.jpg)
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ын захирал Д.Нямхүү “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн нэг хүн эдгэж, дараагийн ажиглалтад шилжлээ. ХӨСҮТ-ийн хоёр лабораториор нийт 74 хүнд шинжилгээ хийж хяналаа. Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан байсан 55 хүнд мөн давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 4 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнийг давтан шинжилгээнд оруулахад 16-д коронавирус илрээгүй. Нэг хүнээс коронавирус илэрлээ. Энэ иргэний хувьд Москвагаас Улаан-Үүд хүртэл онгоцоор ирж, Алтанбулагийн боомтоор дамжин орж ирсэн оюутан байна. Москвагийн төмөр замын дээд сургуулийн оюутан. Энэ сургуульд нь коронавирусийн халдвар гарсан гээд ОУ-ын мэдээн дээр байгаа. Тэгэхээр энэ зам харгуй, маршрут гэдэг их чухал. Иймээс бид онцолж 30 хүнийг тусгаарлаж шүүж авсан нь онож байна. Мөн онгоцонд суухад битүү орчинд орчихож байгаа. Хамгийн эрсдэлтэй орчин. Ямар ч агаарын солилцоо байхгүй. Суудлаа өөрөө сонгох боломжгүй. Иймээс N95 төрлийн амны хаалт зүүх хэрэгтэй” гэлээ.
А.Мягмарсүрэн