2 хүн эдгэрсэн ч нэмж 2 хүн халдвартай гэж тогтоогдсон долоо хоног

Коронавирусийн халдвар авсан хоёр хүнийг эмчлэн эрүүл болгоод эмнэлгээс гаргасан мэдээ өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Хэдий хоёр хүн эдгэрээд гарсан сайхан мэдээтэй байсан ч 03 дугаар сарын  сарын 28-нд БНСУ-аас иргэдээ авахаар ирсэн тус улсын тусгай үүргийн онгоцоор Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн зорчиж ирсэний 2 нь коронавирусийн халдвартай гэж гарсан юм. Манай улсын хувьд 2 хүн эдгэрч, 2 хүн халдвартай гэж оношлогдсоноор коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж ирсэн 14 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

ЭДГЭРСЭН ХОЁР ХҮНИЙГ ЭМНЭЛГЭЭС ГАРГАЛАА


Эрүүл мэндийн яамнаас гуравдугаар сарын 30-ны өдөр шинэ төрлийн коронавирусийн талаар ээлжит мэдээлэл хийсэн. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Бидэнд эмчлэгдэж буй хүмүүсээс эхний хоёр хүнийг эмнэлгээс гаргахаар болсон, сайн мэдээ. Сүүлийн гурав хоног таван зүйлийн сорьцонд шинжилгээ хийсэн. Вирус илрээгүй. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд бүрэн арилсан. Тиймээс хоёр хүнээ эмчлэн эдгэрүүлээд, гаргах гэж байна. Гэхдээ энэ хоёр хүн 14 хоног үргэлжлэн тусгаарлагдаж өөрсдийгөө хянах ёстой. Энэ дүрмийг дагах болно" гэж мэдэгдсэн юм.
 

ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТООР НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЭХЭЛЛЭЭ


Коронавирусийн дэгдэлтийн улмаас түр хугацаагаар зогсоод байсан нүүрсний экспортыг энэ сарын 5-наас эхлүүлсэн. Төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 30-ны өдрөөс Шивээхүрэнгийн боомтоор нүүрсний экспорт эхэлсэн. Өмнө нь Замын-Үүд болон Гашуунсухайт боомтоор энэ нүүрсний экспорт явуулж эхлээд байсан юм.  

Ингэснээр Монгол Улсын гурван боомтоор нүүрс экспортолж байна.

Нүүрс экспортолж байгаа жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх бөгөөд машинаасаа буухгүйгээр цонхоороо бичиг баримтаа шалгуулахаар БНХАУ-ын талтай тохиролцжээ. 
 

ҮАБЗ БАЙГАЛИЙН ХИЙН ХООЛОЙ БАРИХ АСУУДЛААР ХУРАЛДАВ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж Оросын Холбооны улсаас Бүгд Найрамдах Хятад Ард улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагааг бодлого, зохион байгуулалтаар хангаж ажиллах зорилго бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулан Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн дэргэд байгуулахаар шийдвэрлэв.

Тус Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар орсон бөгөөд Ажлын хэсгийн үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ажлын хэсгийн даргад даалгажээ.

ТУРКИЙН ХОЁР ИРГЭНЭЭС КОРОНАВИРУС ИЛЭРЛЭЭ
 

04 дүгээр сарын 01-ны өдөр ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар хийсэн ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн гэв.
 
Тодруулбал, энэ сарын 28-нд БНСУ-аас иргэдээ авахаар ирсэн тус улсын тусгай үүргийн онгоцоор Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны ажилтны ар гэрийн гурван хүн зорчиж ирсэн байна. Халдвартай тогтоогдсон хоёр Турк иргэний хувьд ирсэн даруйд нь тусгаарлаж, шинжилгээнд хамруулахад коронавирус илэрсэн байна.

''ЧИНГИС ХААН'' МУЗЕЙН БАРИЛГЫН АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2020 он 04 дүгээр сарын 02 өдөр Улаанбаатар хот Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан” музей байгуулах тухай шийдвэрийг гаргасан. Музейн барилгын бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээ Чингэлтэй дүүргийн 4 хорооны нутаг дэвсгэрт боллоо. Монгол Улсын Ерөнхий  сайд У.Хүрэлсүх өөрийн санаачилгаар санаачилгаар хэрэгжиж буй “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолд биечлэн оролцож, үг хэлж, барилгын сууринд шүншигийг байршуулж, гүйцэтгэлийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. 

Уг ёслолд төр, нийгэм, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүд, эрдэмтэн мэргэдийн төлөөлөл оролцлоо. “Чингис хаан” музейн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, төв сууринаа оршоох шүншигт Монгол төрийн тахилгат арван хайрхан болон тахилга шүтээнт уул, нуруудын хөрс шороон эрдсийн дээж, таван өнгийн торго, таван тансаг идээ, таван тансаг идээний нэгэн болох нуур, гол, мөрөн рашаан, усны дээж, таван үрийн дээж, таван үнэртний дээж, таван эмийн дээж, есөн эрдэнэс тэргүүтнийг Монгол орны 4 зүг, найман зовхис 21 аймаг, нийслэлээс бүрдүүлэн өргөсөн байна. “Чингис хаан” музей нь Монголын анхны тулгар төр Хүннүгийн эзэнт улсын Модун Шаньюйгаас эхлэн хүн төрөлхтний түүхэнд агуу их үйлийг бүтээсэн Их Монгол улсаас ХХ зууны шинэ Монгол улс хүртэлх хаад, язгууртны бүрэн түүхийг багтаах юм.

Музейн барилга нь 20500 кв.м талбайтай, нийт 9 давхар бүхий олон улсын музейн стандартыг хангасан, судалгаа-сургалт-танин мэдэхүй соён гэгээрлийн цогцолбор болно. “Чингис хаан” музейг 2021 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.
 

С.Жангар

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.