Танилц: УИХ-ын сонгуульд Булган аймгаас нэр дэвшигчид
УИХ-ын 2020 оны сонгуульд Булган аймагт нэр дэвшигчдийг танилцуулъя. 

Бизнесмэн С.Гал-Эрдэнэ 

 “MGT MINING LLC” компанийн ерөнхий захирал Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ  УИХ-ын 2020 сонгуульд Булган аймагт АН-аас өрсөлдөх мандатын эзэн болжээ. 

С.Гал-Эрдэнийн хувьд зам, барилга, төмөр замын тээвэр гэхчлэн олон салбар компанитай гэж байгаа.  Булган аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Булган аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн гэх гуншинтай. Амжилттай яваа бизнесмений хувьд АН-ын дэнчин хураамжид торолгүй нэр дэвших эрхээ олж авсан нь энэ. 

Жудо бөхийн холбооны  Д.Өсөхбаяр 

Д.Өсөхбаяр АН-аас Булган аймагт нэр дэвших эрхээ авсан дараагийн хүн. Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн гэхээр хэний хүн гэдэг нь ойлгомжтой. Д.Өсөхбаярын хувьд  Орхон аймгийн МоАХ-ын дарга, “Орхон чандмань” компанийн захирал гэсэн албан тушаалтай нэгэн аж. 
 
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ 

Олны  нэрлэдгээр сахал Бат-Эрдэнэ. Мэргэжилтнээс эхлээд Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ өсч дэвжиж, төрийн ажлын дөр суусан нэгэн. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар Булган аймгаас нэр дэвшин сонгогдож, богино ч гэсэн Засгийн газрын гишүүнээр ажилласан гээд намтар түүхээ арвижуулсан нэгэн бол Ж.Бат-Эрдэнэ. Сонгуулийн өмнөх жилээс эхлэн адуу манаж, таксинд явж хэсэгтээ л шоудсан. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсний дараагаас Ж.Бат-Эрдэнэ Булганд суурьших шахам болж, УИХ-д сонгогдсон нэгэн.  Харин энэ удаад хоёр мандаттай тус тойрогтоо Ц.Анандбазартай дөрөө харшуулан очихоор боллоо. 
 
 
Ц.Анандбазар “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрөөс авсан зээлээ төлсөн үү 

 
“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазар 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвших эрхээ аваад байсан ч  хууль хүчнийхэн авлигын хэргээр цагдан хорьж, сонгуулийн дараахан сулласан.  Ийнхүү Ц.Анандбазар 2012 оны сонгуулийг өнжихөөс өөр аргагүй болсноос хойш хэсэг хугацаанд нам жим явсан тэрбээр ийнхүү дахин нэр дэвших эрхээ олж авсан юм. Түүнийг тойрсон сайн сайхан гэхээсээ илүү хар бараан мэдээллүүд тасралтгүй хөвөрдөг.  Тухайлбал,  АН-ыг  эрх барьж байх үед “Үнэ тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд мөнгө үйлдвэрлэж шатахууны компаниудад хөнгөлөлттэй зээл олгосон байдаг. Тодруулбал, төрөөс 13 компанид 3,8 хувийн хүүтэй нэг жилийн хугацаатай 192 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
 
Эндээс  “Сод Монгол групп” ХХК  20 тэрбум 480 сая төгрөг зээлсэн байгаа юм. Гэвч энэ зээл төлөгдсөн эсэх нь өнөөдрийг хүртэл баримтаар нотлогдоогүй байна. Ерөнхий сайдын зүгээс авилга албан тушаалын хэрэгт холбогдсон, төрийн хөрөнгө рүү гар дүрсэн хэн бүхэнд тойрог байтугайг өгөхгүй гэж том дуугарсан. Гэвч жанжин шугамаа зөрчиж Ц.Анандбазарыг анхдагчдын өлгий Булганд нэр дэвшүүлэхээр болсон байх юм. 
 
Цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын  хүү Гүнбилэг

 
УИХ-ын дарга М.Энхболдын хүн. Зөв  хүн электорат эвслээс нэр дэвшиж буй. Б.Гүнбилэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, академич Ж.Болдбаатарын хүү. Тэрбээр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн, 2004 онд Харьцуулсан эрх зүйн чиглэлээр магистр, өнгөрсөн онд эрх зүйн онолын чиглэлээр хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалжээ. 

2003 оноос Хууль зүйн Үндэсний төвд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008-2009 онд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан байна. 2010-2012 онд Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2013-2015 Монголын Хуулчьдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч, 2015 онд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, 2016-2019-онуудад УИХ-ын даргын зөвлөх гэх албан тушаалууд хашиж байв. 
 
О.ОНОН 
 
Бусдад түгээх
  • gplus