Төв банкыг кассын машин болгохын аюул

Дэлхий нийтийн сүүлийн 100 жилийн түүхэнд улс орон тус бүр эдийн засгийн олон асуудалтай тулгарч байсан бөгөөд тэдгээрийг даван туулах хамгийн дөт арга, замыг байнга эрэлхийлж иржээ. Мэдээж асуудлыг шийдвэрлэхэд хамгийн амар аргыг сонгох нь зүй ёсны асуудал боловч тэрхүү шийдвэр нь эргээд урт хугацаанд асуудал бий болгох эсэхийг заавал нягтлах ёстой. Аливаа хямралын үед эдийн засгийн идэвхжил, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд төв банкыг кассын машин болгох явдал одоо хэр байсаар байна. Хамгийн сүүлд л гэхэд Венесуэл, Зимбабве, Аргентин улсуудын эрх баригчид, удирдагчид нь богино хугацаанд асуудлаа шийдвэрлэхийн тулд мөнгө хэвлээд эцэс сүүлд нь гиперинфляц болж юмний үнэ цаг, минутаар өсөв.

Тэгвэл коронавируст цар тахлын үед хөл хорионоос улбаатай улс орон тус бүр эдийн засгаа аврахын тулд чадах бүхнээ хийж байна. Төсвийн бүтцээ өөрчлөх, мөнгөний зөөлөн бодлого явуулах гэх мэт арга хэмжээг авч байгаа нь голлон иргэдийн итгэлд, худалдан авалтад нөлөөлөх зорилготой. Мэдээж энэхүү хүндрэл нь эдийн засгийн гаралтай бус, халдварт өвчнөөс болж байгаа тул шийдлийг нь одоо хэр олоогүй байна. Ямартай ч халдварын тархац буурч, вакцин гартал асуудал алга болохгүй болов уу.

Монгол Улсын хувьд 2008 оноос хойш сонгуулийн мөчлөгтэй уялдаатайгаар эдийн засгийн уналт өсөлтийн тойргийг бий болгосоор иржээ. Аливаа хямралд бэлэн байхад хуримтлал чухал гэдгийг хэн хүнгүй мэддэг ч түүнийгээ умартаж ирсэн түүхтэй. Харин 2017 онд дампуурахаар болоод байсан манай эдийн засагт итгэлийн гал асаасан ОУВС-ын хөтөлбөрийн үр дүнд бид чамлахааргүй их нөөцтэй болжээ. Харин одоо дараагийн тойрогтой давхцаж, коронавирусийн асуудал гарч ирсний улмаас хамгийн хялбар арга буюу мөнгө хэвлэж, тараах санал гарах боллоо.

Мөнгийг нийлүүлж, хүмүүс гар дээрээ мөнгөтэй байх нь сайхан биш гэж үү? Богино хугацаанд тийм байж болох ч дунд, урт хугацаанд үгүй юм. Иргэд ойрын 1-6 сарын асуудлыг харж байдаг ч эдийн засаг түүнээс холыг хамарч байдаг. Хэрэв мөнгө хэвлээд, байр өгөөд, зээл тэглээд байвал дэлгүүрт байгаа барааны үнэ өнөөдөр биш ч, маргааш өсөх нь гарцаагүй. Нөгөө талд нь манай улс ам.доллар, юанийг хэвлэдэггүй учраас төгрөгийн ханш унах нь дамжиггүй юм.

Монгол банк 2012-2016 оны хооронд төсвийн шинжтэй, “Үнэ тогтворжуулах” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан нь үүний тод жишээ. Тус хөтөлбөр нь мах, гурил, нүүрс, шатахууны үнийг барих 5 заалттай байв. Өдгөө хөтөлбөр дуусч, ипотекийн хөтөлбөрийг эс тооцвол бусад бүх төсвийн шинжтэй хөтөлбөрүүд эцэслэсэн боловч түүний хор нөлөө одоо ч оршсоор байна. Үндсэндээ бол тэдгээр хөтөлбөрүүд нь богино хугацааны жаргалын төлөө ирээдүй, хойчоосоо хулгай хийсэн явдал юм.

Тухайн үед нийтдээ 4.5 их наяд төгрөг хэвлэгдэж зах зээл рүү шингэсэн. Ийм их хэмжээний мөнгийг зах зээл рүү нийлүүлэхэд валютын ханш мэдээж тогтвортой байхгүй нь лавтай. Ханш хөдөлж эхлэх үед улс төрчид сандралдан Монгол банкыг шахсанаар валютын нөөцөө зах зээлд нийлүүлж, 6 тэрбум орчим ам.долларыг ууршуулсан. Ууршуулсан гэж байгаа нь Монголчууд гадаадаас бүх юмаа авдаг учраас валют нийлүүлсэн ч тэр нь гараад л явчихдаг нягууртайг илэрхийлж байгаа хэрэг. Тэгэхлээр ер нь өнөөгийн ханшийн өөрчлөлт бол 2012 онд хэрэгжиж эхэлсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн үр нөлөө болохыг санах хэрэгтэй.

Нөгөөтээгүүр, мөнгийг удирдлагагүйгээр хэвлэж эхэлвэл ядуурал улам бүр нэмэгддэг. Мэдээж юмны үнэ өсөөд эхэлбэл дундаж орлоготой байсан иргэдийн цалин хаанаа ч хүрэхгүй болж таарна. Хүргэн хүү дээр “Хорин шарыг минь хоёр, гуравхан хулгана идчихлээ” гэдгийн хулгана нь инфляц бөгөөд мөнгөний тоо өссөн ч, барааны хэмжээ тогтмол байхад эрэлт нийлүүлэлтийн хуулиар мөнгө үнэгүйддэг. Улс төрчид богино хугацаанд шийдлийг олж, нэр хүндээ өсгөсөн хэдий ч урт хугацаанд дэлгүүрийн лангуун дээр талх байтугай эмийн санд эм байхгүй болсон жишээ Венесуэлд байна. Хэдхэн жилийн өмнө газрын тоосоороо баяжиж байсан улс өнөөдөр модоо бариад байна. Ер нь төв банкыг кассын машин болгохын аюул үүгээр зогсохгүй их юм.

Коронавируст халдварын үед мөнгөний хэт зөөлөн бодлого явуулж, мөнгөний эргэлтийг гадаадын төв банкууд нэмэгдүүлж байна. Гэхдээ үнийг мөнгө хэвлэхтэй холбож ойлгож болохгүй. Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд заавал Засгийн газрын үнэт цаас худалдаж авах, эсвэл эргэн татагдах нөхцөлтэйгөөр санхүүжилтүүдийг хийж байна. Манайд угаас Төв банкны тухай хуулиар төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхийг хориглосон. Гэхдээ тэр хуулийн заалтыг өөрчлөх боломж байсаар байгаа тул банкны хараат бус байдлыг хүндэтгэх хэрэгтэй. Харин үнэхээр шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас үнэт цаас гаргаж, түүнийг нь  Монгол банк худалдаж авах замаар хийвэл илүү зөв шийдэл болох болов уу.

Н.Баттүшиг

Бусдад түгээх
  • gplus