Их сургуульд элсэгчдийн босго оноо хэдээс эхлэх вэ?

Дэлхий нийтийг хамраад буй “COVID-19” цар тахлын улмаас ЭЕШ-ыг долдугаар сарын 2-5-ны хооронд зохион байгуулах бөгөөд их, дээд сургуулиуд элсэлтээ долдугаар сарын 8-9-ний өдөр цахимаар явуулахаар төлөвлөөд байгаа билээ. Өмнөх жилүүдэд их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо 400-гаас эхэлж байсан бол  өнөө жилийн хувьд, Засгийн газрын 2020 оны  дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолыг үндэслэн БСШУС-ын сайд “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” тушаалыг гаргаж, боловсролын салбарт зарим зохицуулалтыг хийхээр болжээ. Энэ тушаалаар их, дээд сургуульд элсэгчдийн босго оноог тусгайлан зааж өгсөн байна.

Элсэгчдийн босго оноог 400-480 байхаар тогтоожээ

2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480 байхаар тогтжээ. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад энэ нь өссөн үзүүлэлт юм. Харин төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид элсэх оноо 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоож өгсөн байна. Мөн элсэлтийн шалгалтын босго оноог үндэсний хэмжээнд тогтоосон босго онооноос доошгүй байхаар хэлэлцэж, Удирдах зөвлөлөөр батлуулан, оюутан сурагчдын хяналтын тоондоо багтаан нээлттэй ил тод, цахим хэлбэрээр элсэлтийг зохион байгуулахыг их, дээд сургууль, коллежийн захиралуудад үүрэг болгожээ.

Энэ жил 30 мянга гаруй элсэгч ЭЕШ өгнө

Өнгөрсөн жил их, дээд сургуульд элсэгчдийн тоо огцом буурсан. Зарим хувийн их, дээд сургууль элсэгчгүй өнжсөн. Энэ нь ЕБС төгсөгчдийн тоо 2.6 хувиар буурсантай холбоотой юм. Харин энэ жилийн хувьд, элсэлтийн ерөнхий шалгалт өгч, их дээд сургуулийн босго алхах элсэгчдийн тоо 30 мянга давжээ.  Өөрөөр хэлбэл, энэ жил ЭЕШ-ын цахим бүртгэлд 30882 шалгуулагч хамрагдсан байна. 2019-2020 оны хичээлийн жилд ЕБС төгсөх 28001 шалгуулагч, өмнөх оны төгсөгч 2881 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулжээ. Мөн нөгөөтэйгүүр, Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу элсэлтийн шалгалт өгөх хүүхэд бүрээс авдаг, монгол хэл бичгийн шалгалтыг энэ жил авахгүй байхаар тогтсон нь ЭЕШ өгсөн хүүхэд бүрт их, дээд сургуульд элсэн орох бас нэгэн боломжийг бүрдүүлж өгчээ. Тиймээс их, дээд сургуулийн бүртгэл, оюутан элсүүлэх журам, хуваарь сонголттой холбоотой мэдээллүүдийг Монголын их, дээд сургуулиудын консорциум www.cmuc.edu.mn -аас лавлах боломжтой гэдгийг албаныхан дуулгав.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Туул


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-04-29 03:46:15
    Монголд хүн бүр дээд сургууль байгуулсан тэгээд 12 төгссөн хүүхэд бүр орж суралцсан болдог чухамдаа дээд боловсорол гэдэг бичиг үсэгт тайлагсан гэсэн үг үү