Аудит ерөнхийлөгчийн үйл ажиллагааг ч хянадаг болно

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.  Хууль батлагдсанаар  төрөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын захирагч нарт хяналт тавих эрх үүсч байгаа. Үүнд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхий шүүгч орно гэдгийг хуулийн төслийг санаачлагчдын нэг  УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хэлж байв.  

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Ерөнхий аудиторыг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хориг, баривчлах орон байр, албан тасалгаа, унаанд нь  нэгжлэг хийх, мэдүүлэг авахыг шаардахыг хориглоно гэж заасан байсан. Үүнийг ярилцаад мэдүүлэг, тайлбар авахыг хориглоно гэдгийг хасч  бусдыг нь хуучин хэвээр нь үлдээсэн.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Өргөн барьсан төсөлд хэрэв нэгжлэг, үзлэг тайлбар авахаар бол УИХ-аас зөвшөөрөл авна гэж оруулж ирсэн. Түүнээс хэн нэгэнд илүү эрх ямба эдлүүлэх заалт биш. Нөгөө талаасаа Ерөнхий прокурор, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулиудад тайлбар, мэдүүлэг авахыг хориглоно гээд заачихсан.  Хөндлөнгийн нөлөөлөл гарвал ерөнхий аудиторын хараат бус байдлыг хангах ямар боломж байна вэ. Энэ талаар ажлын хэсэг дээр ярилцсан уу.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Судалж үзсэн. Олон улсын туршлагуудыг ч судалсан. Канад улсын хуульд ч ийм байдлаар тусгагддаг. Нийтлэг жишгийг харахад хуулийнхаа хүрээнд ЛИМА-гийн тунхаглалаас баталсан хараат бус байдлыг бэхжүүлэх бусад зохицуулалтуудыг бүрэн утгаар  нь оруулсан. Ажил үүргээ хэвийн явуулж байх үед нь гарч болзошгүй эрсдэлээс  УИХ хамгаалах заалт байгаа гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Оюутолгой зэрэг олон улсын онцгой төсөл дээр гарах шинжээчийн зардлыг өөр хэлбэрээр зохицуулж болно. Олон улсын арбитрын шүүх дээр зардал гарахад нөөцөөс зохицуулдаг шиг тусгай зохицуулна. Энэ нь байнга гэсэн байдлаар хандаж болохгүй. 20 хувь гэдэг бол асар өндөр төсөв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар байх үед Тусгай албадын санхүүгийн зардалд аудит хийсэн. Энэ шалгалтын дүгнэлтийг танилцуулахгүй юм уу. Тусгай албаны зардлыг шал өөр зүйлд зарцуулаад дураараа дургиж байна. Хүний эрхийг зөрчих, хүнийг шоронд хатаах хүртэлх арга хэмжээнд зарцуулж байна. Нууц бол нууцынх нь хүрээнд дүнг танилцуул. Тусгай албаны арга хэмжээний зардлаас өөрт нь таалагддаг хүмүүст их хэмжээний мөнгөн тэтгэмж өгсөн асуудал хүртэл бий. Ийм юмнуудаа нуугаад байх юм гэв.

Үүгээр Төрийн аудитын хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дууслаа.

Үргэлжлүүлэн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэв.   Өнгөрсөн долоо хоногт Цэц дунд суудлын хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэхийг хэлэлцсэн. Улмаар Цэц "Дээрх заалт нь Цэцээс Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих бүрэн эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн 64 зүйлийн 1, 70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна" гэж дүгнэсэн. “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэсэн заалтыг түдгэлзүүлсэн юм.  Тэгвэл байнгын хороо Цэцийн дээрх дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Энэ асуудлыг ирэх пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн хэлэлцэх юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.