Гамшгийн үеийн сэтгэлзүйн бэлтгэлд суралцъя

Гамшиг тохиолдсон үед та юу хийх вэ. Ийм нөхцөл байдалтай тулгарвал эргэлзэж, тээнэгэлзэж, юу хийхээ мэдэхгүй хүмүүс олон байгаа нь лав. Учир нь гамшиг гэдэг үг Монголчуудаас хол. Ган, зудаас бусдаар аюул гамшиг дагуулсан үер, цунами, газар хөдлөлтийг мэдрээгүй ард түмэн. Гэтэл байгалийн хүчин зүйлс, хүмүүсийн хайхрамжгүйгээс болж гамшиг ослын эрсдэл улам нэмэгдэж байгааг анхаарахгүй орхиж боломгүй.

Хэлж биш хийсч ирдэг аюулын өмнө бэлтгэл бэлэн байдал л хүмүүсийг аварч, хохирол багатай даван туулсан туршлага бусад улс оронд бий.  Харин аюулаас сэрэмжлэх хамгийн том хүч бол нийтээрээ ухаалгаар хандаж, бэлэн байдлаа хангах юм. Мөн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх явдал. Энэ бүхэн хүний сэтгэлзүйгээр л удирдуулж байдаг. Тиймээс дэлхий даяар коронавирусын халдвар тархсан өнөөгийнх шиг онцгой нөхцөл байдлын үед сэтгэлзүйгээ бэлтгэж бэлэн байдалд суралцах зайлшгүй шаардлага тулгарч байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч коронавируст цар тахлаас сэргийлэх, дархлаагаа дэмжих арга зам бол  сэтгэл, санаагаа амгалан байлгах гэдгийг чухалчилж байна. 

Коронавирусын нөхцөл байдалтай холбогдуулан сэтгэлзүйчид сайн дураараа нэгдэж тусгаарлах байранд байгаа иргэдэд цахимаар зөвлөгөө өгч эхэлсэн байна. Тэд сүүлийн хоёр хоногийн хугацаанд 40 гаруй хүнд онлайнаар 15-20 минут зөвлөгөө мэдээлэл өгчээ. Тиймээс гамшгийн үед сэтгэлзүйгээ хэрхэн бэлтгэх талаар мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хүргэж байна. 

Нийгэм, сэтгэл судлалын дээд сургуулийн  захирал Ч.Базар:

СӨРӨГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ҮГЭЭР ИЛЭРХИЙЛЭЭРЭЙ

-Хүн бүр давтагдашгүй мөн чанартай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Сэтгэл хөдлөл ч өөр өөр. Сэтгэл хөдлөл бол далд ухамсараас ирж буй дохио. Мэдээж  тусгаарлалтад байгаа хүнд ихэвчлэн сөрөг сэтгэл хөдлөл илрэх магадлалтай. Тэрхүү сөрөг сэтгэл хөдлөлийг хэрхэн давж туулж, гадагшлуулах арга бол үгээр илэрхийлэх  гэдгийг сэтгэл зүйчид зөвлөдөг. Өөрөөр хэлбэл үзэг, цаас шүүрч аваад “Би ганцаардаж байна”, “Би бухимдаж байна”, “Би  шаналж байна”, “Би тэвчиж байна” гэх зэргээр өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн байдлыг үгээр илэрхийлэх нь сэтгэлийн шаналгааг багасгадаг аж. Сэтгэл хөдлөл бүр түр зуурынх.
 

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор:

ГАМШГИЙН ҮЕД СЭТГЭЛ ЗҮЙГЭЭ БЭЛДЭЭГҮЙГЭЭС ЦОЧРОЛД ОРДОГ

-Аливаа гамшгийн үед хүн бүр эрүүл мэнд, аюулгүй байдлаа хамгаалахад бэлэн байх ёстой. Гамшгийн үед сэтгэл зүйгээ бэлдээгүй тохиолдолд гэнэтийн цочролд орж,  эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох аюултай. Тай­ван, тогтвортой байдал нь стрес­сийг хялбар даван туулж, хэвийн, тайван бай­далд хурдан оруулдаг. Ер­дийн үед ч сэтгэл зүйн байд­лаа ажиглаж, анхаардаг зур­шил­тай байх нь зүйтэй. Хам­гийн чухал нь гамшгийн та­лаарх ойлголт мэдээлэл бай­даг. Тухайлбал, гамш­гийн үед юу тохиолдож бо­лох,  хэрхэн оролцох зэр­гээс гадна гамшгийн үед ажил­­лах байгууллагуудын мэ­дээл­­лийг мэдэж байх хэрэгтэй.
 

Сэтгэл судлаач У.Чулуунчимэг:

ГАМШГИЙН ҮЕД ҮҮСЭЭД БАЙГАА НӨХЦӨЛ БАЙДЛЫГ БОДИТООР ҮНЭЛЭХ ХЭРЭГТЭЙ 

-Хөл хорионд байгаа хүмүүсийн сэтгэл зүй тодорхой хэмжээгээр өөрчлөгдөн, таагүй тогтворгүй болох тал ажиглагддаг гэсэн судалгаа бий. Тусгаарлагдаж байгаа хүмүүс эрх чөлөөгүй болчихсон юм шиг санагдаж гэнэтийн цочролоос болж түгшүүртэй, хий хоосон зүйл сонсдог. Огт танихгүй хүмүүс нэг өрөөнд орох, эсвэл ганц ганцаараа тусгаарлагдахаар таагүй, тайван бус болдог. Бухимдлыг тайлах хамгийн гол алхам бол харилцаа.Таагүй мэдрэмж төрүүлж байгаа зүйлсийг дурсахгүй байх хэрэгтэй. Хүний оюун бодлоос гарч хэлж байгаа үг бүхэн “амь”-тай гэдгийг санах хэрэгтэй. Гамшгийн үед үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор үнэлэх хэрэгтэй. Үүнийг даван туулахад хувь хүний ялгаатай байдал харагдана.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга

Бусдад түгээх
  • gplus