Ажил хийвэл дуусгана гэж спикер хэлсэн шүү

УИХ-ын дарга Г.Занданшатарын ангийнхан удахгүй “төгсөнө”. Ирэх зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгууль болж, найм дахь удаагийн парламент шинээр сонгогдох учиртай.   Тэгвэл  МАН давамгайлсан энэ парламентын алдаа, оноог сонгууль болохын өмнө дүгнэж байна.   Энэ сарын 6-нд УИХ-ын отгон чуулган нээлтээ хийсэн.  УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн өөрчлөлтийг 19 жилийн дараа хийсэн түүхэн гавьяатай парламент гэдгийг тодотгосон.  Мөн агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийг дэмжих, тэлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, малчдын орлогыг нэмэгдүүлэх, банкны салбарын реформ зэрэгт парламент шийдвэр гаргаж ажилласан гэв.  УИХ-ын дарга Г.Занданшатарын үгэнд гишүүд алга ташин,  сүүлчийн чуулганы нээлт, баярын хурал шиг л болов.  Парламент өөрсдийгөө сайн ажилласан гэдэгтээ нэлээд итгэлтэй нээлт хийв.

Тэгвэл энэ парламентын үйл ажиллагаа ямар байсан бэ.  УИХ-ын даргыг солих акц хэдэн сараар үргэлжилж, 2018-2019 онд парламентын үйл ажиллагаа үндсэндээ доголдсон.  УИХ-ын гишүүн Б.Гантулга гэмт хэрэгт холбогдон гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзсэн.  Түүний оронд нөхөн сонгоогүй учраас Хэнтий аймгийн 13 мянган иргэн төрд төлөөлөлгүй хоёр жил гаруй болсон.  Бүрэн бүтэн парламент байж чадаагүй.  ЖДҮХС-гаас гишүүдийн олонхи нь хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан дуулиан олон нийтэд ил болов.  Түүнчлэн,  Төрийн ордонд хүн амины хэрэг гарсан.  УИХ-ын  гишүүн Н.Номтойбаяр бүрэн эрхээсээ түдгэлзлээ.  Одоо  УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Дамба-Очир, Г.Солтан, Б.Ундармаа нарыг парламентаас явуулах асуудал яригдаж буй.  Тэгэхээр энэ парламентын үйл ажиллагааг дүгнэхэд  нэлээд төвөгтэй байна. 

Нөгөө талаар парламент хууль баталж, тогтоол гаргасан бол  тэр нь заавал хэрэгждэг, биелдэг, эргээд дүгнэдэг байх ёстой.  Ерөөсөө үндсэн чиг үүрэг нь энэ юм.  Биелэлт муу бол яагаад гэдэг шалтгааныг парламент сонсоод хариу урвал үзүүлдэг.   Өнгөрсөн дөрвөн жилд олон хууль, тогтоолын төсөл баталсан.  Тэр дундаас олны анхаарал татсан Монголын хувь заяа, цаашдын ирээдүйтэй холбоотой  тогтоолын төсөл хэд хэд бий.   Тухайлбал, Оюутолгой,  Тавантолгойн ордтой холбоотой тогтоолын төслүүд байна.  Мөн бие даасан Оффшорын тухай хуулийг баталсан билээ.  Тэгэхээр парламент бүх  хууль, тогтоомж, тогтоолын төслийн хэрэгжилттэй танилцаж амжихгүй юм гэхэд нэн шаардлагатайг нь хэлэлцэж дүгнээд халаагаа өгөх нь нэг талаар  парламентын засаглалын үүрэг, нөгөө талаар ёс зүй юм. УИХ-ын дарга Г.Занданшатар “Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал гэдэг.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаа энэ парламент бүрэн шийднэ ” хэмээн чуулганы нээлт дээр хэлж байсан. Яг л үүнтэй адил бусад гол гол хууль тогтоомжуудаа ч  “эргүүлж тойруулаад” харчихмаар байгаа юм. 

Оффшорын хууль: УИХ 2017 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн чуулганаар Оффшорын хуулийг баталсан байдаг. Түүнчлэн Засгийн газраас хуулийн хэрэгжилттэй уялдуулан оффшор бүсэд 49 улс орныг багтаасан жагсаалт баталсан. Энэ тогтоолоо АТГ-т хүргүүлсэн. Үүнээс хойш яг гурван жил болж байна.  Хууль батлагдах үед оффшор бүсэд монголоос 17 тэрбум ам.доллар байна гэсэн мэдээлэл байв.  УИХ-ын гишүүн  Х.Нямбаатар “Тэгвэл хууль батлагдвал гурван сарын дараа гэхэд хүмүүс оффшороос мөнгөө татах ёстой. Дараа нь 30 хоногийн дотор энэ тухайгаа хуулийн байгууллагад мэдүүлэх үүрэгтэй” гэж мэдэгдэж байв.  Тэгвэл энэ хуулийн үйлчлэлийн хүрээнд оффшороос орж ирсэн мөнгө тийм л их биш. Тэгэхээр яалт үгүй оффшорын хуулийн хэрэгжилтийг дахин хэлэлцээд үр дүнг нь яриад явах нь зүйтэй.

Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар УИХ 2018 оны зургадугаар сарын 29-ний өдөр 73 дугаар тогтоолыг баталсан.   2019 оны долдугаар сарын 9-нд Засгийн газрын 296 дугаар тогтоол гаргаж, УИХ-аас Тавантолгойн ордтой холбоотой тогтоолыг хэрэгжүүлэхээр болсон юм.   Тэгвэл энэ тогтоолтой холбоотой маргаан сүүлийн үед нэлээд яригдах болов.   Засгийн газар УИХ-ын тогтоолыг өөрчлөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг хөрөнгийн бирж дээр зарах гэж байгаа.   Уг нь тогтоолд Таван толгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар байдаг ч энэ үр дүнгээ өгөхгүй, харин ч тогтоолыг өөр замаар ашиглах гэж байгаа тухай УИХ-ын дарга асан  З.Энхболд мэдэгдсэн байдаг.  Тэгэхээр мөн л Тавантолгойн ордтой холбоотой 73 тогтоолыг хэрэгжилтийг дүгнэх нь энэ парламентын үүрэг юм.

2019 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн чуулганаар Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Өмнө нь УИХ-аас Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулж, дүгнэлт гаргаад байв.  Түүнчлэн АТГ, Үндэсний аудитын газраас Оюутолгой, Дубайн гэрээнд шалгалт хийж, ноцтой зөрчлүүдийг илрүүлсэн байдаг.  Гэсэн ч парламент Монголын хувь заяатай холбоотой томоохон ордын асуудал дээр төдийлөн анхаарч, шийдвэр гаргаж ажиллаагүй.  

Харин Захиргааны хэргийн шүүхээс Дубайн гэрээг хүчингүй болгосон   асуудалтай зэрэгцэн Оюутолгойн гэрээний асуудлыг хэлэлцэж тогтоолын төсөл баталсан нь энэ юм.   Ингэснээр Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулах эрхийг Засгийн газарт шилжүүлэв.  Түүнчлэн, гишүүдийг “Риотинто”-гийн талтай албан бус уулзалт хийхийг хориглох асуудлыг ч ярилцсан байдаг. Гэвч үүнээс хойш мөн л хагас жилийн хугацаа өнгөрлөө.  

Дээрдсэн юм лав алга.   Оюутолгойн талаас татварын маргаантай холбоотой асуудлаар Монгол Улсын Арбитрын шүүхэд дуудав.  Харин Засгийн газраас  Оюутолгойд монголын талын төлөөлдөг  ТУЗ-ийнхнийг солино гэдгээс өөр зүйл яригдсангүй.  Оюутолгой, Дубайн гэрээг байгуулсан улстөрчид ч хариуцлагаа хүлээсэнгүй.  Тэгэхээр энэ парламентын шийдээд буух дараагийн нэг чухал асуудал  нь Оюутолгойн ордтой холбоотой асуудал болж байна. 

Тэгэхээр Г.Занданшатарын тэргүүлсэн УИХ үнэхээр энэ мэтчилэн томоохон хууль,тогтоолын төслүүдэд дүгнэлтээ хийгээд дараагийн парламентдаа хүлээлгэж өгөөд буувал болох гээд байна.  Уг нь ажил хийвэл дуустал гэж та хэлсэн дээ. Г.Занданшатар дарга аа?
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Т.Батсайхан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2020-04-15 03:15:09
    УИХ-ын дарга Г.Занданшатар идэвх санаачлагатай сайн ажиллаж байгаа.Амжилт хүсье.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗАРИМЫГ НЬ ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА. 2020-04-15 01:07:34
    ЗАРИМЫГ НЬ ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА.
    172.69.45.135
    Мэдэгдсэн Хариулах