Я.Буянжаргал: Тусгаарлагдсан хүмүүс эмчийн өөдөөс вариантай талх шидэж, хоорондоо хэрэлдэж, зодолдож байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тусгаарлах байранд 2310 иргэн тусгаарлагдаад ажиглалтад байна. Эдгэрсэн хоёр иргэнийг тусгаарлалтын байранд шилжүүлэн үргэлжлүүлэн ажиглалтад авсан. Өнөөдрийн хурал дээр нэг зүйлийг зайлшгүй хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Тусгаарлагдах байранд 43 жирэмсэн эмэгтэй, 56 тав хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй байна. Үүний цаана артерийн даралт ихсэх зовиуртай 111 хүн, чихрийн шижинтэй 33 хүн, гэмтэл авсан 7 хүн байна. Энэ бүгдэд тусгаарлах байранд ажиллаж байгаа эмч нар тусламж үзүүлж байгаа.  Тусгаарлагдсан иргэдээс гомдол, санал хүсэлт ирж байна. Эдгээрийн агуулга нь өрөө жижиг байна, өрөөнд дасгал хиймээр байна, хоол амтгүй, нохойны хоол өгч байна, ХӨСҮТ-д хэвтэхгүй эх нялхаст хэвтмээр байна, “Өргөө” амаржих газарт хэвтмээр байна гэх мэт.  Эмчийн өөдөөс вариантай талх шидэж, мөөгтэй хоол идэхгүй гэж уйлж, хоорондоо хэрэлдэж, зодолдож байна. Коронавирус бол цар тахал гэдгийг зарлаад байна. Өнөөдөр тусгай үүргийн онгоцоор иргэдээ татан авч байгаа улс цөөхөн, таван одтой зочид буудалд иргэдээ тусгаарлаж байгаа улс байхгүй, Монгол Улс үүнийг хийж байна. Эмчээрээ хоол зөөлгөж байгаа иргэн ч Монгол Улсаас өөр байхгүй. Эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа эмч нар бол дэлхийд урилгаар очдог, ДЭМБ-ын зөвлөхөөр ажилладаг, энхийг сахиулах үйлсэд Монгол Улсынхаа армийг ахлаад явж байсан эмч нар та бүхэнд үйлчилж байна. Тиймээс иргэд авираа татах хэрэгтэй байна. Хэн нэгэн хүнийг уйлахаар тусгаарлах байрны хугацааг богиносгоно гэж байхгүй. Таны гэр бүл, хайртай хүмүүсийг Монгол Улсын иргэдээ хамгаалж байгаа ажил. Дараагийн тусгай үүргийн онгоцонд суух гэж байгаа иргэд үүнийг бодолцож, шийдвэр гаргах хэрэгтэй. 
 
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Энэ сарын 30-нд тусгаарлагдсан долоон хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-ээс тандалтын шугамаар буюу уушгины хатгаагаар өвдсөн сорьц цуглуулж шинжилж байгаа. Энэ дагуу хийгдсэн шинжилгээнээс коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 218 хүн хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж байгаа. Мөн халдвар авсан Монгол болон Франц иргэнд захидал илгээж байгаа олон байна. Тэд төр засгаас явуулж байгаа арга хэмжээнд болон Монголын эмч нарт талархлаа илэрхийлж захидал ирүүлж байна.



О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus