''Дэглий цагаан'', ''Кызыл''-ыг холбосон шинэ агаарын хаалга нээлээ

Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудал болон ОХУ-ын БНТува Улсын “Кызыл” нисэх буудлыг холбосон шинэ агаарын замыг 03 дугаар сарын 26-ны өдөр нээлээ.


ИНЕГ-аас Олон улсын иргэний нисэхийн байгууллагын тавьж буй стандарт шаардлага, зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай хамтран агаарын зайн зохион байгуулалтыг шинэчлэх, мөн агаарын тээвэрлэгч нарын хүсэлтийг судлан, Монгол Улсын агаарын зайд иргэний нисэхийн зориулалтаар ашиглах агаарын зай, агаарын хаалга болон агаарын замуудад өөрчлөлт оруулах, шинээр тогтоох ажлуудыг тухай бүр нь шуурхай шийдвэрлэж байгаа.
Өнгөрсөн оны 10 дугаар сард ОХУ-ын Тээврийн яамны Агаарын тээврийн холбооны агентлагаас тус улсын Засгийн газрын шийдвэрээр Бүгд Найрамдах Тува Улсын нийслэл Кызыл хотын “Кызыл” нисэх буудлыг олон улсын статустай болгосон ба тус нисэх буудлыг Монгол Улсын Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудалтай холбосон шулуун агаарын зам нээх, улсын хил дээр шинэ агаарын хаалга тогтоох хүсэлтийг ИНЕГ-т ирүүлсэн юм.

Монгол Улсын агаарын зайд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийсэн судалгаа, тайлан болон аюулгүй ажиллагааны эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэхүү агаарын хаалга болон агаарын замыг шинээр тогтоож, Монгол Улсын Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалаар баталжээ.

Шинэ агаарын хаалгыг “RIPEK” хэмээн нэрлэж, “Дэглий цагаан”, “Кызыл” нисэх буудал хооронд шууд нислэг үйлдэх томилгоог агаарын тээвэрлэгч “Хүннү Эйр” ХХК авчээ.

“Дэглий цагаан”, Кызыл” нисэх буудлын хооронд шинэ агаарын хаалгаар шууд нислэг үйлдсэнээр нислэгийн хугацаа багасч, шатахуун хэмнэн зорчигчдод хямд үнэтэй агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэхийн зэрэгцээ хоёр орны хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдаа, соёлын солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.