Б.Найдалаа: Зөв хүнээ сонгох цаг ирсэн

“Зөв хүн электорат” эвсэл өнөөдөр СЕХ-ноос УИХ-ын сонгуульд оролцох батламжаа гардаж авлаа. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам нэгдэн, “Зөв хүн электорат”  эвсэл  болж оролцож байгаа юм.  Энэ үеэр ХҮН-ын дарга,  “Зөв хүн электорат” эвслийн тэргүүн Б.Найдалаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай нам энэ сонгуульд яагаад МСДН, ЗЁН нартай эвсэж оролцох болсон бэ?

-ХҮН анх гарч ирэхдээ л намчирхал, талцлыг үгүйсгэж үндэсний эрх ашиг болон улсын хөгжлийн бодлогын асуудлаар улс төрийн намууд хамтран ажиллах ёстой гэсэн үзсэн. Энэ бол намаас дээгүүр харж, эх орныхоо эрх ашиг дээр нэгдэх тухай үзэл баримтлал юм. Эвсэл байгуулах үндсэн сэдэл бол энэ.

Эвсэл байгуулах нь нэгэн зорилго, нэг төлөвлөгөө хөтөлбөрт нэгдэж нэгэн биет болно гэсэн үг. Тиймээс бид маш хариуцлагатай хандаж, нэлээд судалж байж шийдвэр гаргасан. Эвсээд байгаа МСДН болон ЗЁН нь ХҮН намтай ижил зүүн төвийн үзэл баримтлал, хүний хөгжлийг дээдэлсэн бодлоготой. Мөн эвслийн гэрээний үүргээ биелүүлж, гишүүд, сонгогчдын өмнө ёс суртахуун, зарчимтай, хариуцлагатай байж чадна гэсэн итгэл үнэмшил, харилцан итгэлцэл бүрэлдсэн учраас энэ гурван нам эвсэл байгуулсан.

 

-Электорат хөдөлгөөнтэй нийлэх болсон тухайд?

-Өнөөдрийн улс төрийн завхралд монгол хүн бүр дор дороо санаа зовж, сэтгэл дундуур байна. Үүний нэгэн илэрхийлэл бол электорат хөдөлгөөн байгуулагдсан явдал. Нийгэмд байрь суурьтай, нэр төртэй ахмадууд, сэхээтнүүд нэгдэн улс төрийн нам үл харгалзан ЗӨВ ХҮМҮҮС-ийг дэмжих болж байгаа нь нийт монголчуудад, ялангуяа залууст урам зориг өгч байгаа. Электорат хөдөлгөөн заавал аль нэг намыг биш нийгмийн хүсээд байгаа зөв хүмүүсийг л дэмжинэ гэж байгаа. Тиймээс Электорат хөдөлгөөний гишүүд биднийг, манай эвслийг дэмжихээр болсон юм.

-Намууд сонгуульд эвсэж ороод дараагаар нь эрх ашгийн зөрчил үүсдэг. Танай эвсэл хэр  эв нэгдэлтэй гэж үзэж байна вэ?

 -“ЗӨВ ХҮН ЭЛЕКТОРАТ” эвсэл хамгийн бат бэх эвсэл гэдэгт би эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл бид сонгуульд орохын тулд юм уу албан тушаалд хүрэхийн тулд нийлээгүй. Өөрөөр хэлбэл, ойрын ашиг хонжоо харж хэнтэй ч хамаагүй яаран нэгдээгүй, харин үзэл баримтлал, нэгдэн ажиллах зарчим дээрээ нэгдсэн. Хүн л байгаа бол санал зөрөлдөөн хаана ч, хэзээ ч гардаг зүйл. Харин алсын зорилго, зарчим дээрээ нэгдэж, тохирсон үнэт зүйл, байгуулсан гэрээндээ тууштай байгаа нөхцөлд энэ бол асуудал биш, том зөрчил үүсдэггүй, үүсэхгүй.
 

 

-Одоогийн парламентад суудалтай улс төрийн хүчнүүдээс танай эвсэл юугаараа ялгарч байна вэ?

-МАН, АН мөн МАХН ч бас адил хуучин коммунист намын тогтолцоон дээр суурилсан, асар их мөнгө, авлига, хулгай, талцлын ундарга болсон, хоцрогдсон намын байгууламж. Ийм ч болохоор орчин цагт тохирохгүй, асуудал бүр дээр гажуудал үүсгэж, нийгмийн хөгжилд маш том саад болж байна. Харин бид үзэл баримтлал, зарчим, хариуцлага дээр нэгдсэн баг. Хатуу гишүүнчлэлээр дэмжигчдээ дарамталдаггүй, намчирхаж талцдаггүй. Мөнгө, албан тушаал, ашиг хонжоон дээр нэгдээгүй тул сайн мэргэжилтнүүд, шинэ үеийн боловсон хүчин олноороо нэгдэн нийлэх боломжтой. Хамгийн чухал онцлох зүйл бол бидэнд хоосон амлалт биш бодитой, тооцоотой хөгжлийн бодлого, гарц шийдлүүд бий.

-Нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж байна вэ?

-Манайд хулгай хийсэн, ЖДҮ авсан, албан тушаал зарсан нэг ч хүн байхгүй. Тийм хүмүүсийг бид дэвшүүлэхгүй гэж хатуу тохирсон. Улс төрд олон жил улиг болтлоо явсан хүмүүс ч одоо Монголын шийдэл биш. Манай нэр дэвшигчид нэр цэвэр, залуу, ид насны, өндөр боловсролтой шинэ цагийн мэргэжилтнүүд байх болно. Үнэхээр зөв хүн бол бусад намын гишүүд ч нэгдэж болно. Бас нэг онцлох зүйл бол нэр дэвшигчид салангид бие даагчид биш, нэгэн бодлого, мөрийн хөтөлбөр, дагаж мөрдөх зарчим, дүрэмд нэгдсэн нэг баг байх юм. Зөв хүнээ сонгох цаг ирсэн. Зөв хүмүүсийн баг л асуудал шийдэж чадна.


Г.Мичид

 

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine