.jpg)
Улсын онцгой байдлын 20 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. Хойд хөрш ОХУ-д нөхцөл байдал хүнд байна. Нийт өвчилсөн хүний тоо 87147 болж, нас барсан хүний тоо 794-д хүрлээ. Манай улсад коронавируст халдварын тоо 38 болсон. Сүүлийн үед бүртгэгдсэн тохиолдлуудын хувьд эхний хоёр удаад сөрөг гараад, гурав дахь удаагийн шинжилгээнд эерэг гарч байгаа.
Үүнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгаж байна. Ингэснээр гадаад дотоод дахь нислэгийг хязгаарлах хугацааг сунгаж байгаа. Иргэдээ татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна. Мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцлээ. Эцсийн шийдвэрийг энэ долоо хоногийн сүүлээр гаргаж Засгийн газрын хуралдаанаар шийднэ. Ойрын хугацаанд гурван чартер нислэг хийгдэнэ. Мөн ОХУ-д сурч байгаа оюутнуудаа татан авах ажлыг хийнэ” гэлээ.
Мэдээллийг дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй хичнээн иргэн байгаа вэ?
-Гадаадаас ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 9890 иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ илэрхийлээд байна. Иргэдээ татан авахдаа таван шалгуураар буюу хүндэтгэх шалтгаантай хүмүүсээ татан авч байгаа.
Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлах тухай яриа гарч байна. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлаад нэмэргүй. Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа.
Мөн энэ үеэр сонгуулийн санал хураах өдөр тусгаарлах байранд нэг ч иргэн байхгүй байхаар зохицуулалт хийнэ гэж мэдэгдлээ.
О.ОНОН