Монголбанк: Хүндрэлд орсон хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгалаа
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, мөн хэрэглээний зээлийн хугацааг сунгах шийдвэрийг гаргажээ.
 
Энэ талаарх шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр уншиж танилцууллаа.
 
Тэрбээр “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар
 
1. Бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 9 хувьд хүргэх 
2. Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргалаа.
 

Жилийн инфляци 2020 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээр газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байна. 

Шинэ корона вирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцөлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, улмаар зээлдэгчдийн эргэн төлөлт хүндрэх зэрэг нөлөөг үзүүлж байна. Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд чиглэсэн мөнгөний болон макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. 

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв болон гадаад, дотоод орчны тодорхой бус байдал, эрсдэлийг харгалзан үзээд эдийн засгийн  идэвхжлийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулахын зэрэгцээ хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 сар хүртэлх хугацаагаар 1 удаа сунгаж зээлийн сарын эргэн төлөлтийн хэмжээг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна. 

Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад дэмжлэг болно" гэлээ.



О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.