
“Rare Metal Mining Mongolia компани Оюу Толгойн орчим алт зэсийн хүдрийн орд илрүүллээ” хэмээн https://www.miningsee.eu/ сайтад мэдээлжээ. Тодруулбал, “Rare Metal Mining” компанийн зүгээс Монгол улсад Оюу толгойн уурхайн ойролцоо алт, зэсийн хүдрийн томоохон орд илрүүлээд байгаа тухай мэдээлсэн байгаа юм. Тэд нийт 2,398 га талбай бүхий алт зэсийн томоохон ордыг илрүүлснийхээ дараа “Market Peak” компанитай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан тухай мэдээлэлд дурджээ. Уг орд нь Ази тивдээ хамгийн том зэсийн уурхайд тооцогдож байгаа Оюу толгойгоос ойролцоогоор 240 километрийн зайтай оршдог бөгөөд 2021 онд ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байгаа өрөмдлөгийн ажлуудтай зэрэгцүүлээд, орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээг дэмжих гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурсан тухай болон 2023 он гэхэд зэс, алтны анхны олборлолтоо хийгээд эхэлчихсэн байх төлөвлөгөөгөө зарласан байх юм.
Ийнхүү Монголын баялаг гадаад зах дээр бараа таваар шиг зарагдсан уу, гэх асуулт урган гарч ирлээ.
Мэдээж геологийн ажлаар орд газар илрүүлсэн нь сайн зүйл. Гэхдээ Монгол Улс гэдэг бол тусгаар тогтносон улс. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын баталгаа нь газрын баялаг, газар нутаг. Гэтэл хууль зөрчиж Монгол Улсыг эзэнгүй тал байгаа юм шигээр төсөөлж “миний эзэмшил газар” гэж дураараа донгодох эрх Rare Metal Mining гэх компанид бий юу?
Дээрх мэдээллээс 2,398 га талбайг тус компанийн эзэмшилд байгаа мэтээр дураараа захиран зарцуулж байгааг харж болно. Гэхдээ тэд Оюутолгойгоос 240 км зайд ямар нэртэй ямар орд газар илрүүлсэн гэдгээ бичсэнгүй. Тэдний зарлан бичсэн бүсэд Хармагтай, Шүтээн, Нарийн худаг, Оюут гээд орд газрууд бий.
Иймээс эдгээр ордын аль нэг нь гадны зах дээр борлуулагдсан гэсэн үг болж таарч байна уу? Хэрэв ийм агуу том орд нээгдсэн юм бол тэд эхлээд геологийн тайлангаа Монголын геологиудад өгч үнэн худал эсэх магадлалаа тогтоох ёстой. Дараа нь гадны хөрөнгө оруулалтыг яаж хэрхэн татах тухай асуудлыг Монголын төртэй ярих нь зүйн хэрэг.
Монгол Улсын Үндсэн хуульд газар нутаг, түүний баялаг Монголын ард түмний өмч. Өмчийн эзэмшил дотор нэгдүгээрт өмчлөх, хоёрдугаарт эзэмших, гуравдугаарт ашиглах эрх гэж байна. Тусгай зөвшөөрөл бол ажил гүйцэтгэх зөвшөөрөл болохоос биш газар нутгийг эзэмшүүлэх зөвшөөрөл биш. Тийм учраас Монголын ард түмнээс асуухгүй дэлхий дахинд ийм мэдээ түгээж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнол Үндэсний аюулгүй байдалд занал учруулсан үйлдэл мөнөөс мөн.
О.ОНОН