Хаврын чуулганы эхэнд ямар асуудлууд шийдвэрлэх вэ?
Ирэх долоо хоногийн даваа гарагт хаврын чуулган нээлтээ хийнэ. Хаврын чуулганаар  17 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтсон. Гэхдэ цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан чуулганы хуралдааны эхэнд дараах асуудлуудыг  яаралтай горимоор хэлэлцэх нь тодорхой болоод байна.
Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Дэлхий даяар тархсан цар тахлаас үүдэн нэг газар олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг ДЭМБ-аас зөвлөсөн. Энэ дагуу УИХ-ын ээлжит чуулганыг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажил эхлүүлээд байна.  Бэлтгэл ажлын хүрээнд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байна. Хуулийн төсөлд хуралдааны ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шат, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох зэрэг асуудлыг цахимаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болохоор уян хатан хуульчлах шаардлагатай гэж үзжээ. Төсөлд  халдвар авсан, хөл хорио, хязгаарлалтад орсон, эмнэлэгт хэвтсэн зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд биечлэн оролцох боломжгүй боловч хэлэлцэж байгаа асуудлын талаар саналаа бичгээр болон цахим шуудангаар албан ёсоор илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүнийг ирцэд бүртгэж, санал хураалтад оруулж тооцох боломж бүрдүүлэхээр тусгасан байна. Хуулийн төслийг баталснаар онцгой нөхцөл байдлын үед чуулганыг өөр газар хуралдуулж болох боломж бүрдэх юм.
 
ЭЗ-ийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ
 
Цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барилаа. Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацааг сунгасан. Тогтоол батлагдсантай холбогдуулан аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллагуудын болон иргэний бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байна. Төрийн байгууллагын шийдвэрээр тогтоосон хязгаарлалт нь татвар төлөгч аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын жижиг, дунд бизнес, түүнчлэн улмаар өрх, иргэдэд санхүүгийн эрсдэлийг бий болгож байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүд цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй болж байгаагаас гадна ажилтнууддаа цалингүй чөлөө олгох, цаашлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авч эхэлж байна. Иймд хувийн хэвшлийн ажил олгогч, ажилтны татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хөнгөвчлөх, ажил олгогчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх, алданги, торгуулиас чөлөөлөх зэрэг арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх замаар бизнес эрхлэгчид ажилтнаа цалинжуулах, ажлын байраа хадгалж үлдэхэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байна.
Иймд коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үеийн эрсдэлийг даван туулах зорилгоор Засгийн газраас хэрэгжүүлэх багц арга хэмжээний чиглэлийг тодорхойлсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Төсөлд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх гэсэн үндсэн 4 чиглэлд хамаарах 14 арга хэмжээг тодорхойлсон байна. Тогтоолын төсөлд төсвийн орлогын бүрдэлтэй уялдуулан мөнгөн хөрөнгийн зохицуулалтын хүрээнд төсвийн зарлагыг эрэмбэлэн санхүүжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг оновчтой удирдан зохион байгуулах, төсвийн аливаа мөнгөн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг төрийн сангийн нэгдсэн дансанд төвлөрүүлэн удирдах зэргээр төсвийн үр ашгийг сайжруулж ажиллах талаар тусгажээ.          Тогтоолын төсөл батлагдсанаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр батлагдах хуулиудын хэрэгжилт эрчимжиж, төрийн санхүүгийн мөнгөн хөрөнгийг оновчтой, үр ашигтай удирдах боломж бүрдэнэ.
 
Цагаан будаа, гурвалжин будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлнө

Коронавирусийн дэгдэлттэй холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдал өөрчлөгдсөн тул стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудай нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн байна. Түүнчлэн онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэд хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөлд хүргэж байгаа тул уг хуулийн төслийг боловсруулсан байна. 
Хуулийн төсөлд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөх зохицуулалтыг тусгажээ. 

О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2020-04-06 14:28:25
    энэ хувийн сургуулиуд ямарч хичээл ороогүй байж бүтэн төлбөр авна гээд байх юмдаа. хүн талхаа авахдаа мөнгөө өгч авдаг биздээ. талхаа өгөөгүй байж мөнгө нэхээд ...
    172.69.45.133
    Мэдэгдсэн Хариулах