэтгэгдэл хамгийн чухал юм билээ. Тийм жаахан байхдаа морин хуурыг гайхан харж, сэтгэл татагдсан би одоо өөрөө шигээ олон хүүхдэд морин хуурын гайхамшгийг таниулах гээд зорьж явна.

-Анх ямар морин хуур бүтээж байв. Түүнийгээ хадгалдаг уу?

-Хамгийн анхны морин хуур манай музейн гол үзмэр болж явдаг. Анхны бүтээл болохоор ч тэр үү, их удаан урласан. 1999 оны намар нэгдүгээр курсэд орохдоо эхлэсэн морин хуураа дараагийн хавар хийж дуусгасан. Миний хамгийн их нандигнан хадгалж явдаг зүйлсийн нэг. 

-Морин хуурын дуугаралтын чанар юунаас шалтгаалдаг вэ?

-Дуугаралтын чанар модноосоо л шалтгаална. Модны боловсруулалт, хатаалтаас их зүйл хамаардаг. Мөн урлаачийн мэдрэмж, хөгжмийн боловсрол, хөгжмийн зэмсгийн материалтай хэрхэн харилцдагаас нь улбаалж чанартай морин хуур бүтээгдэх эсэх нь шийдэгддэг.

Би Монгол хуур төв байгуулсан. Манай байгууллагын хувьд сургалтын энгийн, мэргэжлийн мастер хуур гэсэн хоёр төрлөөр морин хуураа хийдэг. Морин хуурын үнэ цэнийн хувьд орц материал, загвар хийцээсээ хамаараад янз бүр байдаг.

 -Морин хуурыг урлах тогтсон стандарт гэж бий юу?

-Нарийн стандарт байхгүй ч мэдээж цар нь тэдэн см гэдэг ч юм уу, ийм стандарт бол байна. Харин морин хуурын толгойны хувьд  ямар ч тогтсон стандарт байхгүй. Урлаач нар морин хуурын толгойн хэсэгт өөрийн гэсэн ямар ч өнгө аясыг гаргаж болно.

-Бүхий л хүндэтгэлийн арга хэмжээг морин хуурын хөг аялгуугаар эхлүүлдэг. Мөн айл бүрийн хойморт морин хуур хөгжим байдаг. Энэ хөгжмийн бэлэгдлийн талаар сонирхуулаач?

-Монголчуудын ахуй амьдралаас бий болсон, монголчуудыг илэрхийлэх хөгжмийн зэмсэг. Монгол ахуй бүрийг шингээн гаргахыг хичээсээр, олон мянган жил болжээ. Өнөөдөр ч төгс хувилбараа олоогүй л байна. Монголчууд морин хуурынхаа дуу авиагаар өөрсдийнхөө амьдрал ахуй, энергийг засдаг нь нэг ёсондоо хүндэтгэл. Тийм болохоор хурим найр гээд бүхий л хүндэтгэлийн арга хэмжээн дээр морин хуур эгшиглэдэг. Энэ нь миний бодлоор бахархам сайхан зүйл.

Харин айл болгон хоймортоо морин хуурыг залдаг нь нэг талаасаа зөв. Гэхдээ миний бодлоор мэргэжлийн хуураа залмаар байгаа юм. Ямар ч сийлбэрчин, мужаан хүн сайхан чамин тансаг хийцтэй морин хуурыг урлаж болно. Хамгийн гол нь дуугаралт. Мэргэжлийн хуурыг урлаж байгаа хүн хөгжмийн өндөр боловсролтой, хөгжмөө ойлгодог байх ёстой. Зүгээр нэг дуугардаггүй сувинер, тохойн чинээ юмыг аваачаад гэртээ өлгөчихдөг. Тэр бол үндсэн агуулгаасаа зөрж байгаа хэрэг. Монголчууд бид морин хуурынхаа дуу авиагаар гэр орныхоо энергийг засч байдаг. Эзэн Чингисийн үед төрийн сүлд нь хар, цагаан туг, эрийн сүлд нь малгай, бүс, гэрийн сүлд нь гал голомт, морин хуур гэдэг байжээ.

Тийм ч учраас галаас гарсан энергийг морин хуур хөдөлгөөнд оруулдаг. Өөрийн гэсэн амьтай байж тэр айлын ноён нуруу, амар түвшин байдлыг засч залруулж, хамгаалдаг гэж үздэг. Тиймээс өлгөөтэй хуураа өөрсдөө тоглодог. Тэр морин хуур нь зүгээр нэг сувинер төдий зүйл биш ямар ч хүн барьж суугаад ая эгшиглүүлэх боломжтой хуур гэрийнхээ хойморт залаасай гэж хүсдэг.

-Монголчууд маань сүүлийн үед морин хуур хөгжмөө сурахыг эрмэлздэг болж. Мөн гадаадын жуулчид ч сонирхож байна. Танай музейгээр жуулчид хэр үйлчлүүлдэг вэ?

-Тиймээ, манай ”Монгол хуур” төв сургалт явуулдаг. Сүүлийн саруудад хөл хорио тогтоогоод үйл ажиллагаагаа түр завсарлаад байна. Мөн олон хүн манай төвөөр морин хуур захиалж хийлгүүлдэг. Түүнчлэн “Жонон хар” музейг зорьж ирэгсэд олон. Ялангуяа гадаадын жуулчид манай музейг зорьж ирж, үзэх дуртай. Жуулчид манай төвд ирснээр нэг дор гурван үйлчилгээ авах боломжтой. Морин хуур хийж байгаа үйл явцтай танилцана, морин хуурын баялаг түүхтэй музейгээр аялна, морин хуурын цогц тоглолтыг үзнэ. Эдгээр үйлчилгээг үзүүлэх боломжтой ч музейн байрны асуудал бидэнд хүнд туссан. Бид бүхэн музейгээ байртай болгох аян явуулсан ч харамсалтай нь хөл хорио тогтоогоод тэрхүү ажил маань түр хойшилсон. Тиймээс энэ халдварт өвчний тархалт дуусаж, хөл хорио тавигдахаар музейгээ байртай болгоно. 

 -“Жонон хар” музей хэдэн үзмэртэй вэ?

-Музейгээ 2015 онд анх байгуулсан. Монголын морин хуурын түүх соёл, ёс заншлыг харуулах 400 гаруй үзмэр бий. Тэр дундаа эртний 20 гаруй морин хуур хадгалагддаг нь олны сонирхлыг их татдаг. Мөн морин хуурын түүхэн гэрэл зургийн цуглуулга, дүрс бичлэг гээд олон зүйл хадгалагдаж байгаа. Цаашдаа ч илүү их үзмэртэй том музейтэй болно гэж боддог.

-Хамгийн эртний морин хуурын талаар мэдээлэл өгвөл? 

-“Жонон хар” музейд 1800 оны үеийн хуур байна. Түүнээс хойшоо 1950, 1960 он хүртэлх хуурнууд ч байгаа. Тэр дундаас хамгийн сонирхолтой түүхтэй хуур гэвэл Монголын хамгийн анхны мастер морин хуурыг нэрлэж болно. Энэхүү хуурыг 1965 онд Ю.Цэдэнбал гуайн санаачилгаар Оросын хийлийн мастер Д.Яровой, нэрт хөгжим урлаач Д.Бууран нар хамтран хийсэн. Тухайн үед 13 морин хуур хийсэн байдаг. Тэрний нэг нь надад бий. Тэр 13 хуурны ихэнх нь элэгдэж хорогдоод байхгүй болсон. Гэхдээ Урлагийн гавьяат зүтгэлтэн Пүрэвхүү гуайд нэг, Ардын жүжигчин Батсайханд нэг байгаа гэж сонссон.

-Та цаашид морин хуур хөгжмөө түгээн дэлгэрүүлэхийн тулд ямар ажил хийх вэ?

-Би өөрийн гэсэн “Морин хуурын цогцолбор”-той болохыг хүсдэг. Дэлхийн морин хуурын төвийг Монголдоо бий болгох хүсэлтэй. Энэхүү хүслээ биелүүлэх эхний шатаа тавьж Дарь-Эхэд газар авсан. Тэрхүү газартаа уг цогцолбороо барих зорилготой байна. Миний амьдралын утга учир болсон морин хууранд энэ насаа зориулна гэж боддог. 
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Оюунзул

 

Бусдад түгээх
  • gplus