Д.Будзаан: Улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан

“Хүүхэд хамгаалагч” төслийг 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсон. Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаанаас “Хүүхэд хамгаалагч” төслийн 2019 оны үр дүн, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар тодрууллаа.

“Хүүхэд хамгаалагч төсөл” 2019 оноос хэрэгжиж эхлэсэн. Ямар үр дүнд хүрсэн бэ?

“Хүүхэд хамгаалагч” төсөл анх 2018 онд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэг сарын хугацаатай туршилтаар хэрэгжиж байсан. Харин 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 60 дугаар зарлиг гарсан.

Энэхүү зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг хяналтад асан.

Ингээд “Хүүхэд хамгаалагч” төслийг санаачлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар батлуулсан юм. 2019 онд 21 аймгийн төв, нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллалаа. Энэ төслийн хүрээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 2019 онд 1598 үйлдэгдсэнийг өмнөх онтой харьцуулахад 90 нэгжээр буюу 5.3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байгаа.

“Хүүхэд хамгаалагч” нар өнгөрсөн онд хичнээн чиглэлд, хэдэн цагаар үүрэг гүйцэтгэн ажилласан бэ?

Хүүхэд хамгаалагч нар 2019 оны 05 дугаар сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажлын өдрүүдэд давхардсан тоогоор 1550 чиглэлд, давхардсан тоогоор 150,259 хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажилласан. Мөн хүчирхийлэлд өртсөн 12 хүүхдийн мэдээллийг Хамтарсан багт мэдээлж, төөрсөн 79, цасан болон шороон шуурганы үеэр хараа хяналтгүй явсан бага насны 183 хүүхдийг гэрт нь хүргэж өгч аюулгүй байдлыг нь хангасан. Хүүхэд шууд эрсдэж болзошгүй 128 тохиолдлоос урьдчилан сэргийлж, зөвшөөрөлгүй газар тамхи татсан, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан зэрэг 161 зөрчлийг таслан зогсоож ажилласан юм.

Ахмад ажилтнууд үүрэг гүйтцэтгэж байх хугацаандаа зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан цахим тоглоомын газар, гудамжинд архидан согтуурсан зэрэг зөрчлийн 188 дуудлага, мэдээллийг илрүүлэн мэдээлж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ямар хүмүүсийг ажилуулсан бэ? Улсын хэмжээнд хичнээн хүн ажилласан бэ?

Цагдаагийн байгууллагаас төслийн хүрээнд улсын хэмжээнд хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй 2160 эмзэг цэгийн судалгааг гаргасан. Ингээд “Хүүхэд хамгаалагч” эргүүлийн ажиллах цаг, чиглэлийг хороо, баг тус бүрээр гарган, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 103, нийгмийн ажилтан 10, багш сурган хүмүүжүүлэгч 21, бусад салбараас 60 нийт 194 хүнийг сонгон шалгаруулсан юм. Эргүүлийн үүрэг гүйцэтгэх ахмад настнуудад сургалт явуулан, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргын тушаалаар томилон, зөвлөмж, зааварчилга өгсөн. Цэрэг, цагдаа, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад настнууд маань хүүхэдтэй ажиллаж сурсан байдаг нь төслийг чанартай хэрэгжлүүхэд сайнаар нөлөөлж байгаа юм.

Хүүхэд хамгаалагч төсөл хэрэгжиж, “Хүүхэд хамгаалагч” нар ажилласанаар ахиц хэр байна вэ?

“Хүүхэд хамгаалагч” төслийг иргэдийн оролцоонд түшиглэн улсын хэмжээнд хэрэгжүүлснээр хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд ахиц гарсан. Одоогийн байдлаар дэлхийн олон улсад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох талаар Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэртэй холбогдуулан энэхүү төслийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл эхлэхээр улсын хэмжээнд ажиллуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Зөв тусгал” хөдөлгөөнийг “Хүүхэд хамгаалагч”  иргэдтэй хамтран улсын хэмжээнд энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс нэг сарын хугацаатай зохион байгуулсан. Энэхүү нэгдсэн арга хэмжээг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн боловсролын газар болон харъяа хэлтэс, алба зэрэг 265 төрийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн Зөн Монгол, Гүүд нейборс олон улсын байгууллага зэрэг 50 төрийн бус байгууллага, 401 аж ахуйн нэгж, 8600 орчим иргэний дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд зохион байгуулж, аяны хугацаанд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14.1 хувиар буурсан юм.

Энэ төсөл 2020 онд үргэлжлүүлэн хэрэгжих болсон тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

Төслийн 2019 оны үр дүн, ач холбогдол, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын бодлогын газар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 2020 онд нийслэлийн 172 хороонд тус бүр 1, 21 аймагт тус бүр 2, улсын хэмжээнд нийт 214 иргэнийг хүүхэд хамгаалагчаар ажиллуулах шийдвэр гарсан.

“Хүүхэд хамгаалагч” ахмад ажилтантай байгуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал, төсвийн төлөвлөгөөний төслийг боловсруулан хүргүүлсэн. Төслийг хэрэгжүүлэхээр цэрэг, цагдаа, эрүүл, мэнд, боловсрол, хүүхдийн байгууллагаас өндөр настны тэтгэвэрт гарсан ахмад настнуудыг ажиллуулах бөгөөд урамшуулалд 508,4 сая, урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны ажилд 143,0 сая, нийт 651,8 сая төгрөгийг санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн байгаа.

Мөн эцэг, эх, асран хамгаалагчийн хүүхдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдийг зам тээврийн хэрэг, осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр модуль сургалт, ухуулга нөлөөллийн арга хэмжээг ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн байгууллагууд, “Хүүхэд хамгаалагч” нартай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Та урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгнө үү?

Хүн хоёр том боловсролыг эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тэр хүүхдийн нэрийн хуудас байдаг. Тэгэхээр та хүүхдээ ирээдүйд сайн хүн болоосой, баялаг  бүтээгээсэй гэж хүсэж байгаа бол англи хэл сур, энийг хий тэрийг хий гэхээс илүү зөв хүн болгох, зөв сэтгэлтэй болгох, хүнийг хүндэлдэг, сэтгэлзүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай, өрсөлдөх чадвартай хүн болгож хүмүүжүүлээрэй. Аяндаа тийм хүн болгож төлөвшсөн хүн гэмт хэрэг үйлдэхгүй, буруу зүйлд татагдахгүй, өөртөө итгэлтэй, сурахыг эрмэлздэг, мөрөөддөг, амьдралаа төлөвлөхийг зорьдог. 

Нэгэнт хохирогч болчихсон, хүмүүжил авч чадаагүй хүүхэд бусдад уруу татагддаг, улмаар гэмт хэрэг үйлддэг, хохирдог, холбогддог. Хүүхдэд гэр бүлийн боловсрол олгох тал дээр өөрөө үлгэр жишээ байгаач, хүүхдээ хамгаалаач гэдэг зүйлийг л хэлмээр байна. 

Ярилцсанд баярлалаа.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.