Д.Нямхүү: Дахин хоёр хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-ээс гарлаа
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.05.18 өдөр нийт дөрвөн лабораторид 377 хүнд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Сайхан мэдээ дуулгахад өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарч дараагийн тусгаарлах байр луу шилжсэн байна. Нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн 26 боллоо. Эмчилгээнд 114 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д 182 хүн эмчилгээ хяналтад байгаа. ТЕГ-ын хамт олон ХӨСҮТ-д оношлуур бэлэглэсэнд талархал дэвшүүлье. Өнөөдөр Энэтхэгээс ирж байгаа хүмүүсийн сорьцыг хурдан цуглуулж шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна” гэлээ.

Мэдээллийн төгсгөлд коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрч гарсан хүмүүсээ хэрхэн хянаж байгаа талаарх сэтгүүлчийн асуултад Д.Нямхүү захирал “Эдгэрч гарсан хүмүүсийг ХӨСҮТ-өөс гарсны дараа 14 хоног сувилалд хянана. Сувилалд хянагдаж байхад 2-3 удаа шинжилгээ авна. Үүнийг эмчлэгч буюу тандалт судалгааны эмч нар зөвлөлдөж шийддэг. Өнөөдрийн байдлаар 11 хүн гэртээ гарсан. 15 хүн “Энх саран” сувилалд хяналтад байна. Гэртээ гарснаас хойш 14 хоногийн хяналтад байх тухай зөвлөгөө өгч байгаа. Эдгэрсэн иргэдийг дахин халдвар авахгүй гэдэгт бид баталгаа гаргаж чадахгүй. Дэлхий дахинд судалгаа хийж байна” гэсэн хариулт өглөө.

 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus