Намуудын мөрийн хөтөлбөр буцаагдаж, экс ерөнхийлөгч эх орондоо ирсэн долоо хоног
Коронавирусийн халдвар авсан хоёр хүнийг эмчлэн эрүүл болгоод эмнэлгээс гаргасан ч дахин 2 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Мөн экс ерөнхийлөгч тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирлээ. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
 

УИХ-ын отгон чуулган нээлтээ хийлээ

УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент энэ сарын 06ны өдөр  отгон чуулганаа нээлээ.  Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаар энэ удаагийн чуулган цахимаар хуралдахаар бэлтгэл ажлаа хангаад буй. Энэ дагуу парлампентын түүхэнд анх удаа цахимаар хуралдах бөгөөд УИХ-ын хаврын чуулганы нээлтээ ч мөн цахимаар хийсэн юм. 

2 хүн эдгэрч, 2 тохиолдол шинээр нэмэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл хийж байгаа. Тэгвэл энэ сарын 6 болон 8 -ны өдрүүдэд коронавирусийн тохиолдол тус бүр нэгээр нэмэгдэж МУ-д батлагдсан тохиолдол 16 боллоо.  Эхний тохиолдол  гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоор ирсэн Туркийн бас нэгэн иргэнээс коронавирус илэрсэн байна.  Тус онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Хоёроос нь коронавирусийн халдвар илрээд байсан юм.

Хоёр дахь тохиолдлын хувьд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс вирус илрээгүй. Харин нэг хүнээс вирус илэрсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирж ганцаараа тусгаарлагдсан байсан бөгөөд анхны хариу 28-нд сөрөг гарсан ч 7-8-ны давтан шинжилгээгээр вирус илэрчээ.

Энэ сарын 07-ны өдөр 2 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад сувилалд дахин тусгаарлагдах бөгөөд гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд  сөрөг хариу гарсан байна.


МАН, АН-ын мөрийн хөтөлбөрүүд шаардлага хангаагүйн улмаас  буцаагдлаа

Энэ сарын 06-ны өдөр Үндэсний Аудитын газраас мэдээлэл хийсэн. Тодруулбал, Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д “Нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх болон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцэж байгаа эсэх...”-ийг хянаж, дүгнэлт гаргасан байна. 

Аудитын байгууллагад УИХ-ын 2020 сонгуульд оролцохоор 27 нам мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөрийн хөтөлбөрийг өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд хүлээж авснаас хойш хянаж, дүгнэжээ.

Энэ талаар Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгис “Монгол Улсад бүртгэлтэй нийт 35 улс төрийн нам байдгаас 27 нь сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн. Дээрх намуудын 12 нь 4 эвсэл болж сонгуульд өрсөлдөх бол 15 нь дангаараа бие дааж орж байгаа аж. Нам эвслүүдийн 19 мөрийн хөтөлбөр ирүүлсэн. Үүнээс 12 нам эвслийн мөрийн хөтөлбөр /20 улс төрийн намд хамаарах/ хуульд заасан шаардлага хангаагүй учир буцаагдсан. Тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргуулсан бол ажлын тав хоногийн дотор засаж ирүүлэх боломжтой. Мөрийн хөтөлбөр нь буцаагдсан намууд цалинг хоёр сая төгрөг, гурван сая төгрөг, таван сая төгрөг болгоно гэдэг нь амлалтын шинжтэй байна. Орон сууц үнэгүй барина, зээлийн хүүгүй болгоно, уул уурхайгаас хишиг хүртээнэ, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ гэх зүйл заалтуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан бол шаардлагад нийцээгүй буцаагдсан” гэлээ. 

Мөрийн хөтөлбөр нь Үндэсний аудитын газрын хяналтад орж шаардлага хангасан намууд

1. Зон олны нам

2. Хөгжлийн хөтөлбөр нам

3. Дэлхийн монголчуудын нам

4. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

5. Эх орон нам

6. Ард түмний олонхийн засаглал нам

7. Ард түмний нам

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх  чиглэл өглөө

Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгууллатаар хангах чиг үүрэг бүхий Улсын онцгой комиссын шуурхай штаб энэ сарын 08ны өдөр хуралдсан. 
 
Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб хэлэлцэж байна” хэмээн мэдээлсэн юм. Дээрх асуудлаарх эцсийн шийд гараагүй байгаа бөгөөд БСШУСЯ судалж байна гэв.

“Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов

Засгийн газрын ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр болж “Таван толгойн цахилгаан станц” төслийг төрийн өмчийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болов. Бэлэн болсон техник эдийн засгийн үндэслэл, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр барих боломжтой гэж үзлээ.

Тавантолгойн нүүрсний бүлэг ордыг түшиглэн байгуулах уг станц 450 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд  2024 онд ашиглалтад оруулна гэж тооцож байна. Станцын хөрөнгө оруулалт нь өмнө нь яригдаж байсан хөрөнгийн саналаас 30 хувь бага бөгөөд цахилгаан эрчим хүчний өртөг 50 хувь хямд, хөрөнгө оруулалтаа таван жилд нөхөх аж.

Өмнийн говийн уул уурхайн эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангах, цахилгаан станцын үйл ажиллагааны гол зардал болох нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, зэрэг олон талын ач холбогдолтой юм. Иймд Төрийн өмчит Таван толгойн цахилгаан станцыг “Эрдэнэс таван толгой” компанийг түшиглэн байгуулж,  Оюутолгой ХХК-ийг төрийн өмчийн Таван толгой цахилгаан станцаас эрчим хүчээр хангах юм.

Тусгай үүргийн нислэгээр 267 хүн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 08-ны өдөр 20:11 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардсан.

Тус онгоцоор 267 иргэн ирсэнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 50, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 5, оюутан 18, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 49, БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан 55, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 47 хүн багтаж байгаа юм. Энэхүү нислэгээр ирж буй зорчигчид 21 хоног тусгаарлалтад орсон.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2020-04-12 00:14:40
    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо
    162.158.7.154
    Мэдэгдсэн Хариулах