Д.Отгонсүрэн: “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахын тулд “Нийслэлийн ногоон сан”-г байгуулсан

 “Өглөөний зочин” буландаа “Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК-ийг онцлон тус компанийн гүйцэтгэх захирал Дамдинсүрэнгийн Отгонсүрэнтэй ярилцлаа. 

“Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент ҮЦК” ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 179 дугаар тогтоолоор байгуулагдсан бөгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөрөнгө оруулалт, менежментийн компани болохоор ажиллаж байгаа юм. 

  • Компанийн үйл ажиллагааны талаар яриагаа эхэлье. Хэзээ, хэрхэн байгуулагдах болов?

Манай компани нь Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн улмаар Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 305 тоот тогтоолоор хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч байгуулагдсан. Бид Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацаанд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудад дотоод, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагч нараас хөрөнгө татан төвлөрүүлж, төсөл хөтөлбөрүүдийг хувийн хэвшилтэй хамтран санхүүжүүлэн, төр, хувийн хэвшлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг дэмждэг байгууллага юм. Үйл ажиллагаандаа дотоод хяналт, эрсдэлийн удирдлага, засаглалын зохистой тогтолцоог бүрдүүлэн хэвшүүлэх замаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг эрхэмлэн дээдэлж ажиллаж байна. 

Нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны үр ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх болон гадаад дотоотын хөрөнгө оруулагч, хамтрагч, түншүүдийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг тогтвортой, эрсдэлгүй, өндөр түвшинд байлгахаар “Нийслэлийн хөгжлийн сан”, “Нийслэлийн ногоон сан”- гуудыг үүсгэн байгуулаад байна. Цаашид бид Нийслэлийн өмчид бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, аж ахуйн нэгжүүдийн өнөөгийн зах зээлийн бодит үнэлгээг тогтоох, санхүүгийн иж бүрэн шинжилгээ хийж, хөрөнгийн ашиглалтын үр өгөөжийг сайжруулах, үнэ цэнийг өсгөх чиглэлээр олон улсын шилдэг туршлагаас судалж, салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдын тооцоо судалгаанд үндэслэн Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэлтийн санг үүсгэн байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. 

  • Үйл ажиллагааны үндсэн чиглэл нь?

Бид үндсэн долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Хөрөнгийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа болон сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, үнэт цаасыг итгэмжлэн удирдах, хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийг итгэмжлэн удирдах, даатгалын компанийн нөөц хөрөнгийг итгэмжлэн удирдах, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ гэх эдгээр долоон төрлийн үйлчилгээ юм. 

  • Та бүхний алсын хараа, эрхэм зорилго юу вэ? 

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн хөрөнгө оруулалт, менежментийн компани болох. 

Олон улсын хөрөнгө оруулалт, менежментийн шилдэг туршлагыг нэвтрүүлж гадаад болон дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран нийслэлийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахуйц ногоон хөгжлийг дэмжсэн, өгөөж өндөртэй төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт хийж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжсэн мэргэшсэн, чадварлаг, хөрөнгө оруулалт менежментийн компани болохыг зорьж ажиллана. 

  • Нийслэлийн хөгжлийн санг энэ оны нэгдүгээр сард байгуулсан. Энэ сангийн талаар мэдээлэл өгөхгүй юу? 

Нийгэм эдийн засгийн үр ашигтай, дунд болон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд мэргэжлийн хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд хувь нэмэр оруулахаар хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулсан. Бид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулна, хөрөнгө оруулалтыг тараан байршуулж эрсдэлийг бууруулна, Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй, ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлнэ гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. Мэргэжлийн баг, хамт олон маань хөрөнгийг итгэмжлэн удирдах болно.

  • Ямар салбаруудад хөрөнгө оруулах вэ?  

Аж үйлдвэр, барилга, авто тээвэр, дэд бүтэц, эрчим хүчний салбаруудад хөрөнгө оруулна. Дээрх хөрөнгө оруулалтын салбаруудын хүрээнд Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдсэн, хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн авч, сангийн бодлогын баримт бичигт нийцсэн, шаардлага хангасан төслүүдэд судалгаа, шинжилгээг хийж, үр өгөөжтэй төслүүдэд хөрөнгө оруулах боломжтой эсэхийг судалж байна. 

  • Нийслэлийн хөгжлийн сантай хамт Нийслэлийн ногоон санг байгуулсан. Ногоон сангийн онцлог?

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах, байгаль хамгаалал, цэвэр технологийг дэмжин, ногоон эдийн засгийг хөгжүүлж, урт хугацаандаа ядуурлыг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотын ногоон хөгжлийн бодлогын хэрэгжилтийг дэмжсэн төслүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран хөрөнгө оруулалтыг хийж, “Ногоон хот”-ыг бүтээн байгуулахын тулд “Нийслэлийн ногоон сан”-г байгуулсан.

Энэх сангаар дамжуулан хүлэмжийн хийг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, орчны бохирдол бууруулах, ногоон ажлын байр бий болгох, экосистемийг бий болгох төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ. 

Одоогоор Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо болон бусад холбооны үйл ажиллагаатай танилцаж, хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр, төслүүдтэй танилцан хүлээн авч судалж байна. Ногоон эдийн засгийг дэмжих гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаар Нийслэлийн захирагчийн ажлын албаны санаачилж буй Угсармал барилгын дулаан алдагдал бууруулах төслийн хүрээнд “Global Green Growth Institute” байгууллагынхантай уулзаж, хамтран ажиллаж байна. Мөн хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах болон экосистемийг бий болгохоор “Carbon credits”-ыг судлан ногоон ажлын байрыг бий болгохыг зорьж байна. 

  • Хөрөнгө оруулахаар төлөвлөж буй төслүүд бий юу? 

Шинжлэх ухаан технологид суурилсан, Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүдэд хариуцлагатай хөрөнгө оруулалт хийхээр төслөө маш сайн судалдаг. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн бодлогод нийцүүлэн сонгон шалгаруулж, удирдаж буй хөрөнгө оруулалтын сангуудаар дамжуулан санхүүгийн эх үүсвэр татан төвлөрүүлж хөрөнгө оруулдаг.

Одоогийн байдлаар хувийн хэвшлүүдээс авто тээвэр, хүлэмжийн хийг бууруулах, орчны бохирдлыг бууруулах, аж үйлдвэрийг хөгжүүлэх болон бусад чиглэлд нийтдээ 20 гаруй төсөл ирсэнийг судлаж байна.  

Ярилцсан: Б.Нямзул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.