.jpg)
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орондоо ирэхээр болсон тухайгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тэрбээр “Нутгийн зүг хөлгийн жолоо залахад бэлэн боллоо. УБ-аас Токиод МИАТ-ын онгоц буух сайхан мэдээ сонслоо. Эх нутагтаа очих сургаар над руу ирэх дайралт ширүүсч байна. Ийм юм надад улам эрч хүч нэмж, намайг хурцалдаг юм. Цаг болж. Би доорх маягаар хариу барихаар шийдлээ. Болгооно уу” гэжээ. Мөн тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан үг дайжээ.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хувьд маргаашийн тусгай үүргийн онгоцоор ирсний дараа журмын дагуу 21 хоног тусгаарлагдана. Харин дараа нь хуулийн байгууллагад хэд хэдэн асуудлаар шалгагдах юм.
Тодруулбал, Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь Нийслэлийн прокурорын газраас 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр яллагдагчаар татсан.
Мөн оффшор бүстэй холбоотой, Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг доройтуулсан гэх үйлдлүүдэд нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа юм. Хэрэг шалгах ажиллагааны явцад түүнийг дуудан ирүүлэх шаардлага бий болсон ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2019 оны аравдугаар сарын 7-нд Монгол Улсын хилээр гарсан байв. Үүнээс үүдэн зарим ажиллагаа хийгдэх боломжгүй болж, өнгөрсөн хоёрдугаар сарын 3-ны өдөр АТГ-аас Ц.Элбэгдоржийн байгаа газрыг тогтоолгохоор Монгол Улсын Интерполын Үндэсний төв товчоонд хандаад байсан юм. Тэгвэл ийнхүү Ерөнхийлөгч асан өөрөө эх орондоо ирэхээр болсон байна.
О.ОНОН