Ж.Осгонбаатар: Дэлхийн дулааралтай тэмцэх гол хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатартай ярилцлаа.

 

-Дэлхийн дулаарлаас үүдэлтэйгээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү хэрэглэх бодлого улс орнууд баримталж байна. Харин манай улсын хувьд  сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ хэр байна вэ?

-Улс орнууд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж байгаагийн гол зорилго нь хүн төрөлхтний амьдарч буй дэлхий ертөнц дэлхийн дулаарал хэмээх аюултай тулгарч байгаа явдал. Дэлхий нэг хэмээр дулаарахад ямар үр дагавар бий болохыг улс орнууд тооцож санал санаачлага гарган ажиллаж байна. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенцид дэлхийн 195 гаруй орон нэгдсэн. Эдгээр орнууд анх 2015 онд дэлхийн дулаарлын эсрэг чуулга уулзалтыг зохион байгуулахад Монгол Улс санаачлагаараа сэргээгдэх эрчим хүчийг дэмжих уриалгад нэгдсэн.

Дэлхий ертөнц хүлэмжийн хийг ихээр  ялгаруулж байдаг. Энэ нь буцаад дэлхийн дулааралд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гол хүчин зүйл нь сэргээгдэх эрчим хүч юм. Үүний тулд л улс орнууд нэгдэж дэлхийн дулаарлыг сааруулахын тулд уйгагүй хичээл зүтгэл гаргаж байна. Зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенциэр зогсохгүй НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхээр заасан. Энэ хоёр том баримт бичигт Монгол Улс нэгдсэн учраас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Тийм үүрэг ч хүлээсэн. Манай улсын эрчим хүчний систем нь нүүрсний цахилгаан станц голлосон эх үүсвэрийн бүтэцтэй. Харин сүүлийн 5-6 жилийн хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай сэргээгдэх эрчим хүчний хэд хэдэн эх үүсвэр ашиглалтад оруулсны үр дүнд, хагас тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг татаж, 214 МВт-ын нар, салхин цахилгаан станцууд баригдсан. Сэргээгдэх эрчим хүч хэрэглэж хүлэмжийн хий бууруулж байна гэдэг бол дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэсэн үг. Манай улсын эрчим хүчний систем нь 1300 орчим МВт-ын суурилагдсан хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар үүний 17 орчим хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлж байна.


Манай улсын эрчим хүчний системийн 80 гаруй хувийг бүрдүүлж буй нүүрсний цахилгаан станцууд нь 35 –аас дээш жилийн насжилттай. Тухайн үед ОХУ (ЗСБНХУ)-ын зээл, тусламжаар хийгдэж байсан учраас хөрөнгө оруулалтын зардал гэж төлдөггүй.


 

-Бусад улс орнууд сэргээгдэх эрчим хүчээ ямар эх үүсвэрээр шийдвэрлэж байна вэ. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг маш хурдацтай хөгжүүлж буй улс орнууд болох БНХАУ болон Европын орнууд  эртнээс усны эрчим хүчний эх үүсвэрийг ашиглаж ирсэн. Тийм учраас нар, салхин цахилгаан станцуудыг хөгжүүлэхэд системийн горим тохируулга хийх тал дээрээ давуу талтай байна. Усан цахилгаан станц нь өөрөө маневарлах чадвар сайтай, системийн горим тохируулга хийхэд гол үүрэг гүйцэтгэж чаддаг. Үүнээс гадна хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа эрчим хүчний уян хатан хамтын ажиллагаатай, биомасс, хийн станцууд зэрэг олон төрлийн эх үүсвэр байдаг нь маш том давуу тал болж байна.

Манай улсын хувьд нүүрсний цахилгаан станцууд голлосон учраас горим тохируулгын эх үүсвэрийн хувьд дутагдалтай. Нүүрсний цахилгаан станцууд нь горим тохируулагчийн үүргийг гүйцэтгэхэд технологийн хувьд дутагдалтай талууд байдаг. Гэхдээ манай улс дахь сэргээгдэх эрчим хүчнээс нийлүүлж буй эрчим хүчний хэмжээ нь 10 хүрэхгүй хувьтай байгаа.

Ер нь Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарах үндсэн хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээрт, манай улсын эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал бага, зах зээл жижиг, нүүрсний цахилгаан станц голлосон учраас технологийн хувьд анхаарах зүйлс байна. Гэхдээ энэ нь сэргээгдэх эрчим хүч хангалттай хөгжүүлсэн байна, одоо хязгаартаа хүрлээ гэсэн үг бас биш. Усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станцууд, хийн цахилгаан станц гэх мэт манай улсын систем, онцлогт тохирсон эх үүсвэрүүд хөгжүүлж, үүнтэй зохицон ажиллаж чадах сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх нь зүйтэй. Мөн уул уурхайн хэрэглэгчдийг сэргээгдэх эрчим хүчний бие даасан шийдлээр хангах замаар хөгжүүлэлтийг үргэлжлүүлэх боломжтой.

Хоёрдугаарт, Үнэ тариф. Манай улсын эрчим хүчний системийн 80 гаруй хувийг бүрдүүлж буй нүүрсний цахилгаан станцууд нь 35 –аас дээш жилийн насжилттай. Тухайн үед ОХУ (ЗСБНХУ)-ын зээл, тусламжаар хийгдэж байсан учраас хөрөнгө оруулалтын зардал гэж төлдөггүй. Тиймээс зөвхөн үйл ажиллагааны зардалд нь үндэслэж, тарифыг нь тогтоодог учраас харьцангуй цахилгааны үнэ хямд байгаа юм. Хэрэв бид өнөөдөр шинэ нүүрсний цахилгаан станц баривал 2-3 дахин үнэтэй цахилгаан үйлдвэрлэх шаардлага гарна. Тэгэхээр зөвхөн сэргээгдэх эрчим хүч үнэтэй байгаа биш юм. Тухайн станцын хөрөнгө оруулалтаа нөхөх зардал байдаг гэдгийг хүмүүс ойлгох байх.

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх гол саад нь үнийн зөрүү байдаг. Өөрөөр хэлбэл, бусад улс орнуудаас хэд дахин бага үнээр цахилгаан хэрэглэдэг хүмүүс өндөр үнэтэй эх үүсвэр хэрэглэх үү?

-Бид сэргээгдэх эрчим хүчний талаар нэгдсэн ойлголттой болох ёстой. Хэтэрхий нэг талыг барьсан, буруу ойлголтууд яваад байгаа. Улсын Их хурал 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг анх баталсан. Уг хуульд нар, салхи, усан цахилгаан станцаас нийлүүлэх тарифыг тогтоож өгсөн байдаг. Тухайн үед дэлхийн зах зээл дээр 1МВт суурилагдах хүчин чадалтай нарны цахилгаан станцын өртөг 8-10 сая ам.доллар, салхины эрчим хүч 4-6 сая ам.доллар байсан. Хэдийгээр 2007 онд эрх зүйн орчин бүрдсэн боловч үүнээс зургаан жилийн дараа анхны салхин цахилгаан станц, анхны нарны цахилгаан станц 2017 онд ашиглалтад орсон. Хууль батлагдсанаас хойш зургаан жилийн дараа анхны салхин станц, 10 жилийн дараа анхны нарны станцаа барьжээ. Яагаад ингэж удав гэхээр Монголд хөрөнгө оруулахад сэргээгдэх эрчим хүч үнэтэй байсаар л байсан.Бусад улс оронд ч ийм л байсан. Жишээ нь 4-5 жилийн өмнө БНХАУ-д салхины эрчим хүчнээс нийлүүлэх өртөг бүсээсээ хамаараад 8-10 цент байлаа. Харин 2015 онд Парисын хэлэлцээрийг байгуулсан нь сэргээгдэх эрчим хүчний хурдацтай хөгжилд түлхэц өгч, үүнийгээ дагаа 2016 оноос өртөг мэдэгдэхүйц бууж ирсэн. Үүний нөлөөгөөр Монгол Улсад сүүлийн гурван жилийн дотор таван нарны станц, хоёр сал­хин станц шинээр ба­риг­дах боломж олгосон юм.

Бусад улс орнуудын адилаар Монголд ч сэргээгдэх эрчим хүчний төслүүд шинээр байгуулагдвал хямд эрчим хүч нийлүүлэх боломж бүрдсэн байгаа. Учир нь 2019 онд хуулинд өөрчлөлт орж, тарифыг бууруулсан. Гэхдээ бүгд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр хэрэглэгчдэд борлуулж буй үнээс хямд цахилгааныг өөр ямар ч эх үүсвэрээс нийлүүлэх боломжгүй. Зах зээлийн нөхцлөөс нь доогуур тарифаар эрчим хүч нийлүүлэхээс гадна, валютын ханшны тогтмол өсөлт ч үүнд нөлөөлж байдаг. Мэдээж эрчим хүчний үнэ ханшийг нэмэгдүүлэхгүй байхад үе үеийн Засгийн газар анхаарч байсан. Гэвч эргээд эрчим хүчиндээ хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол цахилгаангүй өдрүүд олон болох эрсдэлтэйг бодох хэрэгтэй.

 

Дэлхийн дулааралд нөлөөлж хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулж байгаа улс орнууд бий. Тухайлбал, Хятад улс хүлэмжийн хийн 29 хувь, АНУ 16 хувийг ялгаруулж байна. Монгол Улс тодорхой хэмжээнд нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаа.

 

 

-Дэлхийн дулаарлыг бий болгож байгаа үндсэн гурван салбарын нэг нь эрчим хүч.  Мөн дэлхийн дулаарлыг сааруулахын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг хөгжүүлж, технологийн дэвшил шийдлүүдийг ашиглах ёстой байх?

-Дэлхийн дулааралд нөлөөлж хүлэмжийн хий их хэмжээгээр ялгаруулж байгаа улс орнууд бий. Тухайлбал, Хятад улс хүлэмжийн хийн 29 хувь, АНУ 16 хувийг ялгаруулж байна. Монгол Улс тодорхой хэмжээнд нүүрс хүчлийн хий ялгаруулж байгаа. Тиймээс улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үүднээс сэргээгдэх эрчим хүчийг ихээр ашиглаж байна. Дани улс гэхэд жилийн нийт хэрэглээнийхээ 46 хувийг салхины эрчим хүчнээс нийлүүлж байна. ХБНГУ -д нүүрсний цахилгаан станцын оролцоо буурсаар байгаа бол, Франц улс энэ оны эцэс гэхэд нүүрснээс бүрэн татгалзаж байгаа.Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 орчим улс 2050 он гэхэд бүрэн сэргээгдэх эрчим хүчинд шилжихээр зорилт дэвшүүлсэн байна. Харин манай улсын хувьд 2030 он гэхэд дотоодын суурилагдсан хүчин чадлын 30 хувьд сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилтыг 2015 онд дэвшүүлсэн.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд бидний яг өнөөдрийн туулж байгаа замуудыг АНУ болон Европын орнууд 2000-аад оны эхэн үеэр нүүр тулчихсан. Хэт үнэтэй байсан, мөн сүлжээний зохицуулалтууд хийхэд хүндрэлтэй байсан гэх мэт. Гэхдээ тэд зорилтоосоо ухралгүй тэмцсээр ирсний хүчинд өнөөгийн Герман, Франц, Дани улсуудын эрчим хүчний шилжилтийн суурийг тавьж чадлаа.Харин манай улсын хувьд өмнө хэлсэнчлэн технологи, үнэ тарифын хувьд хийх тодорхой өөрчлөлт, шинэчлэлүүд хэрэгтэй байгаа. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг маш олон чиглэлд хөгжүүлэх боломжууд бий. Уул уурхай, алслагдсан суурин газруудын цахилгаан, дулаан хангамж, хөдөө аж ахуйн усалгааны системийн шийдэл зэрэг олон чиглэл бий. Бидний яриад байгаа сүлжээн дэх багтаамж, үнэ тариф гэдэг бол зөвхөн төвлөрсөн сүлжээнд л хөгжүүлэх чиглэл нь юм.

-Зөв голдьрилоор явж чадвал Монгол Улс хэдий хэр хугацааны дараа дотоодын үйлдвэрлэлээр эрчим хүчээ бүрэн хангах боломжтой болох бол?

-2015 онд “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг УИХ-аар баталж, түүнээс хойш энэхүү бодлого хэрэгжиж байгаа. Цаашид бодлогодоо учир дутагдалтай зүйлс байвал сайжруулаад, аль ч нам, засаг гарсан бодлогоо алдалгүй явах нь зүйтэй. Эрчим хүчний салбарт улстөржилт нөлөөлснөөр салбарын бодлого алдагдаж, өнөөгийн нөхцөл байдалд хүргэж байна. Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулна гэж 20 гаруй жил ярилаа. Хэд хэдэн нүүрсний цахилгаан станцуудын асуудлууд ч яригдсаар л. Гэвч алийг нь ч бариагүй л байна. Үүний үр дүнд эрчим хүчний системийн найдвартай байдал нь импортын цахилгаанаас хамааралтай. Оюутолгой уурхайг цахилгаанаар хангах чадамжгүй тул БНХАУ-аас цахилгаан нийлүүлж байна. Зөвхөн Оюутолгойн цахилгаан нийлүүлэлтээс бид жилд 120 сая ам.доллар алдаж, энэ хэмжээгээр салбарын эдийн засгийн хувьд тэлэх боломжоо алдаж байна. Хүчин чадал бага уурхайнууд ч цахилгаангүй тул дизель генератор ашиглаж, цахилгаанаа хангаж байна. Дизель түлш бүрэн импортын бүтээгдэхүүн. Иймээс бид өөрсдөдөө шингээж чадах хөрөнгө оруулалтаа шингээж чадахгүй байна.

Ер нь эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд 4, 5 жил хангалтгүй. Мэргэжлийн хүмүүсийн тооцоо, судалгаан дээр үндэслэсэн 20-30 жилийн бодлогыг боловсруулж, үүнийг улс төржүүлэлгүйгээр тогтвортой мөрдөсний үр дүнд бодит амьдралд биеллээ олно.Мөн салбар дахь засаглалын хувьд өөрчлөлт оруулах цаг нь болсон. Станцуудын тодорхой хувийг хувьчлах замаар олон нийтийн хяналтыг тогтоосноор, үргүй зардал, улстөржилтөөс ангижрах боломжтой. Шинэ баригдах эх үүсвэрүүдийг ч хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлах нь зах зээлд өрсөлдөөнийг бий болгох давуу талтай.


Дэлхийн хөгжлийн чиг сэргээгдэх эрчим хүч рүү нэгэнт чиглэсэн нөлөөг дагаад тоноглолын үнэ ханш харьцангуй хямдарч байна. Энэ нь бидэнд сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулааны асуудлаа шийдвэрлэх боломжийг олгож байна.


-Дэлхийн дулааралтай тэмцэхэд дорвитой зүтгэл гаргахгүй бол үр дагавар нь ойрын хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ. Үүнд иргэдийн зөв хэрэглээ бас их чухал?  

-Нөхцөл байдал энэ хэвээр байвал дэлхийн дулаарал дөрвөн хэмээр нэмэгдэж, улмаар хойд мөсөн далай бүрэн хайлах, далайн түвшний ус нэмэгдэж, 650 сая хүний амьдрах орон, байр усанд автах, дулаарлаас үүдэлтэй шинэ төрлийн өвчин эмгэгүүд гарах үндэслэл болно. Иймээс улс орнууд 2030 он гэхэд дулаарлыг 1.5 хэмээс нэмэгдүүлэхгүй байхад нэгдэж ажиллаж байна.Энгийн ойлголтоор тайлбарлавал, сүүлийн жилүүдэд байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэх, цас багатай өвөл, хур багатай зун нэмэгдэж, намар үер усны аюул ихсэх зэргээр бидэнд мэдрэгдсээр л байгаа. Үүнийг анзаарч, ойлгож байгаа хүн нь тийм их биш бололтой.Тэгэхээр дэлхийн дулаарлыг сааруулахад хүн бүрийн оролцоо, хүчин чармайлт чухал юм. Эрчим хүчээ хэмнэх зөвлөмжүүдийг сайтар дагах, сэргээгдэх эрчим хүчийг бодлогоор дэмжиж, хөгжүүлж байгаа цаад учир шалтгааныг ойлгох нь зүйтэй.

Дэлхийн хөгжлийн чиг сэргээгдэх эрчим хүч рүү нэгэнт чиглэсэн нөлөөг дагаад тоноглолын үнэ ханш харьцангуй хямдарч байна. Энэ нь бидэнд сэргээгдэх эрчим хүч ашиглан цахилгаан, дулааны асуудлаа шийдвэрлэх боломжийг олгож байна. Саяхан сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан, дулаанаа бүрэн хангасан айл Багануур орчимд байгуулагдсан бичлэг цахим сувгаар явж байна. Энэ мэт шийдлүүд олон болж, иргэд өөрсдийн хэрэглээгээ, өөрсдийн эрчим хүчээр шийдэх цаг улам бүр ойртсоор байна.

-Энэ өвөл түүхий нүүрс түлсэнгүй. Мэргэжлийн хүний хувьд үр дүнг хэрхэн харж байна?

-Нүдээр харахад утаа шингэрсэн нь харагдаж л байна. Гэхдээ сайжруулсан түлш ямар хий ялгаруулж байгааг анхаарах хэрэгтэй. Нүүрсэндхүний нүдэнд үл үзэгдэх хий их байдаг. Эрүүл мэндийн нөлөөлөл хэдэн жилийн дараа ямар байхыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Нүүрсийг сайжруулсан түлшээр солиод агаарын бохирдлыг бүрэн шийдчихнэ гэвэл худлаа. Сайжруулсан түлш бол түр зуурын л арга хэмжээ. Цаашид хийн станц, газрын гүний дулаан болон бусад эх үүсвэр бүхий хэсэгчилсэн, эсвэл нэгдсэн дулаан хангамжийн шугам сүлжээг бий болгох замаар шийдвэрлэх боломжуудад анхаарах нь зүйтэй.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.