Л.Дашням: Би хөрвийн аргаар бойжсон зохиолч юм шүү дээ

Эрдэмтэн, зохиолч Лувсандамбын Дашнямыг Монголын уран зохиолд ч, улс төр, нийгмийн амьдралд хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдгийг олон түмэн андахгүй биз ээ. Иймээс Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан гээд хэлэх юмс бүгд илүүц байх. Энэ удаа түүнтэй зөвхөн уранбүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Таныг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул хүн гэдгийг мэднэ. Харин тэндээ 10 жилийн сургууль төгсөөд Зөвлөлтөд Олон улсын харилцааны сургуульд явах сонголт хийсэн нь сонин. Энэ сонголтыг өөрөө л хийсэн үү?

-Би нэгдүгээр арван жилийн төгсгөгч гэж явдаг юм. Хотод сүүлийн хагас жил л сурсан. Тэгэхээр хот, хөдөө хоёр газар сурсан. Дээд сургуулийн сонголтыг би хийгээгүй ээ. Ах маань л хийсэн юм.  Ах маань Олон улсын харилцааны, би Олон улсын эдийн засгийн харилцааны анги төгссөн. Арван жилийн сургууль төгсөхдөө би сэтгүүлч болно гэж боддог байлаа.

Гэвч миний төгсдөг жил сэтгүүлчийн хуваарь олдоогүй. МОНЦАМЭ-гийн нэр дээр Япон хэлний ангийн хуваарь авлаа. Гэвч “Дараа жил яв!” гээд хасаж орхидог юм байна. Надад ангийнхнаасаа хоцорч, бүтэн нэг жил хүлээх тэвчээр байсангүй. Ямар ч мэргэжлээр хамаагүй гадаадад л явмаар байв. Тэгээд Эдийн засгийн дээд сургуулийн нэр дээр Санкт-Петербургийн Худалдааны дээдийн хуваарь авлаа. Мосвад очсон хойноо нөгөө хуваариа Гадаад худалдаа болгоод Олон улсын харилцааны сургуульд орсон. Элчин сайдын Яаманд ажилладаг ахын маань л хийсэн ажил л даа. 

- Танай ах Л.Хуушаан гуай дипломат албанд олон жил ажилласан. Та хоёр хоёулаа зохиолч, яруу найрагч. Та ахынхаа замаар л явжээ дээ.

- Би ахынхаа замаар яваагүй л дээ. Сургуулиа төгсөөд ирэхэд Ц.Нархүү гэдэг  найз маань Гадаад Яамны боловсон хүчинд “ийм хүн ирнэ” гэж танилцуулж, бүр ирэхээс өмнө намайг авахаар болгочихсон байсан. Гэтэл Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны дарга Д.Салдан гэдэг хүн намайг эрж сурж байгаа дуулдана.  Уулзлаа.  “Улс чамайг мөнгө хөрөнгө зарж бэлтгээд байхад чи мэргэжлээрээ ажиллах газраа очихгүй яасан том толгойтой нөхөр вэ! Чамд Гадаад яам ямар хамаатай юм бэ!” гэж зад загнав даа. Тэгснээ утсаа аваад л Гадаад яамны боловсон хүчинтэй ярив. Тэгээд л Хорооныхоо хүн болгочихно нь тэр. Тэндээсээ би НҮБ-ын төсөл мөсөл элдэв ажил сэлгэн, “төөрсөөр” ашгүй нэг юм Улсын хэвлэлийн газарт орчуулгын редактор болголоо. Д.Маам бид хоёр оюутан байхдаа “хоёулаа сургуулиа төгсөөд Бира гуай шиг шинжлэх ухааны хүн болж, бас зохиолоо бичнэ гэж хөөрөлддөг байж билээ. Бид хоёрын яриа харин яваандаа биелэгдсэн шүү.

- 1970-аад онд өөрийг чинь “Нялх ногоо”-гийн Дашням гэж сургаар мэддэг болсон анхны номоороо овоглогдох гол онцлог юу байсан юм бол?

- Миний “Нялх ногоо” ном  богинохон бодрол, эссэ маягийн үгүүллэгүүдээс бүтсэн багашаархаан ном юм. Гарангуутаа хүмүүсийн анхааралд өртөх нь өртсөөн  Ч.Билигсайхан, Барын Цэдэв гээд шүүмжлэгч болгон л юм хэлж, бичиж байсан. Ц.Хасбаатар гуай ч бас дуугарсан байх. Буурал Дагвадорж л лав миний номыг навсайтал уншчихсан “би зөв ч ойлгосон байж болно, үгүй ч байж болно. “Чи миний тэмдэглэснийг хараарай” гээд надад өгч байсан юмдаг. Өвөөдэй Дамдинсүрэн гуай хүртэл “Чиний номыг уншлаа. Маш шинэ сонин санаа байна. Чи оросоор ч сэтгээд байх шиг байна.  Ах нь чамд найруулгын зөвлөлгөө өгнөө” гэж байсан. Тэгсэн нэлээн сүүлд “Чиний бодсоныг монгол маягийн найруулга болгохоор нэг л болохгүй байна. Өөрийнхөөрөө явсан чинь дээр юм байна. Аяндаа чи нэг болоод ирнээ” л гэж байсан. “Нялх ногоо”-ноос эхлээд л би өөрийн гэсэн уншигчидтай болсон доо олз нь. Тэгээд бичсээр зохиолч нэр зүүчих шив дээ.

- Та Монголын Хэвлэлийн нэгдсэн редакцид редактор байсан гэдэг. Тэнд манай нэртэй зохиолч, орчуулагч  нар байсан. Тэднээс ихийг сурсан байхдаа?

- Би Хэвлэлийн редакци буюу Улсын хэвлэлийн газар зургаан жил ажиллахдаа нэг дээд сургууль төгссөний дайтай юм сурсан гэж боддог. Манай редакц чинь Монголын оюуны төв байлаа шүү дээ. Бичдэг, орчуулдаг хүмүүс бүгд орж гарна. Бүтээл туурвилаа ярина, хэлэлцэнэ. Монголын сор сэхээтнүүдтэй би тэнд л танилцсан даа. Тэгэхэд би орчуулгын зохиолоос гадна монгол уранзохиолын ном редакторлодог байсан. Лут лут хүн ирнээ. Тэдэнтэй хуучлана, тэд залуус бидэнд зөвлөлгөө өгнө, заримдаа ч болоогүй ээ бас мэтгэлцэнэ. Бас хөөрхөн цуурцгаана. Чухамхүү оюунаа уралдуулдаг л газар байлаа даа. Их юм сурсаан.

-Хаана ажиллав. Тухайн үед мэргэжлийн зохиолч хүн ч заавал нэг албан ажилтай л байсан юм билээ?

-Би албанаасаа ер хөндийрөөгүй ээ. Ганцхан удаа л уран бүтээлийн чөлөө авч, Алишер Навойн шүлгийн номыг орчуулж байлаа. Үнэндээ бол би сонирхлоо дагаж буюу хөрвийн аргаар бойжсон зохиолч шүү дээ. Зохиолч болох сургууль соёл юу ч хийгээгүй. Хэвлэлийн газар л жаахан боловсорсон байх. Дараа нь академид очсон. Ер нь шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт л ажилласан. Энэ гурван салбарынхаа гурвуулангийнх нь тэргүүний ажилтан болсныг бодоход олон жил зүгээр суугаагүй, бас ч бага сага юм хийсэн хүн гэж анзаарагдах байлгүй дээ.

- Та яруу найрагч төдийгүй үргэлжилсэн үгийн зохиолоор бас шуугиулж явсан юм гэдэг. Тэр дотроос “Задлаагүй захидлууд” туужид өөрийн чинь залуу насны амьдрал шингэсэн гэж сонссон. Энэ тухайгаа ярина уу?

- Намайг хүмүүс ер нь шүлэгч гэж боддоггүй байх аа. Би шүлгийн нэг л боть номтой, арван дуутай, гайгүй дуунууд бий шүү! Бас яруу найргийн  хоёр гурван ном орчуулсан хүн л дээ. Харин би сүүлийн үед жил болгон нэг тууж бичиж байгаа. Сүүлчийн “Их төөрөг” ном дээрээ “бүх цагийн роман” гээд биччихсэн байгааг чи анзаараа л байлгүй  “Мянган охидын цуугиан”, “Задлаагүй захидлууд” хоёр туужийг маань хүмүүс нэлээн унших шиг болнолээ. Нөгөө бүх цагийн роман маань уншигдав уу яав, мэдэхгүй. Сониноос тэр ном маань орос хэл дээр гарах гэж байгаа шүү дээ. “Задлаагүй захидлууд” яг ч миний амьдрал биш ээ. Миний үеийн оюутны л амьдрал юм. Би номоо одоо болтол дэлгүүрт тавьж, зарж барьдаггүй болохоор зарим уншигч миний юу хийгээд явааг мэддэггүй ч байж магадгүй ээ. Уншсангүй гэж гомдох эрх ч надад байхгүй.

-Яагаад номоо дэлгүүрт тавьдаггүй юм бэ?

-Манай номын дэлгүүрийн худалдагчид өөрснөө ном уншина гэж огт байдаггүй шүү дээ. Уншаагүй болохоор ямар ном бэ гэдгийг хүнд хэлэх ганц ч үг байдаггүй юм тэдэнд! Тэр байтугай “тийм ном байна уу?” гээд сураад очиход огт мэдэхгүй, лангуун дээрээ хаана байгааг ч олдоггүй  юм билээ. Би бүр биеэр үзсэн. Тэгж хөөрхий муу номнуудаа тоосонд дарагдуулж байснаас гэртээ хадгалсан нь дээр юм байна гэж бодсон. Цаг нь ирнэ биз. Уншъя гэсэн хүн яаж ийгээд намайг олоод ирдэг юм. Зарим нь утас, интернетээр сураглана. Номыг минь тоож байгаад нь баярладаг. Заримд нь бэлэглэнэ. Элиот шиг дотроо томордог ч үе байсан л байх. Чи Элиотыг мэднэ биз дээ? Номоо хэдхэн хувь хэвлүүлээд найз нартаа л тараадаг юм гэсэн. Энэ нь тэр хүнд Нобелийн шагнал авахад нь саад болоогүй л дээ. Уг нь хуучин цагт миний “Бурхантын цэцэг” ном тэр жилийнхээ захиалгад рекорд тогтоож л байсан түүхтэй л дээ. 19000 ширхэг хэвлэгдэж байсан гээд л бод доо?

- За тэгвэл “Цөллөг” гэдэг тууж бичээд нэг уралдаанд байр эзэлж байж. Тэгэхдээ уг бүтээлээ өөр хүний нэр дээр өгсөн. Тэгээд нилээд яриа болж байж л Л.Дашнямынх байсан нь илэрсэн гэдэг биз. Уг тууж ямар сэдэвтэй юм бэ?

- “Цөллөг” тууж хөөрхөн намтартай. “Адмон” хэвлэлийн газраас нэг уралдаан зарлалаа. Д.Батбаяр, Д.Урианхай бид гурав ярилцаж байгаад бүр санаатайгаар оролцсон юм. Залуустай уралдах санаа төрөхгүй юү! Шүүгч нар нь миний нэрийг харангуут л “залхуураад” эхлэх байлгүй дээ гэж бодоод, сургуулийнхаа нэг багшийн нэрийг тавиад явуулчихлаа. Тэгсэн нэг өдөр нөгөө багш маань: “Багш аа, та өөрөө оч оо! Намайг тэр шүүгчид нь зовоогоод байх юм. Элдэв юм асуугаад салахгүй юм. Сүүлдээ бүр ичээд, “Минийх биш, манай багшийн зохиол” гээд хэлчихсэн” гэж байна. Намайг тэд нь дуудаа ч үгүй л дээ. Ямарч л байсан шилдэг 10 номд нь орсон л байсан. Ном хэвлэгдэх үед нь би нэрээ тавьсан. Би тэр уралдаанд оръё гээд сэдвээ бодож суухнаа “Ер нь хүн төрөлтөн гэдэг хаанаас нь ч юм бэ цөлөгдсөн амьтад юм биш үү?” гэдэг сонин санаа толгойд буулаа. Тэгээд л тэнгэрээс ирээд хэдхэн хоноод буцаж байгаа Хэцүүдэй гэдэг залуугийн тухай зохиож гарсан л даа. Жаахаан, басрэгхэн тууж. Харин одоо хоёрдох туужийг нь бичих юмсан л гэж бодож сууна.

- Бас тэгвэл “Бурхантын цэцэг” номоо хэвлүүлсний дараа ном хэвлүүлэх эрхээ хасуулж байсан гэдэг билүү?

- Хэвлэлийн газар ажиллаж байхдаа би номын агуулга сайн байхаас гадна бас гоё байх ёстой юм байна гэдгийг мэдэж авсан л даа. Манай урансайхны редакцид дандаа л хэлбэр, хийц, гоё сайхан номны тухай ярина. Намайг ч бас “Чи гоё ном гаргаж болно шүү дээ” гэж уруу татна. “Бурхантын цэцэг” тийм гоё номных нь нэг болчихсон юм. Зургийг нь миний найз зураач М. Бүтэмж зурсан. Харамсалтай нь главлит зургийг нь зөвшөөрөөгүй л дээ. Урансайхны редакцийн ахлах редактор, Д.Сандагдорж бид хоёр ярьж байгаад дах хавтастай, хэмжээний хувьд стандарт бус,  нарийвтар ном хийе гэж байгаад уг нь гараа гаргасан юм л даа. Тэгсэн чинь л эхлэн бичигч шахуу нөхөр дах хавтастай, дээр нь бас цаас илүү хэрчүүлж, үргүй зардал гаргасан, энэ тэр гээд дараа жилийн номын төлөвлөгөөнөөс миний номыг хасаж, ер нь цаашдаа хэвлүүлэх эрхгүй болгочих шахсан шүү.

- Миний ойлгосноор, өөрийн чинь дурсамжид Б.Ренчин гуайн хэд хэдэн орчуулгын номыг редакторлосон тухай уншсан. Бодоход тэр том хүн хэр баргийн хүнээр бүтээлээ шүүлгэхгүй дээ. Гэтэл өөрийг чинь тоож байж дээ?

- Эхлээд би Ринчен гуайн “Байцаагч түшмэл”-ийг редакторлосон юм. Редакторлох номыг ахлах редактор бидэнд хуваарилдаг байсан л даа.  Манай ахлах редактор Ц.Шүгэр гуай Ри докторын шавь байсан юм. Юу бодсон юм, надад Ри докторын номыг хуваарилсан. Урд нь надад нэлээн хүнд ном таарсан байсан болохоор жаахан харж үзсэн ч байж магадгүй. Уншсан Ри докторын орчуулгын найруулга нь Гоголийнхоос тэс өөр юмаа. Яг л Ри доктор шиг бичдэг юм байна гэж бодмоор болгочихож. Нэлмэгэр нэлмэгэр том өгүүлбэртэй болсон байх юм. Нэг ирэхэд нь би зориг гарган, “Гоголийн стилийг хадгалбал яасан юм бэ?” гэдэг санал хэллээ. Стиль гэдэг үг хэлчихэв. Дор нь л дооглож байна. Тэгснээ “Тэгээч хүү минь! Болбол чи тэр “стильдээ” оруулаач!” гэж байна. Талд нь ортол туучихлаа. Нэг ирэхэд нь үзүүлээд “Болж байна уу? та хар даа” гэсэн үзэж байснаа “За яваад бай, яваад бай!” гээд эргүүлээд өглөө. Би дотроо “Тийм ч нэг их дуртай биш байгаа юм болов уу” гэж бодлоо. Буцааж байранд нь оруулах гэж бас их юм  болсоон. Ри доктор миний санал юу болж дууссаныг сонсоод За тэгнэ дээ!” гээд таатай нь аргагүй мушилзаж суусан шүү. Тэгж л бид хоёр танил болсон юм. Дараа нь Польшийн зохиолчдын нэг номонд Ри доктор надад олон шүлэг орчуулж өгсөн. Хамгийн сүүлчийн орчуулгаа хэвтэрт байхдаа дуусгасан шүү дээ. Мөн л Польш зохиолчийн “Үнс, чандруу” нэртэй ном байсан. Шүгэр дарга тэр номыг нь хэнээр редакторлуулах вэ? гэж өөрөөс нь асуусан өөдөөс нь “Нөгөө Дашням хүү байгаа юу?” гэж асуусан гэсэн. Намайг асуухыг бодоход тоодог л болсон байсан юм байлгүй. Тэр номыг нь ч редакторлосон доо.

- Та Монголын ахмад үеийн нэртэй цуутай олон зохиолчтой нөхөрлөж явжээ дээ. Энэ тухай чинь “Байх, байхгүйн дунд” нэртэй номоос мэдсэн. Уг номд тухайлбал, Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Д.Намдаг, Ц.Уламбаяр, Ч.Чимэд, Ц.Гайтав, Б.Явуухулан гээд 60 гаруй зохиолч, яруу найрагчдын өөр хүн хэлээгүй амттайхан дурсамжууд байдаг. Тэр дотроос Мишигийн Цэрэндорж гэдэг их хүний тухай та дэндүү сайн мэддэг юм билээ. С.Удвал гуайн тухай “Намуухан үгнээс нь нар төөнөж байдагсан” гэсэн дурсамж их содон юм байна лээ.

- Тийм ээ, олон хүний тухай бичсэн. Хойт үеийнхэн маань тэднийг дэргэд нь дэлдийж явсан бидэн шиг мэдэхгүй шүү дээ.

- Бас Б.Явуухулантай их ойр дотно байсныг чинь мөн тэр номноос мэдсэн.

- Би чинь арван жилийн сургууль төгсөхдөө яг Явуу шиг ногоон буурал костюмаар гангарсан хүн байхгүй юу. Улаанбаатарт хоёрхон л хүн тийм костюм өмсдөг байсан гээд бод! Бас Африк явж ирээд хоёулаа ав адилхан нэг их гоё материалтай час улаан цамц өмссөн. Африкт хоёулаа яаж “сайхан байснаа” би их дэлгэрэнгүй бичсэн минь “Байх байхгүй”-н дотор байгаа. “Явуу цонхон дээр суусан ялаа хоёр” гээд уранбүтээлийнх нь тухай би нэг юм бичнээ. Түрүүн уранбүтээлийнх нь талаар бага бичсэн байсан. Сүүлд л анзаарлаа.

- Жагдалын Лхагваа гэж яруу найрагч, богино үгүүллэгийн мастер хүн байлаа. Түүнтэй их найз байжээ дээ?

- Ж.Лхагва бид хоёрын тухайд бол яриад яахав дээ. Догмид тэр хоёрынх шиг паян бол бага байх. Гэхдээ үүх түүх бол их бий. Орчуулгынх нь хоёр боть удахгүй гарна. Би эмхэтгэхэд нь оролцож, редакторлож, өмнөтгөл бичсэн. Биднийг “гарын таван хуруу” гэх мэтчилэн баахан ярьдаг шүү дээ. Миний бүрдүүлсэн цугларал байгаа юм! Одоо бол юун таван хуруу, гуравхан болсон!  Д.Батбаяр маань жаахан өвдөж бариад л байна Юм бодуулж л байна даа Д.Урианхай бид хоёр яахав мунгинадгаараа мунгинаж л явна. Ж.Лхагваа, Б.Лхагвасүрэн хоёр минь тэнгэрээс хараад нэг юм ярьцгааж л  байгаа байлгүй. Тэр хоёр шиг авьяастан газар дэлхий дээгүүр гүйтэл цаг хугацаа нэлээн өнгөрөх юм байлгүй дээ. Лхагваа шиг ухаан зарж, утга өлгийдөж, урлаж чадах нь хэн бол?

- Та бас багш хүн. Олон ч шавьтай байх. “Монгол мэдлэг” дээд сургуультай байсан үе бий. Одоо Монгол Уламжлал академийг толгойлж яваа. Танай Академийн гол зорилго юу вэ?

- Манай Монгол уламжлал Академийг хүмүүс намуудыг цоллодог шигээ Дашнямын академи гэдэггүй юм шүү! Нэг их олон хүнгүй ч, дэлхийд хүрээд л байгаа болохоор хүмүүс биднийг мэддэг шиг байгаа юм, Би гадна, дотнын залуучуудын эрдмийн ажлыг залж зөвлөж байна. Дотоод, гадаадын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна, Монголын болон гадаадын эрдэмтэд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Би болоод манай шавь нар огт зүгээр суухгүй байнаа. Өвөрмонголын эрдэм номын залуучуудад зориулсан “Зуны сургалт” явуулдаг. Энэ жил 10 жилийнхээ ойг хийнэ дээ. Төлөвлөсөн ном, товхимлууд гарч л байна. Гадаад, дотоодын нэвтрүүлгүүдэд оролцож байна.  Манай зуны сургалтад Өвөрмонголын бүх нутгаас, мөн Дээд Монголоос ч ирж оролцдог. Одоо миний шавь нар өмнөд нутагт 200 дөхөж байгаа шүү. Түүнээс гадна Тува, Саха, Буриадтай ойр холбоотой ажилладаг. Хааяа Халимаг ч ороод ирнэ. Дээрх орнуудад бид олон хүн явуулсан даа. Чи ч бас Дээд Монгол яваад авсан байх аа?

- Энэ ярианаас харахад монгол уламжлалыг сэргээх, өнөө үеийнхэнд ойлгуулж мэдрүүлэх ажил чинь их өргөн хүрээтэй байдаг юм байна.  Уламжлал гэснээс өнөөгийнхөн монгол уламжлалаа их гээж байх шиг санагддаг. Таны бодол...?

- Уламжлал бол  орхиж гээж огт болохгүйгээс гадна бас хэт туйлшруулж бурханчлах юмуу, царцааж хатааж болдоггүй хамгийн үнэ цэнэтэй, бахархал болсон зүйл маань шүү дээ. Явж явж аливаа үндэстний нэрийн хуудас уламжлал нь байдаг юм. Уламжлал хэзээ амьд сэрүүн байдаг бэ? гэвэл түүний мөн чанарыг ойлгож ухаарсан цагт, энгийн үгээр хэлбэл, мах цусныхаа тасархай болгон хайрлаж, хамгаалж, хөгжүүлж цэцэглүүлж байсан цагт л уламжлал тод мэдрэгдэнэ! Хөлийн доорх хөрс шороо, хүслийн доторх гэрэл гэгээ бол уламжлал юм. Орчин цагт манай залуус уламжлалаа гээж байгаа нь үнэн. Гэвч олон шалтгаантай байна. Нэгд, амьдралын хэвшил нь өөрчлөгдсөн байна, цаашдаа ч өөрчлөгдөнө; хоёрт, хүн ам маань их залуужиж байна, залуус юмыг дууриах, дагах дуртай!; гуравт, гаднын хүч, нөлөө, тэр байтугай оролцоо  их байна, өөрийгөө умарттал нь нөлөөлж байна! За тэгээд ахмадын үлгэрлэл муу байна, мэдэх юмаа мэдэе гэж хичээхгүй, мэдүүлье ч гэж чармайхгүй байна. Олон шалтаг, шалтгаан байнаа даа. Ерөнхийдөө бол Монгол Монголоо алдсаар л байгаа нь үнэн! Хамгийн аймшигтай нь эх орноо тоохгүй, дордчилж үздэг хүн олшроод байна. Чимээгүй суухын аргагүй л болж байна шүү!

- Саявтар нэгэн сонинд нэлээд гадааджсан нэг монгол эмэгтэй монголчууд ямаагаа самнахаас эхлээд эмнэг хангалаа сургах, унага тамгалах, мал хөнгөлөх гэж малаа ёстой тамладаг гэж ярилцлага өгсөн байсан. Та түүнийг уншсан л байх даа.

- Тэр нэлээн юм ойлгуулж, мэдүүлсэн маргаан болох шиг болсон. Өөрөө хэзээ ч ямаа самнаж үзээгүй, тэр байтугай ямаа яагаад орилоод байдгийг ч мэдэхгүй байж тэр асуудлыг хөндөөд эхлэнэ лээ л дээ. Мал маллаж, өвлийн жаварт хацраа хайруулж, зуны аагимд амаа ангуулж үзээгүй ч, малаа хайрлаж байна гэдэг сайхан хэрэг. Сэтгэл байна! Харин яагаад орилох ёсгүй ямаа орилоод байна вэ? гэдгээ нарийн сайн ойлгосон уу, үгүй юү? Айхтар сүрхий цухалдахын сацуу нөгөө хэдэн малчдаа санав уу, үгүй юү? Өнөөдөр тэд маань яаж шүү амьдарч байна гэдгийг бараг л орхичих шиг болсон уу? Ямаа ер нь их орилоо амьтан шүү дээ. Гэтэл энд яригдаад байгаа ямаа бол ердийн орилоо ямаа биш, ноос ноолуураа зулгаалгаснаас орилж чарлаад байгаа амьтан байхгүй юу! Тэр орилоо ямаанд улам чанга орилох нэг зовлон нэмэгдэж! Бас тэр хөөрхий амьтныг эрт нүцгэрээд осгож үхэх вий гэдгийг ч тоодог хүнгүй болсон юм байна. Түүнд нь гомдсон ямаа чанга чанга орилдог болсон ч юм уу. Ер нь бол ямаа биш, ноолуур тэгээд мөнгө чухал болсон цаг ирсэн юм байна л даа. Би тэр маргааныг ер нь зүгээр яриа болж байна гэж бодсон. Монгол хүн бол уг нь малаа орилуулахаа ч мэддэг хайрлаж хамгаалахаа ч мэддэг. Орон гэрээ хүртэл малтайгаа хуваагаад л амьдардаг шүү дээ.

- Одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

- Хэд хэдэн номон дээр ажиллаж байна. Урьд нь бичсэн үгүүлэл, уншсан лекц, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэл мэтсээ бөөгнүүлж, цэгцлээд нэг ном гаргана. Бэлэн болсон. Хүн нь мал юмуу мал нь хүн юмуу гэдэг асуудал хөндсөн нэг философлиг тууж бичсэн, түүнээ засна. За тэгээд найман арав наслахдаа юу мэдсэн, сонссон, юу туулснаа бичиж байна даа. Дурсамж, дурдатгал гэсэн үг. Зүгээр суухгүй байна.

- Ер нь хэдэн ном биччихвээ та?

- Бичсэн, орчуулсан, эрхэлж эвлүүлсэн гээд яривал нэлээн том тоо хэлэх байх шүү. Одоогоор би 15 ботиор тойрог татаад 10-аадыг нь хэвлүүлчихээд, үлдсэн ботиуддаа “нооргоо хуваарилж” сууна. Миний гол хөрөнгө бол ноороглосон цаас л юм байна даа.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Д.Цэрэннадмид

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zaluuchuud yuch ynsdaggyi ,deer ni ylas  2022-03-08 17:29:03
    Manai orchin chagiin hymyys neg iimerhyy bolj,(eldeb)gedeg gedger chini Dasnyam gyaig zohiolch yum uu?gedeg baina s dee!!!zaluuchuud maani hachin bolj ee!!!yuch...
  • Элдэв 2020-06-28 19:31:50
    Энэ чинь бас зоххиолч юмуу? Ямар гэгч зохиол биччихсэн юм бол? Ерөнхийлөгч болно гэж байх үеэс нь харсан юм байна.
    162.158.75.89
    Мэдэгдсэн Хариулах
  • Irgen 2020-04-11 04:23:59
    het huuchinsag hun
    172.69.252.147
    Мэдэгдсэн Хариулах
    • tenegyyd olsirloo doo??????????????????? 2022-03-08 17:30:58
      orchin ye sig boloh geed ta nar sig MONGOLOON aldah yy?....hereg alga,ene zaluus,bygd tenegdyy dyrakyyd bolj dee,yuch ynsdaggyi ytga zohioliin nariin eedreetei ...
  • Зочин 2020-04-10 23:29:26
    Ккк, онигоотой
    162.158.7.102
    Мэдэгдсэн Хариулах