Экс Ерөнхий сайдад ял оноож, ЗГ-аас хүүхэд бүрт 100 төгрөг олгох шийдвэр гарсан долоо хоног
Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт 793 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий багц арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдэгдсэн онцлох үйл явдлын нэг байв. Мөн “Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн хүрээнд  пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургууль зохион байгууллаа. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэе ээ.

Хүүхэд бүрт 100 мянган төгрөг олгоно

Лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Коронавируст халдвар /COVID-19/-ын тархалттай холбогдуулан эдийн засгийг сэргээхэд чиглэсэн дөрвөн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо.

1.  0-18 насны хүүхэд бүрт 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 70.000 төгрөгөөр нэмэгдүүлж 100.000 болгон олгоно. Улсын хэмжээнд 1 сая 140 мянган хүүхэд хүүхдийн мөнгөн тэтгэмж авна.
2.  Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд  олгож байгаа хүнсний талоныг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хоёр дахин нэмэгдүүлнэ. Ингэснээр 122 мянган  насанд хүрэгч 32.000 төгрөг,  118.2 мянган хүүхэд  тус бүр 16.000 төгрөгийн хүнсний талоны дэмжлэг авч байх юм.
3.  Нийгмийн халамжийн сангаас сар бүр дараах иргэдэд олгодог 188 мянган төгрөгийн  нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 05 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 01- ний өдөр хүртэл хугацаанд тус бүр 100.000 төгрөгөөр нэмэгдүүлж олгоно. Үүнд, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настнууд, тэжээгч болон асран хамгаалагчгүй, хагас, бүтэн өнчин хүүхэд, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх, одой хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 62,6  мянган иргэн хамрагдана.
4.  Малчдын орлогыг нэмэгдүүлж, ноолуурын салбарын дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаар УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу малчдад тушаасан ноолуурын нэг килограмм тутамд 20.000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ.  Урамшууллыг 2019 оны жилийн эцсийн мал тооллогын А данс дахь ямааны тоог үндэслэн олгох аж.

Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоолоо
 
“Ковид-19 халдварт цартахлын  халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт  гамшгаас хамгаалах дадлага сургуулийн хүрээнд пүрэв гарагт Чингэлтэй дүүргийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг 08:00-18:00 цагийн хооронд зохион байгууллаа.

Хөл хориог  Төв шуудан-Баруун дөрвөн зам-Гэсэрийн уулзвар-Эх нялхас-Баянхошууны хөтөл-Халзангийн даваа-Сэлбэ гол дагуу Япон цогцолбор-7 буудал -32-ын тойрог- Баянбүрдийн уулзвар-Хүрд компанийн уулзвар гэсэн нийтдээ 63.9 км газарт хөл хорио тогтоолоо.

М.Энхсайханд дөрвөн жил зургаан сарын хорих ял оноолоо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал мягмар гарагт эхэлж гурван өдрийн турш үргэлжилж, пүрэв аграгт шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс М.Энхсайханыг гэм буруутай гэж үзлээ. Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас М.Энхсайханд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад: Прокуророос М.Энхсайханд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийг тусгаарлаж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт нэгтгэн шүүгдэгч М.Энхсайханд Нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эрх хасах ялыг хугацаатай хорих ял эдэлж дууссан цагаас эхлэн тооцсон Хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсон байна.

Элчин сайд нарыг томиллоо

УИХ өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томилгоотой асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Энэ дагуу элчин сайдад нэр дэвшигчдийг парламентаар хэлэлцэж,  гишүүдийн олонх дэмжсэн тул  санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

Мөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.