С.Долгор: Залуусыг магтан сайшаахын хажуугаар загнаж, зэмлэх үе ч байх л юм
Баянгол дүүргийн удирдлагууд дүүргийн ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Улаанбаатар паласд боллоо. Хилийн цэргийн дуу бүжгийнхэн авьяаслаг уран бүтээлчид урлагийн тоглолт толилуулж, дүүргийн удирдлагууд болон тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд зарим ахмадуудаа шагнаж, урамшуулсан юм. Энэ өдөр ахмад буурлуудын нүүрэнд баярын мишээл тодорч, ерөөлийн үгс амнаас ам дамжсан сайхан өдөр байлаа. Харин энэхүү сайхан өдөр ахмадууд дунд энгээрээ дүүрэн тэмдэгтэй нэгэн буурай нүдэнд минь яахын аргагүй тус түүнтэй уулзаж, ярилцахад хүргэсэн юм.

Буурайн нэрийг С.Долгор гэдэг. Тэрээр Баянгол үүргийн Ардчилсан намын ахмадын зөвлөлийн дарга хэмээх албан тушаалтай. Тиймээс л таарсан хүн болгон түүнийг “Даргаа ...” хэмээн хүндэтгэн гар барьж мэндэлж харагдана. Түүний хөгжилтэй яриа, инээмсгэлэн бусадтай мэндчилэх зэрэг нь Улаанбаатар паласын танхимд үнэхээр ялгарч байлаа.

-Сайн байна уу. Баярын мэнд хүргэе. Сайхан өдөр байна шүү?

-Тиймээ их сайхан өдөр байна. Өнөөдөр ахмадууд маань бүгд л их баяр баясгалантай байцгаана.  Эдэнтэйгээ уулзаад сэтгэл хөдлөөд л явж байна. Их сайхан арга хэмжээ болж байна.

- Одоо Баянгол дүүргийн Ардчилсан намын ахмадын зөвлөлийн даргын алба хашчдаг гэлээ. Өмнө нь ямар албан тушаал эрхэлдэг байв. Улс төрийн салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Баянгол дүүргийн АН-ын ахмадын зөвлөлийн даргын албан тушаал хашихаас өмнө намын үүрийн даргаар ажиллаж байсан. Намын үүрийн даргаар 16 жил ажилласан байна. Миний хувьд 1989 онд Монголын Ардчилсан хувьсгалд элссэн. Түүнээс хойш 25 дахь жилдээ ардчилалдаа үнэнчээр зүтгэж яваа ахмад байна. Ер нь улс төрийн ажилд 25 жилээ зориулжээ.

-Улсад хэчнээн жил ажилласан бэ. Ардчилсан намд элсэхээс өмнө юу хийж байв?

-Улсад 30 гаруй жил ажиллажээ. Намын гишүүн болохоос өмнө нийтийн хоолны салбар ажиллаж байсан. Барилгын цэргийн 022 дугаар ангид тогооч хийж ажлын гараагаа эхлүүлж байлаа. Түүний дараа нийтийн хоолны гал тогоонд орж тогоочоор ажиллаж байгаад намын гишүүн болсон юм.

-С.Долгор гуайн хувьд аль нутгийн хүн бэ?

-Би Архангай аймгийн Цэнхэр сумын хүн.

-Ам бүл хэдүүлээ вэ? Эхийн нэг хоёрдугаар одонтой юм байна. Олон хүүхэд төрүүлж өгсөн бололтой?

-Найман хүүхэд төрүүлж өсгөжээ. Хоёр хүү, зургаан охинтой. Дөрөв нь гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа. Дөрвөн хүүхэд маань Монголдоо ажилладаг. Бүгд л ажил мэргэжилтэ том улс болжээ.

Миний гэр бүлийн хүн, хүүхдүүдийн эцэг 2001 онд бурхан болсон. Үүнээс хойш хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх хүндхэн үүргийг ганцаараа гүйцэтгэж ирлээ. Гэхдээ миний хүүхдүүд маш хүмүүжилтэй өссөн. Одоо бүгд сайн явж байна. Хүүхдүүд сайн явахаар миний сэтгэл санаа тайван байх юм. Үүнээс шалтгаалж их залуу сэтгэлгээтэй болсон юм болов уу. Өөдрөгөөр амьдарч, бусдад ч тэрхүү сайн сайхныг хүргэхийг хичээж явна.

-Их олон сайхан тэмдгүүд таны энгэрт харагдах юм. Танилцуулахгүй юу?

-За тэр доод хэд нь ч яахав. Сүүлд энэ “Алтан гадас” одонг авлаа. Мөн түүний хажууд “Ардчиллын дээд одон” бий. 1989 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хотын дарга Э.Бат-үүл нартай нэг эгнээнд  зэрэгцэн ардчиллыг цогцлоохоор зүтгэж байсан. Түүнийг минь үнэлэн “1990 он” гэсэн тэмдгийг анхны партизанууддаа өгсөн. Түүнчлэн “Хөдөлмөрийн хүндэт”, “Оны тэргүүн” гээд олон сайхан тэмдгүүд бий. Мөн найман хүүхэд төрүүлсний баталгаа эхийн одондоо хайртай.  

-Саяхан залуу явсан нэг мэдсэн ахмадын баярт оролцоод явдаг боллоо гээд ярьж байхыг тань сонслоо. Одоо эргээд харахад их зүйл өөрчлөгдсөн байна уу?

-Харин тийм ээ. Саяхан л залуу явсан. Тэгсэн толинд харсан их хөгширсөн байна лээ. Хорин хэдтэй годгоносон охин байлаа. Ийм ч бүдүүн байгаагүй шүү. Бага залуу нас минь нийтийн хоолны салбарт гал тогоонд үлджээ. Эргээд харсан чинь 60 нас хүрэх гээд л явж байна. Гэхдээ би их эрт 33 насандаа эмээ болсон хүн шүү дээ. Тэгэхээр тэр үед л ахмадын эгнээд шилжиж дээ.

-Нийтийн хоолны салбарт ажилласан байсан үеэсээ дурсахгүй юу?

-Нийтийн хоолны салбарт бага насаа өнгөрөөсөн. Тогооч бол хүнд мэргэжил. Гэхдээ л халуун тогоонд ажиллаж, үр шимийг нь одоо ч хүртэж, сургаж, суралцаж явна. Тэр үеийг дурсахад одоо ч сайхан байдаг. Залуу ч байж, эрч хүчтэй ч ажилладаг байж дээ.

-Таныхаа өнөөгийн залуус хэрхэн харагддаг вэ?

 -Өнөөгийн залуусын мэдлэг боловсрол өмнөх үеэс шал өөр болжээ. Бидний үеийн залуус ийм байгаагүй, “ноомой” л байсан/инээв/. Гэтэл өнөөгийн залуус их хөгжсөн байна. Техник технологи, авьяас ур чадвар гээд л хөгжиж дэвшсэн зүйл ихээхэн харагддаг. Би залуу байсан болоосой гэж бодогдох үе гарна шүү. Залуусыг магтан сайшаахын хажуугаар загнаж зэмлэх үе ч байх л юм.

-Улаанбаатар хот минь өдрөөс өдөрт өргөжин дэвжиж, хөгжсөөр л байна. Таны залуу байх үеэс их зүйл өөрчлөгдөж үү?

-Соц нийгмийн үед Улаанбаатар хот минь цэвэр цэмцгэр сайхан хот байсан. Төр, нийгэм солигдоод 1990 оноос хойш бүтээн байгуулалт өрнөж, нийслэл хот минь улам л  өргөжин тэлж байна. Зам харгуй, гудамж талбай гээд нүдний өмнө хөгжилд дэвшил цэцэглэн босч, түүнийхээ хэрээр иргэдийн сэтгэл ханамж ч нэмэгдэж байгаа. Яахав сэтгэл нийцэхгүй зүйлс бий. Гэхдээ муугаасаа сайн нь их шүү дээ. Сайн зүйл хэлж ярьж байх хэрэгтэй. Тэгж байж л хөгжил цэцэглэлт харагдана.

-Өнөөдөр олон улсын ахмадын баярын өдөр. Та ахмадууддаа мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?

-Олон улсын ахмадын баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Монголын бүхий л ахмадууддаа баярын мэндийг хүргэе. Мөн бүгдэд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе. Гол нь эрүүл байх хэрэгтэй шүү дээ. Та бүхэн минь сайхан баярлаарай.

-Баярлалаа. Танд ч гэсэн олон улсын ахмадын баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай.  

Л.Тамир
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Oogii 2017-01-04 17:31:45
    Minii eej saihan hun shuu dee....
    119.193.19.216
    Мэдэгдсэн Хариулах