И.Дарьсүрэн: Зав л гарвал цэцэг модоо арчилдаг
“Дэлхийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн өдөр тохиож байна. Иймээс бид өөрийн амьдарч буй эрүүл,  эко  орчин   болгон тохижуулсан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  сумын иргэн  И.Дарьсүрэнтэй ярилцлаа. Түүний хувьд тогооч мэргэжилтэй ч чөлөөт цагаараа цэцэг, жимсний мод тарьдаг нэгэн юм.

-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байна уу? Намайг Ичинноровын Дарьсүрэн гэдэг. Сэлэнгэ аймагт гэр бүлийн хамт амьдардаг. Ам бүл тавуулаа. Хоёр хүү тусдаа гарч, охин маань оюутан болсон.



- Хэзээнээс хашаандаа цэцэг, мод тарьж эхэлсэн бэ?

-Сүүлийн 10 жил өөрийн сонирхлоор хашаандаа цэцэг, жимсний мод тарьж байгаа.

-Одоогоор танай хашаанд хэдэн төрлийн цэцэг, жимсний мод ургаж, үр жимсээ өгч байна вэ?

-Жил бүр үрийг нь хурааж авч, гаршиж тарьсан зургаан төрлийн цэцэг байгаа. Зарим цэцгийн үр, үрсэлгээ аваад 1 жил тариад үрийг нь авч болохгүй юм уу, дараа жил ахиж үр нь олдоогүй бол өөр цэцэг тарьдаг. Жимсний мод арван төрөл байсан. Энэ жил алим, хөх далан хальс гэдэг хоёр төрлийн мод нэмж тарьсан байгаа. Гэхдээ зарим нь жимсээ хараахан өгч эхлээгүй байна.

-Эрүүл, эко орчинг бүрдүүлэхэд хүмүүсийн хандлага хэр байв. Хэр олон хүн дэмжсэн бэ?

-Ер нь хүмүүс их дэмжсэн. Анх цэцэгнүүдээ тарьж эхэлж байхад манайх зөөврийн устай байсан. Ус их зөөдөг байлаа. Цэцэг тарих дуртай гээд найз нөхөд, эгч, дүү нар маань  ийш тийш явах болгондоо янз бүрийн үр авч ирж өгнө. Нөхөр, хоёр хүү минь  жимсний модны нүх ухах, шороо бууц зөөх гээд миний хүч хүрэхгүй ажлуудыг хийж өгч тусалдаг байсан

-Хашаагаа цэцэгжүүлэх явцад хүндрэлтэй асуудал гарч байв уу?

-Хөрсний асуудал төвөгтэй байсан. Манай хашааны газар хайрга, элс ихтэй болохоор гаднаас бууц ,хар шороо зөөж цэцэг тарих газраа хөрсжүүлсэн.

 -Хөрсөлгөө, бордоо зэргээ хаанаас хэрхэн бэлддэг вэ?

-Хоньтой айлаас бууц авна. Био ялзмаг гэж бордоо дэлгүүрээс, хар шороон хөрсөө уулнаас болон хувь хүнээс худалдаж авсан. Мөн тахианы сангастай шороог найзынхаасаа авдаг.

-Мод, цэцэг тарихаар бэлдэж буй хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ?

-Хамгийн гол нь хөрсөө бас үрээ бэлдэнэ. Зарим үрийг усанд дэвтээж хонуулаад таван сарын 1-ээс шууд тарина. Харин заримыг нь хоёр эсвэл гурван сард үрслүүлээд, зургаан сард хашаандаа гаргаж суулгана. Дараа нь усалж зэрлэг өвсийг цэвэрлэнэ.

-Цэцэг, жимсний мод тарихад арчилгаа нэлээд шаарддаг байх?

-Өдийд бол гадаа үрээ суулгах, услах гээд өдөр болгон л арчилна. Өглөө ажилдаа явахаас өмнө, орой ажлаас ирээд усална. Зэрлэгээ цэвэрлэнэ. Ер нь зав л гарвал цэцэг модоо арчилна. Одоохондоо короновирусээс болоод ажил зогссон болохоор өдөр бүр л арчилж байна даа. Бас ажлынхаа хашаанд цэцэг тарина.

- Арчилгаанд орох ус, бордооны хэмжээ хэр их байх бол?

-Жимсний модоо нэг удаа услахдаа 20 литр усаар тогоог нь дүүртэл услахад долоо хоног болдог. Харин цэцэгээ өдөр болгон шүргээд усалсан ч болно. Бордоо их хэрэглэдэггүй. Цэцгээ анх үрслүүлэхдээ л бага зэрэг хэрэглэж байсан юм.

-Арван жилийн турш ургуулж, усалж тордсон цэцэг, жимсний модоо хараад танд ямар сэтгэгдэл төрдөг вэ?

- Цэцэг тариад арван жил болсон байна. Харин хамгийн анхны тарьсан мойл, чацаргана, үхрийн нүд зэрэг одоо 13 настай. Энэ бүхнээ харахад сэтгэл сэргээд маш сайхан байдаг. Яг өдийд модны цэцэгний үнэр нь маш тансаг үнэртдэг. Дөнгөж цухуйж байгаа цэцгийн дэлбээгээ нээхийг нь байн байн хармаар санагдаж өөрийн эрхгүй сэтгэл баясаад байдаг юм аа.






 
Б.Сувдаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-05-07 00:44:20
    yamar goy tum be
  • иргэн 2020-05-07 00:02:29
    ийм л хумуус олон болоосой амьдад ажлын ухсэнд маанийн нэмэргуй хуний сугнууд мен хузуугуй хузуутэй хулгайч луйварчид монголд их гай болж бна даа
  • Даваажаргал 2020-05-06 13:09:58
    Мундаг бүтээлч эгч шүү.