ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, үйлчлэгч нарт нэг сая хүртэл төгрөгийн урамшуулал олгоно

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Тэрээр халуун цэг дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 237 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгаа, эмчийн хяналт зэргнн үргэлжлүүлж байна. Тус төвд 177 хүнийг тусгаарлан, ажиглалтад аваад байгаа тухай эмнэлгийн удирдлагууд танилцуулав.

Манай улс дэлхийн бусад оронд хэрэглэж байгаа эм бэлдмэл зэргийг эмчилгээндээ ашиглаж, үйлчилгээ үзүүлж байна. Сэжигтэй тохиолдол бүрийг үндсэн оношлуураар үзэж, ХӨСҮТ-ийн Төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулдаг юм. Тус төвд лабораторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтэн, үүнээс 100 орчим нь ээлжээр ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд баярлалаа гэж зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээсголомтод ажиллаж байгаа эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим хүнд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хандивын хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгоно” гэлээ.

ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байна. Энэ баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний ойрын хавьтагчийг олж тогтоох зэрэг үүрэг хүлээсэн бөгөөд мэдээллээ Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, Эрүүл мэндийн яам, бусад холбогдох байгууллагад хүргүүлдэг юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus