Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргахыг зогсооно
Монголын эдийн засгийн 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүнээр амьдарч байна. Иймээс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай байнга хөндсөөр ирсэн. Тухайлбал, өнгөрсөн жилийн хувьд малын махыг заавал боловсруулна, эсвэл амьдаар нь гаргахгүй тухай маргаан өрнөсөн. Илүүдэл бог малаа экспортолсноор татварын орлого  нэмэгдэх, экспорт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд нөөцийн мах бүрдүүлэх чиглэлээр хураамж тавих зэрэг олон арга хэмжээ авч болно. Ингэснээр улсын орлого нэмэгдэхээс гадна малчдын орлого өсөх гарц гэж харж байна.

Хаврын чуулганы эхэнд хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр товлосон. Үүний нэг нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл юм. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг байнгын хороо дэмжсэн.
 
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Засгийн газрын 2011 оны 199 дүгээр тогтоолын дагуу 2014-2018 онд 32 удаагийн лицензээр 10 толгой цэвэр үүлдрийн адуу, 945 толгой үржлийн бусад адуу экспортолж, улсын төсөвт 142.6 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд үржлийнхээс бусад малыг гадаадад гаргахад тусгай зөвшөөрөл, лиценз шаарддаггүй, дан ганц экспортын мэдэгдлээр гаргадаг байсан нь үржлийн малыг гаргах эрсдэлийг дагуулжээ. Түүнчлэн сүүлийн үед шинжлэх ухаан хурдацтай хөгжиж малын эд, эсээс өсгөвөрлөн, тухайн малыг гаргаж авах боломжтой болж байгаа нь зөвхөн үржлийн төдийгүй үржлийнхээс бусад мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүнийг төрийн хяналттайгаар гадаадад гаргах шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байгаа ба үүнийг лиценз олгох замаар хэрэгжүүлэх боломжтой болжээ. Мал, түүний үржүүлгийн бүтээгдэхүүнийг хяналтгүйгээр гадаадад гаргах нь хэтдээ монгол малын удмын сан алдагдахад хүргэж, эдийн засаг, нийгмийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 

Хуулийн төсөл батлагдснаар хууль хоорондын зөрчил арилж нэг мөр хэрэглэх боломжтой болохоос гадна гадаадад гаргаж буй үржлийн бус мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүний тоо хэмжээг хянах нөхцөл бүрдэх ба улсын төсвийн орлого нэмэгдэнэ гэх тоцооллыг гаргасан байгаа юм.

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.