Энэ цагийн эсэргүү бүрт итгэ

“Нүглийг туулсан түмэн минь

Нүдэнд чинь үүл суув уу?

Хүчтэний өмнө бөхийж

Хүчгүйн өмнө годойж

Хамелеон шиг явсан та нарын

Харамсалтай түүхийг би мэднэ” хэмээсэн “танхай” найрагч Р.Чойномын мөрүүд бий.

Энэ шүлгийнхээ төлөө Р. Чойном хэлмэгдэж, улс төрийн гэмт хэрэгтэн болж байсан түүхтэй.

Тодруулах юм бол, 1970 оны 2 дугаар сарын 20-ны өдөр БНМАУ-ын Прокурорын туслахын баталсан ялын төлөвлөгөө, мөн оны 4 дүгээр сарын 1-ний өдөр БНМАУ-ын Дээд шүүхээс гаргасан таслан шийдвэрлэх тогтоолд “Тэр үеийн Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны I дүгээр орлогч сайд, Улсыг Аюулаас хамгаалах Ерөнхий газрын дарга зөвшөөрч, мөрдөн байцаагч, мөрдөн байцаах хэлтсийн дарга гарын үсэг зурсан ялын төлөвлөгөөнд “Яллагдагч Р.Чойном нь “Өөрөө өөртөө унших”, “Агуу их хүнийг амьдад нь танихгүй” гэж эхэлсэн шүлгүүдэд БНМАУ-ын нийгэм, төрийн байгууламж, төрийн ардчилал, соёл, эдийн засгийн ололт амжилтуудыг үгүйсгэн бичсэн төдийгүй Монгол Зөвлөлтийн найрамдалт харилцаа ба төрийн удирдагч болон нам засгаас явуулж байгаа арга хэмжээг элдвээр дайран доромжилж гүтгэсэн ба өөрийн энэ үзэл санаагаа дэлгэрүүлэх зорилгоор уг шүлгийг бусдад хуулуулах, уншиж өгөх зэрэг ажиллагаа явуулж ирсэн байна”  гэж байгаад яруу найрагч Р.Чойномд ял шийтгэж байжээ.

Харин Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Академич, Эмерит профессор С.Нарангэрэл 1988-1990 онд БНМАУ-ын Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ Р.Чойномыг төрийн эсрэг онц аюултай гэмт хэрэгт ял шийтгэсэн хавтаст хэргийн материалыг тэр үеийн НАХЯ-ны Төв архиваас “Улсын нууцыг задруулахгүй. Хэрэв задруулбал хуулийн хариуцлага хүлээнэ” гэдэг ам өчиг өгч, гарынхаа үсгээр нотлон байж татуулан авч, хянаж судалсан байдаг.

Тэрбээр энэ хэргийг хянаж дууссаныхаа дараа тэр үеийн Улсын Ерөнхий Прокурорт “Яруу найрагч Р.Чойномыг үнэхээр хэлмэгдүүлчихжээ. Хэдийгээр тэр мөнх бусыг үзсэн ч түүнийг цагаатгах нь хувь хүнийх нь хувьд төдийгүй цаашид хүний эрхийг хамгаалахад нийгэмд ач холбогдолтой чухал үйл явдал болно. Түүний үйлдэлд нэгэнт гэмт хэргийн бүрэлдүүн байхгүй байгаа тул таны Улсын Дээд шүүхийн бүгд хуралд бичих эсэргүүцлийн төслийг төлөвлөчихлөө” гэж албан ёсоор танилцуулж байжээ.

Ингээд 1990 оны 4 дүгээр сарын 26-нд болсон Улсын Дээд шүүхийн бүгд хурлаар Р.Чойномд холбогдох хэргийг дахин хянан хэлэлцээд түүнд “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болсон шүлгүүд нь агуулгын хувьд зарим дутагдалтай байсан нь үнэн боловч түүгээрээ БНМАУ-ын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгогүй байсан, төрийн эсрэг чиглэсэн гэх үндэсгүй бөгөөд зориуд бэлтгэж тараасан баримт алга. Иймд 1961 оны эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн “а” ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн явдал буруу болжээ” гэсэн дүгнэлт хийж түүнийг нэхэн цагаатгажээ.

Улмаар С.Нарангэрэл 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа 1961 оны Эрүүгийн хуулийг шинэ Үндсэн хуультай нийцүүлэх зарчмын асуудлыг шийдвэрлэсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн томоохон төслийг дангаараа боловсруулж, Р.Чойномыг бичсэн шүлгийнх нь төлөө “улс төрийн гэмт хэрэгтэн” болгож олон жилийн туршид нийгмээс хатуу чанд тусгаарлан сэтгэлийн тамд унагах эрх зүйн үндсийг тавьсан 1961 оны Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийг хүчингүй болгуулж чадсан байв.

Р.Чойномыг шийтгэсэн хавтаст хэрэгт мөрдөн байцаагч нийтлэлийн эхэнд бичсэн мөртүүдийг хэлээд “Ингэж бичсэн байна. Үүнийгээ тайлбарлан ярь” хэмээн асуусан. Харин Р.Чойном: “Нүглийг туулсан түмэн минь гэдэг бол 1930-аад оны үеийн алдаа завхралыг туулсаныг гэж хэлж байгаа үг юм. Нүдэнд чинь үүл суув уу гэдэг нь бол намайг юм хийх бүтээхийг оролдож байхад түүнийг минь олж харахгүйгээр архичин гэж нэрлэж ад үзэж байна гэсэн санаа юм. Хүчтэний өмнө бөхийж гэдэг нь 1930-аад онд ба бас сүүлд ч гэсэн тэр, нам төрийг алдаа хийж байхад түүний тухайд юу ч дуугараагүй бөхийсөн гэж хэлсэн юм. Хамелеон шиг явсан гэдэг нь бусдыг аялдан дагах дуртай гэсэн утгаар хэлсэн юм” гэж хариулж байсныг Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Академич, Эмерит профессор С.Нарангэрэл хожим нь ил болгож дэлгэсэн юм. Мөн мөрдөн байцаагч “Таны энэ шүлэгт

Эрхэм нөхөд минь эвдээгүй

Энэхэн үе минь эвдлээ дээ гэсэн мөр байна. Үүнийгээ тайлбарлаж ярь” гэхэд Р.Чойном “Би яахав, энэ шүлэгт миний амьдарч байгаа энэ үе намайг эвдлээ дээ гэсэн санаагаар бичсэн юм”.

Мөрдөн байцаагч

–Гэхдээ цаг ирнэ

Гэрт маань, нийслэлд маань

Гэм зэмтэй эх нутагт минь

Гэдэн нь хөдөлсөн түмэнд маань гэдэг бадгийг тайлбарлаж ярь” гэхэд Р.Чойном “Энэ бол түрүүчийн бадагт манайх хөгжил муу гэж дурдсан болохоор манай эх оронд хөгжлийн цаг ирнэ гэсэн утгаар түрүүчийн хоёр мөрийг хэлсэн юм” гэх зэргээр хариулж байжээ.

Р.Чойном ийнхүү хэлмэгдсэнээс хойш 50 жил, цагаатгагдаад 30 жил болсон байх юм.

Тэр үед Монголд ардчилал байсангүй. Дангаар оршсон үзэл суртлыг төр, хууль ингэж хамгаалдаг байв.

Харин өнөөдөр монголчууд бид ардчилсан нийгэмд шилжээд 30 жил боллоо. Үг хэлэх эрх чөлөө, өмч хөрөнгө эзэмших эрх чөлөө, сонгох сонгогдох эрх чөлөө, за тэгээд сурч боловсрох эрх чөлөө, даяарших эрх чөлөөг эдэлдэг нийгэмд амьдардаг.

Гэвч сүүлийн жилүүдэд Монголын улс төд ардчилал устаж, дарангуйлал тогтох байдал илт анзаарагдсан тухай ярих болов. Ардчиллын алтан хараацай хэмээгдэж өдийг хүртэл явсан хүмүүс хүртэл “Ардчилал устсан” тухай ярих болов. Олон нийт бид ямар нийгэмд амьдарч байна вэ, ардчилал бий юу гэдэгт эргэлзэж эхлээд байна.

Хамгийн гол нь эрх баригчид ардчиллын томъёололд байхгүй арга барилаар буюу Р.Чойномыг хэлмэгдүүлсэн шиг зарим хүнийг нэр цохон нийгэмд адлуулах, нэрийг нь харлуулах ажиллагааг зохион байгуулдаг боллоо.

Энэ бүхэн олны нүднээс далд байдаг учраас ихэнхдээ тэдний өгөөш болгон шидсэн цаанаасаа зохион байгуулалттай, гүтгэлгийг бид үмхэж авдаг. Хүссэнээр нь тэрхүү “объект”-ыг харлуулж хардаг.

Ийм эсэргүүний тоо өнөөдөр цөөнгүй болжээ.

Тэдгээр “эсэргүү”-г эсэргүү болгохын тулд бусдаас илүү боловсролтой, хөрөнгөтэй, хүчтэй гэдгийг шалгуураа болгоно. Ийм учраас өөрсдийгөө төр хэмээгч зарим нэр бүхий хүний хувьд хамгийн аюултай эсэргүү этгээд болж буй хэрэг юм.

Энэ нь явсаар Монголын улс төрд, хууль тогтоох дээд байгууллагад хэн байх ёстой вэ гэдэгт хүртэл хэмжүүр тогтоох байдал руу орж байна.

“Гэрээ засаад төрөө зас” гэдэг үг байсаар байтал хэний хүүхэд, ямар хэмжээний хөрөнгөтэй вэ, ямар компанийг эзэмшдэг вэ гэдэг нь улс төрөөс адлагдах шалтгаан болдог болсон нь нэн харамсалтай юм. Н.Номтойбаярыг бол шууд нэрлэж болно.

Ерөөсөө л, өндөр дээд боловсролтой, бусдаас толгой өндөр сэтгэдэг, тэр хэрээрээ бүгдэд ханддаг залуус энэ бүхний золиос болох болсон. Нэг тийм атаач гэдэг юм уу, айдастай хүмүүсийн хийгээд байгаа хэрэг л дээ, тэр нь. Өөрсдөөс нь илүү хүн өөрсдөөс нь давж л тоглоно.

Энэ бол хууль. Тэгэхлээр айх ёстой болоод, айхдаа нухчин дарах гэж бүх аргыг хэрэглэж байгаа юм. Н.Номтойбаяраас өөр олон залуу энэ бүх зүйл дундуур туучиж явааг бид мэднэ.

Гэвч бид, нийтээрээ шахам энэ бүхний уг чанарыг харахаасаа наана нь гарч ирсэн “өгөөш”-д хууртаж, зохион байгуулагчдын хүслийг гүйцээдэг болжээ.

Өнөөдөр дэлхий нийтийн улс, төрийн удирдлагын сэтгэл зүй өөрчлөгдөж байна. Нэг үгээр бүх улсад өөрчлөлтийг хүсдэг болсон. Америк, Англи, өөр бусад улсын ард иргэдийн сонголт хэлээд л өгнө.

Харин манай Монголд хуучны диктатурт арга барилаар бүгдийг нэг “ном”-той байлгадаг систем рүү маш богино хугацаанд аажмаар шилжиж байна.

Яг ийм цаг үед бидэнд үнэнийг хэлдэг олон “өнгө”-ийн дуу хоолой хэрэгтэй байгаа юм. Тэд нийлж байж нэг Монгол болгоно. Тэгж байж 30 жилийн өмнө ирсэн Монголын ардчилал сэргэнэ. Өөр арга байхгүй.

Тийм учраас өнөө цагийн эсэргүү бүхэнд итгэ. Тэд бүгдийг мэдэж байгаа. Харин бид тэднийг яагаад “эсэргүү” гэгдээд байгааг маш товчоор ингэж ойлгох хэрэгтэй юм.


www.olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus