Д.Нямхүү: Уламжлалт эмчилгээ хийгдээгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ 2020 оны дөрөвдүгээр сарын 27-нд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дарханы салбар лабораторид 59 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнээс ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4, ажиглах байранд тусгаарлагдсан 14 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 7 лаборатори ажиллаж байна. Эдгээрийн хүчин чадал, тоног төхөөрөмж нь яг адилхан юм. Эмч нар ажлаа хийн дадлагажиж байна. ХӨСҮТ-ийн бэлтгэгдсэн хамт олон ээлжээр эмчилгээ рүү орсон. Ээлжит баг солигдоод байна. Бид дараагийн чартер онгоцоо хүлээн авах ажлаа хийж байна” гэлээ. 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-ХӨСҮТ-ийн эмч нар коронавируст халдварын эсрэг ямар эмчилгээ хийж байгаа вэ? Уламжлалт эмчилгээг эмчилгээндээ ашиглаж байгаа юу? 

-ДЭМБ-аас өгсөн үндсэн стандарт эмчилгээний зарчмыг зөвлөмж болгож өгсөн. Үүн дээр манай эмч нарын өөрсдийн мэдрэмж, ур чадвар, тактик дээр үндэслэсэн эмчилгээ хийж байгаа. Уламжлалт эмчилгээ хийгдээгүй. Эмч нар байнга туршлага солилцоод, зөвлөлдөөд эмчилгээгээ хийж байгаа.  Нийт иргэдэд эмнэлгийн нарийн эмчилгээг тоочих нь буруу юм. Өвчтөнүүд дотор хүнд, дунд, халуурч байгаа шинж тэмдэгтэй, хатгаатай хүн байна, зарим нь өдрөөс өдөрт сайжирч байгаа дүр зураг байна. Энэ бүгдэд өдөр бүр дүгнэлт гаргаж дараагийн тактикаа боловсруулан ажиллаж байна. Үндсэн үзүүлэлт болох гол шинжилгээнүүдийг өдөр бүр хийж, хянаж байгаа. 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus