Эрх мэдэлтнүүдийн дургүй хүнээ ''шоглох'' ажиллагаа Н.Номтойбаяраар үргэлжлэх үү
Сонгууль бүрийн өмнө МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвшинэ, дэвших боломжгүй гэх “маргаан” өрнөдөг. Эцэст нь хуулийн аль нэг заалтаар Н.Энхбаяр сонгуульд нэр дэвших эрхээ хасуулдаг. Энэ удаад ч жишиг давтагдав. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн.

Хуралдаанаас, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”, 32 дугаар зүйлийн 32.2.9 дэх заалтад “авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргалаа. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших эрхээ дахин хасуулж байна. Н.Энхбаярыг хувьд 2013 онд авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаад суллагдсан юм.

Тэгвэл энэ түүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түр түдгэлзээд буй Н.Номтойбаяр дээр давтагдах уу? Эрх мэдэлтнүүд дургүй хүнээ “шоглох” ажиллагаагаа  Н.Номтойбаяр дээр хэрэгжүүлэх үү? Ингэж хардах шалтгаан ч байгаа юм.

 Түүний УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ зарласнаас хойш нэр дэвших үйл явцад саад болохуйц үйл явцууд өрнөж эхэлсэн. Асуудал ийн ойлгомжгүй, учир битүүлэх өрнөж эхэлсэн учир Н.Номтойбаяр АТГ-т хандаж, хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм.  Тэрбээр “Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа. Би үүнийг  нотлох баримтад үндэслээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч иргэний эрхээ эдэлж байна. Прокурор байлаа гээд хуулиас давуу байж болохгүй. Миний хувьд сайдаар ажиллаж байхдаа гаргасантай ижил шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар 2018, 2019 онд гаргасан. Эдгээр шийдвэрээ буруутай гэж үзэхгүй хэр нь намайг буруутай гээд байх юм. Би мэдүүлэг өгнө. Гэхдээ ямар үндэслэлээр буруутгаж байгаа юм бэ, би хууль зөрчөөгүй тул нотлох баримтаа бүрдүүлэхэд цаг хэрэгтэй гээд гарсан. Гэтэл дахиад маргааш нь шууд яллах дүгнэлт үйлдсэн. Яллагдагчаар татсан ч гэсэн нотлох баримт, тайлбараа өгөх, гэм буруугүйгээ нотлох эрхтэй. Тиймээс би шууд улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдэж, надад нотлох боломж өгөхгүй байгаа тул хүлээн авахгүй гэсэн. Улмаар албадан ирүүлэхээр болсон. Удалгүй цагдаа нар нь ирээд намайг оруулсан. Нийслэлийн прокурор дээр яллах дүгнэлтээ танилцуулах байхад Чингэлтэйн шүүхийн коридорт танилцуулаад гарын үсэг зур гэсэн. Би зураагүй. Процессын алдаатай зүйлд гарын үсэг зурахгүй. Өмнө нь би АТГ, прокурорын байгууллагад нэг ч удаа хүндрэл учруулж байгаагүй. АТГ, ЦЕГ-ын удирдлагууд улс төрийн томилгоогоор ажилладаг. Улс төрөөс ангид байх эрхзүйн орчин алга. Сүүлийн хоёр жилийн хугацаанд арай хэтэрлээ” хэмээн мэдэгдсэн юм.

Ийн Н.Номтойбаярыг бие даан нэр дэвших сургаар зэрэгцэн эрх мэдэлтнүүд буруутгах шалтаг шалтгааныг эрэн хайсаар байна.  Ирэх өдрүүдэд Н.Номтойбаярыг “шоглох” ажиллагаа хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus