Эм ханган нийлүүлэгчид ээ, эмийн заавар Монгол хэл дээр байх хуулийн заалтаа мөрдөнө үү
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлтэй 4800 гаруй нэрийн эмний 30 хувь нь үндэсний үйлдвэрийн эм, 70 хувь нь импортын эм бөгөөд 63.4 хувь нь жороор олгох, 35.5 хувь нь жоргүй олгох, 1.1 хувь нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эм байна. Иргэдийн дунд  антибиотик эмийг хяналтгүй хэрэглэх,  хүүхдэд эм хэрэглэхдээ тун хэмжээ, хугацаа, дэглэмийг баримтлахгүй өгөх, эмийг хэт олноор авч буруу хадгалах, хот суурин газарт эмийн сан хэт олноор байгуулагдаж, борлуулалтын хойноос хөөцөлддөг гэх мэт  байдлуудаас болж эмийн замбараагүй хэрэглээтэй тэмцэхэд хүндрэлтэй хэвээр байна. Буруутгах аргагүй. Булан тойроод эмийн сан, суваг солиод эмийн реклам. Энэ байдал бол эмийг хоол шиг хэрэглэсээр байгаагийн хамгийн том шалтгаан юм.  



“emonos.mn”-ээс интернетээр захиалж, хүргүүлж авсан эм, хамрын дусаалганы заавар. Бага насны хүүхдэд хэрэглэх жорын дагуу авсан ч хэрэглэх заавар нь орчуулагдаагүй байна.

Нийт хүн амын дунд эмийн зохистой хэрэглээний талаар мэдлэггүй боловч эмийг дур мэдэн хэрэглэснээр эмийн гаж нөлөө илрэх, эмэнд дасах, хордох тохиолдол элбэгшиж, эрүүл мэнд амь насаараа хохирох, эмчилгээний үр нөлөө буурах, эмийн харшил, нянгийн халдвар хүнд явцтай болох зэрэг үзэгдэл ихсэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэлийг зүй ёсоор түгшээж байна. Мөн дээрээс эм ханган нийлүүлэгчид Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн заалтуудыг мөрдөхгүй байгаагаас маш олон дээр хэлсэнчлэн маш олон сөрөг үр дагавар гарч байна.

Тодруубал, "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дахь заалтад эмийн хэрэглэх зааврыг монгол хэл дээр хөрвүүлэх ёстой хэмээн заасан байдаг. Гэвч бодит байдал дээр  энэхүү заалт бүрэн хэрэгжиж чадахгүй хэвээр. Тухайлбал,  эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын импортын эмийг худалдан борлуулахдаа хэрэглэх зааврыг  Монгол хэл дээр орчуулдаггүй.

Эм, эмнэлгийн хэрэгслийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд эмийн заавар чухал нөлөөтэй. Гэвч эм ханган нийлүүлэгчдийн ихэнх нь хуулиа дагаж мөрдөхгүй зөрчил байсаар байгааг Эрүүл мэндийн яам болон МХЕГ анхааралдаа авах шаардлагатай байна.  Орчин үеийн эмчилгээний өндөр идэвхтэй эм зах зээлд олноор нэвтэрч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эмийн эмчилгээ чухал байр суурийг эзэлж байгаа. Иймээс зөв хэрэглэхэд Монгол заавар маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг эм ханган нийлүүлэгчид мэдэж баймаар...Гэтэл импортын эм, эмнэлгийн хэрэгслээ гадаад хэл дээрх заавартай нь худалдан борлуулсаар байгаа зөрчил нь Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчсөөр байна. Иргэд эмийг зөв сонгох, оновчтой хэрэглэхэд Монгол хэл дээрх заавар чухал байгааг эм импортлогч ААН-үүдэд сануулахад илүүц биз.
 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2020-04-09 02:50:34
    энэ зөв шаардлага шүү, зарим монголоор байгаа нь бас уншихад хэцүү мааааш жижигээр бичсэн байдаг
    172.69.45.145
    Мэдэгдсэн Хариулах