Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна

2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдрийн байдлаар Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалттай холбогдуулан 188 улсад улсын хэмжээнд цэцэрлэг, дунд сургууль болон их сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон нь нийт суралцагчдын 89,5 хувь буюу 1,543,446,152 суралцагч танхимын сургалтад хамрагдах боломжгүй болоод байна. Зарим улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг хэсэгчлэн хааснаар 173,029,603 хүүхэд, залуучууд хөл хорионд орсон. Дэлхийн хэмжээнд 1 тэрбум 716 сая хүүхэд, залуучууд танхимын сургалтад хамрагдахгүй байна гэсэн мэдээлэл гарчээ. /Эх сурвалж: ЮНЕСКО-гийн цахим хаяг/

 

ХБНГУ

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад коронавируст халдвар сүүлийн өдрүүдэд өндөр хурдтайгаар тархаж байна. Тус улсад халдварын анхны тохиолдол 2020 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр илэрснээс хойш 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 77,981-т хүрсэн ба үүнээс 931 хүн нас барсан байна.

Улсын хэмжээнд сургуулиудын үйл ажиллагааг Улаан өндөгний баярын амралт дуустал хаасан байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тухайн муж шийдвэрлэх юм байна. Тухайлбал, коронавируст халдварын тохиолдол анх бүртгэгдсэн Бавари муж 03 дугаар сарын 16-ны өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 5 долоо хоногийн хугацаагаар бүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг хаажээ.

Их, дээд сургуулийн хичээлийг түр зогсоож, 2020 оны 03 дугаар сарын дундуур эхлүүлэхээр байсан боловч танхимын сургалтыг эхлүүлэх хугацааг 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хойшлуулсан байна.

 

БНСУ

Тус улсын ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн нээлтийг үе шаттайгаар анх удаа цахимаар хийхээр болсон байна. Ахлах болон дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлтийг 2020 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр хийх бол бусад ангийн сурагчдын хичээлийн жилийн нээлтийг 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгасан байна.

11 дүгээр сард зохион байгуулагдах байсан элсэлтийн ерөнхий шалгалтын товыг хоёр долоо хоногоор хойшлуулж, 12 дугаар сарын 3-ны өдөр хийхээр товлосон байна.

Япон

2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар Япон Улсад коронавируст халдвар (COVID-19)-ын 2229 тохиолдол бүртгэгдсэн байна.

Токио хотод коронавируст халдвар (COVID-19) авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Токио хотын Боловсролын зөвлөлөөс хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулахаар төлөвлөж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна.

2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ерөнхий сайд Шинзо Абэ бүх бага, дунд, ахлах болон тусгай хэрэгцээт сургуулиудыг  03 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаахыг уриалсан. Үүний дагуу Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамнаас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 47 мужийн Боловсролын зөвлөлүүдэд сургуулиудыг 03 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хаврын амралтын төгсгөл (ихэвчлэн 4-р сарын эхээр дуусдаг) хүртэл хаах эсэх, хэр удаан хугацаагаар хаах талаар шийдвэр гаргах эрхийг олгосон байна.

 

БНХАУ

Сургуулиудыг нээж эхлээд байна

Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтыг тогтоон барьж буйтай холбогдуулан Хятадын Хөхнуурт 03 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд, Гуйжөү аймаг болон Шинжан Уйгарын Өөртөө Засах бүс нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 1,5 сая сурагчид 3 дугаар сарын 16-ны Даваа гарагаас эхлэн хичээлдээ эргэн орсон байна. Өвөр Монголын Өөртөө Засах Орны ахлах, дунд сургуулийн төгсөх ангийн сурагчид 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хичээлдээ эргэн орж байгааг ӨМӨЗО-ны Боловсролын газраас мэдэгджээ.

Хичээл эхэлсэн ч Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтаас урьдчлан сэргийлэх арга хэмжээг тууштай үргэлжлүүлэх, нэг ширээнд нэг сурагч суух, сурагч бүр 5 ширхэг амны хаалттай байх, сурагчдын ширээ хоорондын зай 1 метр байх, сурагчдын халууныг өдөрт 3 удаа хэмжих арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Цахим орчинд хичээл орж байсан хэдий ч бодит үр дүн хангалтгүй байсан гэж мэргэжилтнүүд үзсэн тул хичээлийн хоцрогдол арилгах, хичээл нөхөх сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хичээлийн хуваарийг оновчтой гарахаар болсон байна.

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус улсад 81,470 хүн өвчилсөн байна.

Сингапур           

Сурагчдын улирлын амралтыг сунгахгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хуваарийн дагуу хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлсэн. Боловсролын байгууллагуудад дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлж байна. Үүнд:

 Мөн 03 дугаар сарын эцэс гэхэд Бүгд Найрамдах Сингапур Улсын бүх сургуулиуд “SG Clean” кампанит ажиллагаанд хамрагдахаар болсон байна. Ажиллагааны зорилго нь олон нийтийн газруудыг цэвэр байлгах хүрээнд хувь хүн, хуулийн этгээдүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино. “SG Clean” сертификатыг авахын тулд гар угаалтуур болон бие засах өрөөний хэрэгслүүд хэвийн ажиллаж байх шаардлагатай ба өдөрт 2 удаа цэвэрлэж, ариутгал хийж, хортон шавьжтай тэмцэх ажиллагааг хэрэгжүүлсэн байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар нийт боловсролын байгууллагуудын 95% орчим нь дээрх шаардлагыг хангаж, “SG Clean” сертификатыг аваад байна.

2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сингапур Улсад байрлах “Singapore American School” (SAS) болон “United World College of South East Asia” (UWCSEA) зэрэг хоёр олон улсын сургуулийн сурагчдын 6 эцэг эх “COVID-19”-ын халдвар авсан нь батлагдаад байна. Одоогийн байдлаар бүгд эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байна. Дээрх халдвар авсан эцэг эхчүүд өнгөрсөн хугацаанд хүүхдүүдийнхээ сургуулиудад очоогүй хэмээн мэдэгдээд байна. Сурагч болон сургуулийн албан хаагч нараас одоогоор вирусийн халдвар илрээгүй байна.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газраас 03 дугаар сарын 24-ний өдөр гаргасан шийдвэрийн дагуу 03 дугаар сарын 26-ны өдрийн 23 цаг 59 минутаас эхлэн 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүх тусгай сургалтын төвүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Чингэснээр өөр өөр сургуулийн сурагчид сургалтын төвүүдэд цуглаж, харилцаанд орохоос сэргийлж байгаа ажээ.

2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар тус улсад 844 хүн өвчилсөн байна.


С.Жангар

Бусдад түгээх
  • gplus