Нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан /2020/05/11/ мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо.

Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн газарт танилцуулж, тогтоол шийдвэр нь гараад байгаа аж. Мөн  Сангийн яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох газрууд нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Ипотекийн корпорацийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг дахин төлөвлөх, иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжих явцад хохирсон иргэд бишгүй байсан. Харин иргэдийг хохиролгүй байлгах үүднээс нийслэлийн зүгээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн түрээслээд өмчлөх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ ажлын үр дүнд нийт 3000 орчим айл өрх орон сууцанд хамрагджээ. Дахин төлөвлөх ажлын хүрээнд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр иргэдийг эхний ээлжинд орон  сууцанд оруулсны дараагаар газрыг нь чөлөөлөх байдлаар зохион байгуулж байгаа юм.

Иргэдийн хувьд санхүүгийн дарамтад орохгүйгээр орон сууцтай болох хэрэгцээ шаардлага бий. Харин энэ шаардлагын дагуу нийслэлийн Ипотекийн корпорацийг байгуулж, өргөн хүрээнд, богино хугацаанд олон айл өрхийг орон сууцжуулах ажил бодитойгоор хэрэгжиж эхэлж буйг хотын Захирагч хэллээ. Нөгөөтэйгүүр барилгын компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд баригдаж дуусаад захиалга авч буй нийт 17788 орон сууц байгаа бол ашиглалтад орсон 4078 орон сууц бий. Иргэдийн эрэлт хэрэгцээ байгаа ч санхүүгийн хүндрэл бэрхшээлээс болж орон сууц худалдаж авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг. Харин үүнээс үүдэн барилгын компаниудын хөрөнгө царцсан байдлыг ийнхүү шийдвэрлэн энэхүү ажлыг эхлүүлж буйг хотын Захирагч онцолж байлаа.

Гэр хорооллын 220 гаруй мянган айл өрхийг богино хугацаанд орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж эхэлж байна. Нийслэл хотын иргэн бүр тодорхой шалгуурын дагуу түрээслээд өмчлөх энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой. Одоогийн байдлаар түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт 35 мянган иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа аж. Нэг дор бүх иргэдийг орон сууцжуулах боломжгүй учир үе шат, дарааллаар нь хөтөлбөрт хамруулаад явах юм. 50 метр квадрат орон сууцанд сар бүр 394 000 төгрөг, 60 метр квадрат бол сар бүр 490 000 төгрөг, 70 метр квадратад 690 000 төгрөгийг төлөөд түрээслээд өмчлөх байдлаар орон сууцтай болох боломж бий. Тухайн иргэн сар бүр илүү төлөлт хийж, орон сууцаа богино хугацаанд өмчлөх эрх нь ч нээлттэй байгаа юм.  

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zass 2020-05-12 04:29:43
    Uls niigemd ih haltai hun bn daa ene
    172.69.252.145
    Мэдэгдсэн Хариулах