Галын шугамын тэргүүн эгнээнд хилчид

Дэлхий нийтээр онцгой дэглэмд шилжиж, хүн нэг бүрээс хариуцлага нэхсэн өдөр хоногууд үргэлжилж байна. Хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан энэ цаг үед цар тахалтай тэмцэх галын шугаман дээр ажиллаж буй алба хаагчдын хичээл зүтгэл, гавьяа  юу юунаас ч онцгой. Тэр дунд агаарын замыг манаж буй хилчид бол галын шугамын тэргүүн эгнээнийхэн. 

Коронавирусаас сэргийлэхийн тулд иргэд аль болох гэртээ бүгэж, ариун цэврээ сахиж буй бол Буянт-Ухаа боомт дээр ажиллаж буй мэргэжлийн хяналт, хилийн шалган нэвтрүүлэх албаныхан хамгийн эрсдэлтэй бүсэд үүрэг гүйцэтгэдэг. Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, очиж буй иргэдийг хамгийн түрүүнд шалгаж, баримт бичгийг нь хөтлөх үүргийг тэд хүлээж буй юм. Тиймээс улс орон, хүн ардынхаа аюулгүй байдлын манаанд эрсдлийг сөрж зогссон агаарын замын хилчдийг “Монгол Улсын төлөө” буландаа онцоллоо.

НЭГ ИРГЭНИЙГ ДОЛООН МИНУТ, ОНГОЦЫГ ДОЛООН ЦАГ ШАЛГАЖ БАЙНА

Онцгой цаг үетэй холбогдуулан Буянт-Ухаа боомт хязгаарлалт тогтоожээ. Тусгай нислэг, орон нутгийн зорчигч, нисэх буудлын ажилчид үүднээс эхлээд хэд хэдэн  удаагийн дамжлагаар халуунаа хэмжүүлж, гараа ариутгаж нэвтэрч байна. Бусад тохиолдолд иргэдийн орж гарахыг хөдөлгөөнийг хаасан байв. 2-3 удаагийн халуун хэмжих цэгээр дамжиж хилийн шалган нэвтрүүлэх бүсэд хүрлээ.

Биднийг өчигдөр өглөө 09:00 цагт очиход Улсын онцгой комиссын шийдвэрээр иргэдээ эх оронд нь авчрах Сөүл чиглэлийн онгоц хөөрөх бэлтгэлээ хийж байв. АНУ, Солонгос, Япон, Казакстан, Монголын 224 зорчигч нисэх багийн хамт Сөүлийг зорилоо. Тэднийг иж бүрэн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй хилийн шалган нэвтрүүлэхийн шалгагчид нэг бүрчлэн баримт бичгийг нь хянаж, заавар зөвлөгөө өглөө. Сөүл явсан зорчигчдын ихэнх нь монгол иргэд бөгөөд Солонгосын Элчин сайдын яамнаас шаардлага хангасан иргэдийг хүлээж авах, тодорхой хугацаанд олгосон визийг хүчингүй болгох шаардлагыг тавьсан учраас 60 гаруй иргэн эндээ үлджээ.

Онгоц хөөрсний дараахан Хилийн 0218 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Ганбаатартай уулзахад “Зорчигчидтой харьцахдаа энгийн хувцас өмсөхгүй бол албаны хувцаснаас жийрхэх янзтай” гэсээр биднийг угтлаа. Тэрээр “Өмнө нь бид нэг хүнийг минут хэртэй шалгадаг байсан бол одоо долоон минут болж байна. Зарим нь шалгуулахгүй, мэдээллээ буруу хэлэх зэргээр хүндрэл бэрхшээл гарна.  Гэхдээ цаг үед нь тохируулж бага багаар туршлага сууж байна. Зорчигчийн тооноос хамаарч нэг онгоцыг долоон цаг гаруй шалгаж байна. Өмнө нь хоёр цаг л зарцуулдаг байсан.Боомтод хөл хорио тогтоосон учраас бусад байгууллагын адил хүмүүсээ аль болох цөөлж ээлжээр ажиллуулж байна. Өнөөдөр манайхны хэсэг нь Хөшигийн хөндийн нисэх буудал руу явлаа. Нүүх бэлтгэлээ хийж байна” гэлээ. Тусгай үүргийн онгоц ирэхэд хамгийн түрүүнд үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол тээврийн  хэрэгслийн баримт бичгийн шалгагч нар.

Нэг онгоцны гадна, дотор талд хоёр хүн ажиллаж  хяналт тавьдаг талаар баримт бичгийн шалгагч Д.Амарсанаа

“Тээврийн хэрэгслийг шалгах тусгай журам бий. Энэ дагуу тусгай үүргийн онгоц ирэхэд бууж байгаа зорчигчийг тоолж мэдээллийг заставын удирдлагад өгнө. Зааланд бичиг баримтын шалгалт хийж хил нэвтэрсэн тэмдэг дардаг. Зорчигчдыг буусны дараа тээврийн хэрэгсэлд хил зөрчигч нуугдсан эсэхэд давхар үзлэг хийнэ. Эхэндээ зорчигчдыг эрүүл мэндийн хуудас бөглүүлж онгоцноос буулгахгүй удааж байна гэсэн асуудал гаргадаг байсан бол сүүлийн нислэгийнхэн харьцангуй ойлгодог болсон” гэлээ.

ШАЛГАГЧ НАР ИРГЭНИЙ МЭДЭЭЛЛИЙГ НЭГ БҮРЧЛЭН ГАРААР ТЭМДЭГЛЭДЭГ

Монгол Улсын хилийн хяналт хэр чанартай явагдаж буйг илтгэх гол хүмүүс бол бичиг баримт шалгагч нар. Тэд онцгой үед илүү ачаалалтай ажиллаж байна. Нислэг 20:00 цагт ирлээ гэхэд шөнө дундаас нааш гэртээ харихгүй. Хилийн мэргэжлийн хяналтынхан зорчигчдын гадаад паспортыг ариутгасны дараа хүн нэг бүрийн мэдээллийг иргэний бүртгэлийн сантай тулгаж гар бичмэл хөтөлнө. Нэг иргэний мэдээллийг цахимаас шүүж тэмдэглэхэд багадаа 6-7 минут зарцуулдаг. Нэг ээлжинд 6-7 шалгагч ажилладаг гэхээр нэг хүн 30-40 хүний иргэний бүртгэлийг цаасан дээр гараар тэмдэглэж байгаа юм. Мөн битүү хамгаалалтын хэрэгслийн үед нүдний шил цантаж олон цагаар ажиллахад бөгчим гэнэ.


Салбарын ахлах шалгагч А.Дамдинмаа “Хилийн мэргэжлийн хяналтаас зорчигчдын паспортыг ариутгаж авчирч өгдөг. Энэ дагуу иргэний бүртгэл мэдээллийг шалгаж тэмдэглэж байна. Гадаад паспорт дээрх Монгол Улсаас хамгийн сүүлд гарсан бүртгэлээр нь хөөж шалгаж байгаа. Паспортыг тусгаарлалтаас гарахад нь буцааж олгохдоо иргэний үнэмлэхтэй нь тулгаж нэмэлт мэдээлэл шаардлагатай бол нягтална” гэлээ.

 

Тусгай үүргийн нислэг эхэлснээс хойш 11 онгоцоор 1823 иргэн эх орондоо ирсэн бол 2475 иргэн гадаад руу явжээ. Гар тээш, гадаад паспортыг ариутгаж тусгаарлалтын хугацаа дууссаны дараа иргэдэд өгч байгаа бөгөөд одоогоор 1000 гаруй паспорт хадгалагдаж байгаа гэнэ. Мөн хилийн шалган нэвтрүүлэх анги боомтын аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Хилийн хяналтын байгууллагууд онцгой нөхцөл байдалд хэрхэн ажиллаж байгаа талаар Хилийн 0218-дугаар ангийн салбарын захирагч, хошууч М.Энхманлай “Онцгой нөхцөл байдал үүссэн учраас тусгай төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Өвчин эмгэг цар тахлын үед “Код-9” төлөвлөгөөгөөр ажилладаг. Боомт дээр ажиллаж байгаа байгууллагуудын гүйцэтгэх чиг үүргийг тусгайлан зааж өгсөн. Тухайлбал, онгоцонд мэргэжлийн хяналтын байгууллага орж тандалт явуулах, хил хамгаалах байгууллага баримт бичгийг шалгах зэргээр нарийвчлан зохицуулж өгсөн. Монголд ирж байгаа зорчигч тээврийн хэрэгслийг хил хамгаалах байгууллага хамгийн эхэнд шалгадаг байсан бол онцгой нөхцөлд хилийн мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүргийг хуулиар хил хамгаалах байгууллага хүлээдэг. Энэ дагуу агаарын хөлөг, зорчигчдын тоо, мэдээллээр хангаж хамтарч ажиллаж байна” гэлээ.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2020-05-03 15:50:29
    Хилчид бол хамгийн эх оронч хүмүүс шүү дээ.Тэдний ажиллах нөхцөлийг сайн хангах ёстой.Хамгаалалтын хувцсан дээр нь ялгах, таних тэмдэг ч алга байна шүү дээ...
  • TANGARAG URGUSUN ERELHEG HILCHIDDEE BAYA 2020-05-02 02:49:12
    Ta buhendee mash ih bayarlalaa!