
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: БСШУСЯ-аас шинэ коронавирусийн халдварын улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Сүүлийн үед эцэг эхчүүдээс элсэлтийн шалгалт хэрхэн яаж явагдах, төгсөх ангийн сурагчид шалгалтаа хэрхэн яаж өгөх вэ, гэх мэт маш олон асуултууд ирж байна. Үүнд хариулт өгөхөөр мэдээлэл хийж байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын тов гарсан. Одоогоор энэ хугацааг хойшлуулахгүй гэж үзэж байна. Хорио цээрийн дэглэм энэ сарын 30-нд хорио хүртэл сунгагдсан. Товлосон хугацаанд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Дэлхий дахинд коронавирусийн халдварын тархалт улам нэмэгдэж байгаа. Иймээс тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ. Хэрэв хорио сунгагдвал яг 12 дугаар ангийн сурагчдад зориулсан танхимын давтлагыг хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Өнөөдрийн байдлаар 12 дугаар анги төгсөгчдөд зориулан гарын авлага бэлтгээд байна. Энэ гарын авлагад жишиг даалгавар, ЭЕШ-ын журам, зөвлөгөө мэдээллүүд багтсан. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулан “Цахим зөвлөх” www.helper.eec.mn вэб сайт ажиллуулж эхэлсэн. Дээрх сайтаас теле хичээл, зөвлөмж, жишиг даалгавар, ЭЕШ-ын журам болон ЭЕШ-тай холбоотой бүхий л төрлийн зөвлөгөө мэдээллийг нэг дороос авч болно.
БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир: 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 820 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Үүний 590 нь төгсөх 12 дугаар ангитай. Нийт 21798 бүлэг байгаагаас 1146 нь 12 дугаар ангийн бүлэг байгаа. 649449 хүүхэд суралцаж байгаагийн 28567 нь 12 дугаар ангийн сурагч байна. Хорио цээрийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-аас хойш сунгавал 12 дугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэх ямар боломж нөхцөл байгааг судалж байна.
- 53 хувь нь нийслэл болон аймгийн төв дээр
- 42 хувь нь сумын төв дээр
- таван хувь нь баг дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Иймээс бид сумын төв болон баг дээр байгаа хүүхдүүдэд цахим хэлбэрээр мэдээлэл авах боломж байгаа вэ гэдгийг судалж байна. Иймээс бид 12 дугаар ангийнханд зориулан гарын авлага бэлдээд байна.
О.ОНОН