Л.Орхон: Нам гэж байхгүй харин эрх ашиг, бүлэглэл л гэж байдаг болж

УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихийг горилогч Техникийн ухааны доктор, профессор Л.Орхонтой ярилцлаа.

-Уул уурхайн салбар эрчимжиж, Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа ч нөгөө талдаа байгалийн нөхөн сэргээлт хийлгүй үлдээснээс сүйтгэгч нэр зүүх болсон. Та хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд анхаарах ямар асуудал байгаа гэж боддог вэ?

-Монгол Улсад өнөөгийн байдлаар 50 гаруй төрлийн 3000 гаруй орд байгаа ба нийт нутаг дэвсгэрийн 5.5 хувийг эзэлдэг. Уул уурхайн салбар нь Монгол Улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг боловч нөхөн сэргээлт хийдэггүй компаниуд мөн нөхөн сэргээлт хийлгүй зөвхөн олборлолт явуулж уурхайн овоолгыг шинэ технологи гарахаар олборлоно гэсэн компаниуд бас байна. Жишээ нь: Эрдэнэтийн УБҮ, алтны зарим компани. Эсрэгээрээ нөхөн сэргээлтийг маш сайн хийж гүйцэтгэдэг компаниудад Багануурын нүүрсний уурхай, Монполимет, Бороо гоулд гэх мэт.

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд төрөл бүрийн төсөл, судалгаа явуулдаг боловч, төрийн бодлогод нөлөөлдөг түүнээс улбаалж хууль, эрх зүй боловсронгуй болдог эсэхийг үнэндээ сайн мэдэхгүй юм. Хэрэв хууль байдаг бол тэр нь ямар ч байсан хуулийн цоорхойг ашиглан хэрэгждэггүй гэж миний бие боддог. Тиймээс хуулиа боловсронгуй, товч тодорхой, иргэдэд ойлгомжтой байж, хэрэгжүүлснээр үр дүнд хүрнэ.

-Төр түшилцэх хүн туршлагатай байх ёстой гэсэн үгээр шинэ хүмүүсийг сонгох боломжийг хаах явдал байдаг. Төр түшилцэхэд олон жилийн туршлага хэрэгтэй юу эсвэл төрдөө үнэнч, хоёргүй сэтгэлээр зүтгэх сэтгэл чухал уу?

-Ер нь төр түшилцэнэ гэж ярихаас илүүтэй иргэд сонгогчдыг төлөөлж байгаа төлөөлөгч гэвэл зохистой юм болов уу гэж боддог. Мөн төрд ард иргэддээ үйлчилдэг, үнэнч, сэтгэлтэй, сэтгэлгээтэй, эх оронч, эрдэмтэн, инженер хүн байх ёстой. Туршлагатай хүн гээд сайн зүйл дагуулахгүй, муу муухай зүйлийг хаацайлж,бүлэглэл хамгаалагч болж буйг бид харсаар байна. Сэтгэлтэй, зүтгэлтэй, шударга хүнийг олон нийт үгүйлж байна.

-Та улс төрд орох болсон шалтгаанаа тайлбарлаж өгөөч. Олон хүн ирээдүйнхээ төлөө ийм алхам хийж байгаагаа онцолдог?

-Тийм ээ. Миний бие энэ талаар боддог ч үгүй байлаа. Гэвч сүүлийн хоёр жилд өнгөрсөн 20 жилд юу болов гээд уншаад судлаад үзсэн чинь энэ улс төр гэдэг чинь бөөн булхай луйварчдын баг болчихсон, бусдын хоолыг булаагаад сууж байхыг мэдэрсэн. Ийм хүмүүсийн үнэн төрхийг олон түмэнд тайлбарлаж ойлгуулж өгөх хэрэгтэй гэдгийг ухаарч энэ алхмыг хийж байна.

-Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Намын дотор болж буй үйл явдлыг олон нийт дэлгэсээр байна.Тэд юу хийж, ямар арга замаар төрийн эрхэнд гарах гэж байгааг би хэд хэдэн харж байна.

  1. Намдаа гомдсон хүмүүс байна
  2. Намаа шантаачилж буй хүмүүс
  3. Хэн нэгний гар хөл бологсод
  4. Хамгийн ноцтой нь өс хонзонгийн талбар болгож байгаа явдал юм.

Ер нь энэ 30 жил бид хүссэн хөгжилдөө хүрч чадав уу, бидний сонгосон ардчилал энэ мөн үү гээд өөрсдөөсөө асуугаад үзээрэй. Олон хүн үгүй л гэж хариулах байх. Тиймээс энэ жил олон бие даагчид ийнхүү гарч ирж, нийгмээ энэ хүмүүсээс цэвэрлэхийг хүсч байна. Нэг ёсондоо бие даагчид гэдэг бол нийгмийн захиалга юм.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Одоо иргэд, сонгогчид хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэж байгаа. Иймд ЗӨВ хүнээ л сонгоосой гэж хэлэх байна. Учир нь: Нам гэж байхгүй харин эрх ашиг, бүлэглэл гэж бий гэж миний бие Facebook, Twitter-ээр бичиж байсан.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

-Та бүхэнд ч гэсэн амжилт хүсье, баярлалаа.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2020-05-20 04:01:09
    Монголд улс төрийн сонгодог үзэл суртал байхгүй болсноор улс төрийн институци байх үндэсгүй болж "нам" гэдэг нэрийн дор бүлэглэл л маш идэвхтэй ауиллаж байна...
  • Зочин 2020-05-20 03:40:19
    Манан бүлэглэлээс салах гарц нь итгэл даах чадвартай бие даагчийг зөв сонгож, төрд гарган ард түмнээс тавих хяналтыг өндөржүүлэх явдал юм.