Тусгай үүргийн онгоц “тусгай” хүмүүст зориулагдаагүй
 

Дэлхий даяар тархсан цар тахлаас үүдэн манай улс олон улсын нислэг, галт тэрэгний хөдөлгөөнийг түр зогсоосон. Дээрх шийдвэртэй холбогдуулан хэд хэдэн орноос эх орондоо ирэх хүсэлтэй хамгийн гол нь хүндэтгэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчирч, тусгаарлаад буй.

Тодруулбал, Москва, Истанбул, Сөүл, Токио зэрэг улсууд руу тусгай үүргийн онгоц нисгэж, 1000 гаруй иргэдээ татаж авчирсан. Эдгээр иргэд бол хүндэтгэх шалтгаантай буюу бага насны хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эрүүл мэндийн асуудалтай хүмүүс гэдгийг УОК онцлон зарласан. 

Гэтэл тусгаарлалтад байгаа иргэд тусгай үйлчилгээ хүсэж, төрийн албан хаагчдад хүндрэл учруулах болсон юм. Энэ тухай өчигдөр Эрүүл мэндийн яамнаас “Тусгаарлагдсан иргэд өрөөгөө, хоолоо голж байна. Эмчийн өөдөөс вареньтай талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо хэрэлдэж, зодолдож байна” хэмээсэн олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Үүнээс үүдэн яг хүндэтгэх шалтгаантай хүмүүс энэ онгоцоор ирсэн эсэх нь эргэлзээ төрүүлж байгааг цахим орчинд бичиж байна. Хэн нэгэн хөрөнгөтнүүдийн эхнэр хүүхдүүд ирж, эрх ямба хүсээд байна уу гэх хардлага ч цахим сүлжээнд тархаж байна. 

Үнэндээ ч тусгай үүргийн онгоц зарим нэг тусгай хүмүүст үйлчилсэн тодорхой болсон. Тухайлбал, УОК-ын дарга Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо нь өнгөрсөн гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирж тусгаарлагджээ. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Л.Болд, УИХ-ын гишүүн А.Ундраа гэх хүмүүс тусгай үүргийн онгоцонд багтсан байдаг. Энэ бол олон нийтэд ил бол нэрс.

 Харин хоол, өрөөгөө голж тусгай үйлчилгээ нэхэх “тусгай” хүмүүс хэн бэ? гэх асуулт анхаарал татаж байна. ЭМЯ-аас дээрх дур зоргоороо авирлагчдыг нэрсийг зарлаагүй. Хувь хүний нууц хийгээд нэр хүндийг хамгаалж байгаа хэрэг л дээ. Уг нь зарим улсуудад тусгаарлагдсан иргэдийн нэрсийг зарлаж, иргэдэд тэдгээр иргэдээс зай барьж, өөрсдийгөө цар тахлаас хамгаалах боломжийг олгож байна. Харин манайх тэдний эрхийг хамгаалж нэрсийг нь нууцлав. Гэтэл тэд төр засагтаа гоморхож, төрийн үйлчилгээг голж байна. Үнэндээ цар тахал эрчимтэй тархаж буй бусад орнуудад бол таван одтой зочид буудлын ор байтугай эмнэлгийн булан тохой ч олдохгүй байна. Гэтэл тусгаарлагдсан иргэд ноён зан гаргаж “мөнгөө төлсөн үйлчилгээгээ авна” гэж томорч байх. Харин таныг болоод та бүхнийг эх орондоо авчрах гэж хичнээн хүмүүсийн хөлс хүч урсаж, хэдий хэмжээний хөрөнгө гаргасан вэ гэдгийг төлсөн мөнгөтэйгээ харьцуулж үзээрэй. 

Эцэст нь тусгай үүргийн онгоц “тусгай” хүмүүст бус хүндэтгэх шалтгаантай хүмүүст зориулагдсан гэдгийг санаарай.  

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus