Украйн улс дахь Монгол оюутнууд Шадар сайд Ө.Энхтүвшинд хандлаа
Украйн улсад иргэний нисэхийн чиглэлээр суралцаж буй Монгол оюутнууд Шадар сайд Ө.Энхтүвшинд хандан хүсэлт гаргасан байна. Өнөөдрийн байдлаар Украйн улсад 48 монгол оюутан нисэхийн чиглэлээр суралцаж байгаа аж. Тус улсын зүгээс хэрэв өөрийн орон тань татан авна гэвэл ОХУ-ын хил дээр хүргэх боломжтой гэдгээ мэдэгдсэн байна. Иймээс Украйн улсад суралцаж байгаа Монгол оюутнууд дээрх нөхцөл боломжуудыг харгалзан үзэх хүсэлтийг Шадар сайд Ө.Энхтүвшинд хүргүүлсэн байна. 

Уг хүсэлтэд “Бидний 48 оюутан нь  БСШУСЯ-аас зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран Украйн улсын засгийн газрын тэтгэлгээр Киев, Харьков, Кривоград  хотуудад Нисэхийн чиглэлийн мэргэжлүүдээр хэлний бэлтгэл болон 1-4-р курсүүдэд суралцан сургуулийнхаа оюутны дотуур байранд амьдарцгаадаг.

Украйн улс нь дэлхий нийтээр тархсан цар тахлын улмаас 2020.03.12-ны өдрөөс эхлэн хичээл нь хаагдаж онлайн хичээлд шилжээд 2 сар гаруй хугацаа өнгөрч байна. Улмаар энэ 7 хоногтоо багтан шалгалтууд дуусч энэ хичээлийн жил бүрэн хаагдаж байгаа болно. 

2020.04.10 –ны үед гадаад оюутнуудыг боломжтой бол нутаг руугаа буцаж болно гэж сургуулиудаас маань мэдэгдсэн байгаа. 

Украйн улс нь Монгол улстай хил залгаа улс биш болохоор бид өөрсдөө ямар нэгэн байдлаар харих боломжгүй байна. Оросын холбооны улс нь 2020.03.18-ны өдрөөс хилээ хаасан ба хэзээ нээгдэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Украйн улс нь 2020.03.12-нд хөл хорио тогтоож жижиг супермаркет, эмийн сангаас бусад бүх газруудаа хаасан байгаа бөгөөд  супермаркетаас хүнсний болон ахуйн хэрэглээний зүйлс авахад тодорхой тоо заасан илүү авах боломжгүй байгаа ба амны хаалт, гар ариутгагч гэх мэт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах энгийн бараа бүтээгдэхүүнүүд олдохгүй хүндрэлтэй нөхцөл байдалтай байна.

Украйн улс нь өдөр бүр 300-400  корона вирусийн тохиолдол илрүүлэн, тогтмол нэмэгдсээр өнөөдрийн байдлаар 18 616 тохиолдол илэрснээс 535 хүн  нас барсан байна.Энэ тоо  цаашид ч өдөр бүр нэмэгдэх хандлагатай байна. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн үйлчилгээний хувьд хүрэлцээ муу улс тул Монгол хүн өвдвөл эмчилгээнд яг өдийд хамрагдана гэдэг горьдлого туйлын бага байгаа юм.

Мөн дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд орсон энэ хүнд хэцүү цаг үед сургууль маань оюутны дотуур байрны төлбөрөө нэмснээ мэдэгдэж хэрэв төлөхгүй бол байраа чөлөөлж өгөх шаардлага тавьж байгаа ба энэ нь бидэнд болон  бидний эцэг эхэд эдийн засгийн болон сэтгэл санааны хувьд үнэхээр хүнд тусч байна.

Ихэнх улс орнууд Украйн улсад сурдаг оюутнуудаа нэгдсэн байдлаар татаж авсан бөгөөд одоогийн байдлаар оюутны дотуур байранд цөөн хэдэн улсын цөөхөн оюутнууд үлдсэн тул зарим дотуур байрнууд халуун ус болон бусад зарим хэрэглээний зүйлүүдийг  хязгаарлан хэмнэлтийн горимд шилжсэн байгаа. Эдгээр асуудлууд нь бидэнд оюутны байрандаа тав тухтай амьдрах ямар ч боломжгүй байгаа бөгөөд амьдрахад үнэхээр хүнд хэцүү байдалд байна.

Сургуулийн зүгээс Москва дахь элчин сайдын яамнаас  Монгол оюутнуудаа татаж авна гэвэл нэгдсэн унаагаар хил рүү хүргэж өгч болно гэсэн байгаа.  Иймд танийг бидний эдгээр аргагүй нөхцөл байдлуудыг харгалзан үзэж бидний 48 оюутан залуусыг  Монгол эх оронд  минь татаж авах тал дээр онцгой анхааран ажиллаж боломжоор нь ойрын хугацаанд татаж авахыг хичээнгүйлэн хүсэж байна. 
 
Хүсэлт гаргасан: Украйн улсад суралцаж байгаа нэр бүхий 48 оюутан.   
                             

2020 оны 05 сарын 19-ны өдөр” гэжээ. 

О.ОНОН
      
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine