Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнөөдрийн мэдээллийн үеэр Сэлэнгэ болон Дархан-Уул аймагт коронавирусийн сэжигтэй хоёр иргэнийг тусгаарласан талаар дуулгалаа.
Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэний хувьд Турк, Солонгос, Энэтхэг улсаар аялсан өгүүлэмжтэй, уушгины хатгалгааны шинж тэмдэгтэй байгаа аж. Түүний ойрын хавьтлын 7 хүнийг мөн тусгаарлажээ. Харин Дархан-Уул аймагт тусгаарлагдсан иргэн нь ОХУ-аас ирсэн оюутан бөгөөд уушгины хатгалгааны шинж тэмдэг илэрсэн байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-т тусгаарлагдсан 192, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 32, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 34 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Токиогийн чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 26 хүнийг ХӨСҮТ-ээс гаргалаа. Дараагийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээн авахад бэлдэж ХӨСҮТ-д 74 ор гаргасан” гэлээ.
О.ОНОН